Балба улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган хүн амиа алдсанд дэлхий нийт эмгэнэж байгаа. Гамшгийн асуудал болоод Монгол, Балбын харилцааны талаар Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд асан доктор судлаач О.Нямдаваатай ярилцлаа.
-Балба улсад нүүрлэсэн гамшгийн нөхцөл байдалд та анхаарлаа хандуулав уу?
-Гамшгийн байдалд байгаа Балба улсын Засгийн газраас гурав хоногийн эмгэнэл зарласан байна. Дөрөвдүгээр сарын 25-ны11.56 цагт 6-8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ газар хөдлөлт нь хил залгаа бүс нутгуудыг хамарч, БНХАУ-ын Өөртөө засах орнуудын заримд нь чичирхийлэл нь мэдрэгдсэн.Энэхүү гамшгийн ослын улмаас одоогийн байдлаар 5057 хүн амиа алдаж, 10915 хүн нурангид дарагдаад байгаа мэдээлэл байна. Мөн жуулчлалаар явж байсан гадаадын 34 иргэн хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Азаар манай улсын гурван иргэн газар хөдлөлтөд нэрвэгдээгүй. Тэднийг эсэн мэнд байгаа тухай мэдээлэл Балба дахь Өргөмжит консулын газраар дамжин ГХЯ-нд ирсэн байгаа. Ер нь одоо аялал жуулчлалын идэвхтэй үе биш. Тийм олон жуулчин очоогүй байсан байх. Гэхдээ газар хөдлөлтөөс эсэн мэнд гарсан жуулчдыг Хятад, Энэтхэгийн тусгай онгоцоор аюулгүй газарт хүргэж байгаа мэдээлэл бий.
-Ер нь Балба газар хөдлөлтийн идэвхтэй бүс үү?
-Олон хүний амийг авсан ийм хүчтэй газар хөдлөлт сүүлийн 80 жилд давтагдаагүй юм. 1935 онд тус улсад хүчтэй газар хөдлөлт болж байв. Үүний чичирхийлэлт нь тухайн үедХималайн ууланд нөлөөлсөн юм. Ингээд цасны нурангиас болж ууланд авирч байсан олон хүн амиа алдсан харамсалтай явдал болж байсан. Саяын газар хөдлөлтөд Балбын нийт 50 бүснутгийн 29 нь нэрвэгдээд байгаа. Цаашид дахиж газар хөдөлж болзошгүй гэсэн түгшүүр бий бөгөөд онц байдал зарласан.
-Урьдчилсан байдлаар хохирлын хэмжээг тогтоосон уу?
-Нийслэл Катманду болон томоохон бусад хотод эртний түүх дурсгалын сүм хийдүүд нурсан байна. Балбын үндэсний орлогыг бий болгодог гол зүйл бол аялал жуулчлал. Мөн Эверест ууланд авирах үйл ажиллагаа юм. Гэтэл жуулчдын сонирхдог олон сайхан түүхэн зүйл нь устсан байна. Түүний дотор монголчуудын очиж мөргөдөг Соёмбо сүм, Жаран хасарын суварга, 1800-гаад онд Балбын эзэн хааны бариулсан одоо ЮНЕСКО-гийн бүртгэлд байдаг Манакамана сүм нуржээ. Мөн Газар дэлхийг Бурхантай холбодог гэдэг Кумари сүм нурсан байна. Түүний зэрэгцээ хожим барьсан чанаргүй орон сууцууд олноороо газрын хөрстэй тэгшилсэн байгаа юм. Тухайлбал, Лапрак, Барпакднийт барилга байшингийн 90 хувь нь нурсан байна.
-Жаран хасарын суваргыг манай жинчдийн нутгаа зорихдоо хөдөлдөг байсан газар гэх юм билээ. Чухам тэр суварга нь мөн үү?
-Тийм ээ. Манай жинчид Катмандуд хоноглоод тэндээс гарахдаа Бурхан багшийн суварга болох Жаран хасарын тэндээс хөдөлдөг байсан гэдэг домог үлдсэн. Одоо ч манай монголчууд тус улсад очихдоо энэ суваргад сүсэглэн мөргөдөг байсан. Харамсалтай нь тэр суварга газар хөдлөлтөд өртсөн байна.
-Балбад гадаадын тусламж дэмжлэг хэр зэрэг хүрч байна вэ?
-Газар хөдлөлт болдог өдөр Энэтхэгийн армийн нисэх хүчний онгоцууд тусламжийн бараа хүргэсэн. Тус улс гамшиг болсон өдөр тусламж нийлүүлж мэргэжилтнээ илгээсэн нь шуурхай үйл ажиллагаа явуулсан эхний орон юм. Балбад тохиолдсон гамшигт тусламжийн гараа сунгасан орнуудыг сонирхуулахад,Англи таван сая фунтстерлинг, АНУ 10 сая,БНХАУ 9.9 сая, Бутан нэг сая, Канад зургаан сая,Австрали таван сая, Нидерланд дөрвөн сая ам.долларын хандив өгөөд байна. Дэлхийн улс орнуудын тусламжийн цуваа тус улсыг зорьж байгаагаас Балбын нисэх онгоцны буудал ачаалалтай байгаа юм. Нэг ёсондоо гадаадын тусламж дэмжлэг өөрийн онгоцоор ирж байгаа.Түүнчлэн аврах ангийн мэргэжилтэн, эмч нарыг олноор илгээж байна. Энэхүү тусламжийн үйл ажиллагаанд оролцож байгаа олон улсын аврах багийнханд ч туршлага болж байгаа. Манай эмч нар болоод онцгойгийнхон энэхүү гамшгийн үйлсэд гар бие оролцоосой гэж хүсч байна. Хүмүүнлэгийн үйлсэд оролцохын сацуу Америк, Хятад зэрэг дэлхийн томоохон гүрнүүдийн аврагчид нурангиас хэрхэн хүн гаргаж байгаа ажиллагаанд суралцах ач холбогдолтой. Энэ утгаараа манайханд том туршлага болно.
-Балба бол ядуу буурай орны тоонд ордог. Тэгэхээр газар хөдлөлтийн улмаас учирсан бэрхшээлийг хэрхэн даван туулах вэ?
-Олон улсын дэмжлэг тусламжаар энэхүү хүнд байдлыг даван туулахгүй бол тэдний өөрийн эдийн засаг нь чадамжгүй. Балба бол нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 1991ам.доллар. Газар тариалан мал аж ахуй эрхлэн амьдардаг улс. Нийслэл хот нь 2.5 сая хүн амтай.Валютын эх үүсвэр нь аялал жуулчлал, уулын спорт, олон улсын сайн дурын цэргийн алба хаах зэрэг байдаг. Газар хөдлөлтөөс болж нурсан барилга байшин, түүх дурсгалын зүйлээ сэргээн засварлахад тодорхой хугацаа шаардлагатай. Тэгэхээр ойрын хугацаанд жуулчдыг хүлээн авч чадахгүй гэсэн үг. Монголчууд бид ч чадах хэмжээгээрээ тус улсад туслах ёстой. Улаанзагалмайн нийгэмлэгээс бага зэрэг тусламж хүргүүлж байгаа бололтой. Гэхдээ Монгол Улсын Засгийн газраас тусламжийн гараа сунгах хэрэгтэйг уриалмаар байна.
-Ингэхэд Балба Монголын харилцаа хэдийнээс эхлэлтэй вэ. Одоо ямар түвшинд байна?
-Бурхан багшийн мэндэлж мэлмий нээсэн нутаг бол Балбын Люмбини гэдэг газар. Балбын 30 сая хүний 12 сая нь өөрсийгөө монголчууд гэдэг. Тэд 10-5 мянган жилийн өмнө Монголоос нүүдэллэн гарч тэнд суурьшсан хүмүүс. Тухайн үед Монголын жинчид Балбын Балба мужаас ган эдлэл худалдан авдаг байсан түүхтэй. Тэднээс хүмүүс “Хаана хүрээд ирэв” гэж асуухад “Балба ороод ирлээ” уг мужийнх нь нэрээр нэрлэдэг байж. Ингээд одоогийн Непал орныг бид Балба гээд дууддаг болсон юм. Тухайн үед монгол жинчид “Балбын дархчуудын балбаж балбаж, бас дахин давтаж хийсэн зүйлүүдийг авчирлаа” гэдэг байсан. Энэ нь хутга, сэлэм зэрэг байсан л даа. Балбад Монгол гаралтай хүмүүс байдаг гэдэг утгаар бидний хувьд маш ойр дотно. Түүнчлэн тус улс нь газар зүйн байршлын хувьд бидэнтэй ижил. Энэтхэг, Хятад гэсэн хоёр том хөрштэй, далайд гарцгүй орон. Иймд Монгол, Балба бие биеэсээ туршлага хуваалцах чиглэлээр 2001 онд хоёр улсын Төрийн тэргүүн нар харилцан айлчилж байсан түүхтэй. Тэр үед Балбын Ван, Ерөнхий сайд нар ньманайд ирсэн бол Ерөнхийлөгч Н.Багабанди Балбад айлчилж байсан. Түүгээр барахгүй Балбын Ван өөрийн улс орныхоо нутаг дэвсгэрт Монгол сүм байгуулах газрыг Люмбинид өгч байсан юм. Эндээс Энэтхэгийн хил 1-2 цагийн зайтай байдаг л даа.
Монгол Балба улс хэдийгээр хэлхээ холбоогоо сайжруулъя гэж байгаа ч эдийн засгийн хувьд санхүүгийн асуудал тулгардаг. Балба бол манай улстай бүхий л талаар харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх туйлын их сонирхолтой ард түмэн. Хамгийн гол саад нь манай хоёр улс адилхан ядуу буурай орон бөгөөд газар зүйн байршлын хувьд зайтай. Онцгоор ирж, очлоо гэхэд заавал өөр улс орноор дамжина.
-Балбад жил бүр “Мисс Монгол” гэдэг тэмцээн зохион байгуулдаг гэж сонсч байлаа. Энэ жилийн тэмцээн хэдийгээр болохоор төлөвлөгдөөд байсан бэ?
-Тэд Монголын дуу хоолой нэртэй сэтгүүлтэй, Монголын зүрх сэтгэл гэдэг хөгжмийн хамтлагтай. Мөн “Мисс Монгол” тэмцээнээ жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд уг тэмцээн ирэх тавдугаар сарын 9-нд болохоор төлөвлөгдөж байсан юм. Ер нь дэлхийгээр тархсан монгол гаралтай ямар ч улс, үндэстэн ийм элгэмсүү байдаггүйг бид бүхэн мэднэ. Тиймээс монголчууд боломжийнхоо хэрээр гамшигт нэрвэгдсэн тус улсад хандив тусламж хүргээсэй гэж уриалмаар байна. Тэдний дотор монгол гаралтай олон сая хүн байгаа гэдгийг санах хэрэгтэй.
М.МӨНХЦЭЦЭГ
БАЛБАД ТУСАЛЪЯ: Балбад газар шилгээж, үлэмж хэмжээний хохирол учраад байна. Нурангид дарагдан амиа алдсан хүмүүсийн тоо 6000 хүрчээ. Байгалийн гамшиг тохиолдсон энэ хүнд үед нь халуун сэтгэлийн алгаа дэлгэж, тусалцгаая хэмээн Элчин сайд асан О.Нямдаваагийн уриалсан ярилцлагыг сая та бүхэн уншлаа. “Өдрийн сонин” өнөөдрийн дугаартаа “Цөөхүүлээ, зожиг Монголын хүчирхэгжих нууц нь өгөөмөр сэтгэл” хэмээх нийтлэлдээ ч энэ тухай онцолсон билээ.
Дэлхийн томоохон хэвлэлүүд Балба оронд тохиолдсон газар хөдлөлтийн тухай мэдээллийг өдөр бүр онцолж, нөхцөл байдлыг газар дээрээс нь хүргэж байна. Доор CNN агентлагийн бэлтгэсэн бичлэгүүдийг бусад зургийн хамт нийтлэв.
http://edition.cnn.com/videos/world/2015/04/29/pkg…
http://edition.cnn.com/videos/world/2015/04/29/pkg…