Аж үйлдвэрийн яамнаас санаачлан “Замын-Үүд чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын чуулган-2015” арга хэмжээг өчигдөр зохион байгуулжээ. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд болсон тус чуулга уулзалтад урд хөршөөс 20 гаруй бизнес эрхлэгч, Монголын талаас мөн 20 гаруй бизнес эрхлэгч оролцсон байна. Тэд “Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулахад татварын орчин ямар байгаа, УИХ-аас баталсан Чөлөөт бүсийн тухай хуулиар ямар давуу талууд бий болсон, Монгол Улсын Засгийн газар чөлөөт бүсэд ямар бодлого барьж байна вэ гэдэг цогц мэдээллийг авсан аж. Мөн бизнес эрхлэгчид Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулахаар зэхэж байгаа төслүүдээ танилцуулсан байна. Төслүүдэд тээвэр ложистик, худалдааны цогцолбор төв, гурил, тэжээлийн үйлдвэрлэл зэрэг хүнс хөдөө аж ахуйн салбарт хамаарах төслүүд илүү байсан гэнэ.
Монгол Улсын Засгийн газраас Замын-Үүд чөлөөт бүсийг байгуулах ажлыг 10 гаруй жилийн тэртээгээс эхлүүлж, 900 га талбайг хамруулахаар болсон юм. Ингэхдээ дэд бүтцийг барьж байгуулахад улсын төсвөөс 6.4 тэрбум, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр 58.8 сая ам.долларыг тус бүр зарцуулжээ. Үүний хүчинд дулааны станц, цахилгаан дамжуулах сүлжээ, ус цэвэршүүлэх үйлдвэр, бохирын цэвэрлэх байгууламж баригдаж, ирэх долдугаар сарын сүүлээр ашиглалтад орохоор бэлтгэгдэж байгаа аж.
Энэ уулзалтад УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуяг, Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх, Барилга хот байгуулалтын яам, БНХАУ-ын Хөрөнгө оруулагчдыг төлөөлж, ӨМӨЗО-ны Худалдааны танхимын орлогч дарга Гуо ган тэргүүтэй бизнес эрхлэгчид албаны хүмүүс оролцжээ.