Categories
мэдээ улс-төр

Ажлын талбайд, гадна талбайд хүн гэмтсэн бол ажил олгогч нөхөн төлбөр төлж магадгүй

Улсын Их Хурлынүдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдсэн юм.

Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль нь 2008 онд батлагдаж энэ чиглэлээр бодлого, удирдлагын тогтолцоо бий болж, үйл ажиллагааг зохион байгуулах арга хэлбэр төлөвшиж ахиц өөрчлөлт гарч байгаа ч хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хэм хэмжээг олон улсын түвшинд ойртуулах, салбарын яамд, орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын оролцоог нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны гүйцэтгэх чиг үүргийг хуульчлах, ажил олгогч ажилтны хариуцлагыг өндөржүүлэх, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох шаардлага тавигдсаар байна гэдгийг онцлов.

Судалгаанаас үзэхэд өнгөрсөн онд үйлдвэрлэлийн осол 333 бүртгэгдсэн нь өмнөх оноос 18 хувиар буурсан боловч ослын улмаас нас барсан хүний тоо нэмэгджээ. Ослын шалтгааны ихэнх хувийг уналт нуралт, аюулгүй ажиллах арга, барилд хангалтгүй суралцсан, тээврийн хэрэгслийн болон тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлээс шалтгаалсан зөрчил зонхилдог байна. Улсын хэмжээнд мэргэжлээс шалтгаалсан өвчтэй 4505 хүн байгаагийн 75.7 хувь нь эрэгтэй, 24.3 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд эдгээрийн 83.4 хувь нь хүнд үйлдвэр, геологи, уул уурхайн салбарт хамаардаг аж. Түүнчлэн үйлдвэрлэлийн гадна орчин буюу зам, талбайд иргэд осол эндэгдэлд өртөж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал сүүлийн жилүүдэд цөөнгүй гарах болжээ.

Иймээс Улсын Их Хурлын 2013 оны 20 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үүргийг Засгийн газарт өгсний дагуу дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан уг хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад салбарын яамд, бүх шатны өөрийн удирдлагын байгууллага, Засаг даргын үүрэг, оролцоог идэвхжүүлэх, түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагад ажлын байрны эрсдлийн түвшин, ажилтны тооноос хамааруулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан, зөвлөлийг орон тооны болон орон тооны бусаар ажиллуулахаар тусгажээ. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь ерөнхий захиалагч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компаниудын дунд орхигддог, тодорхой төсөв зардал тусгадаггүй байдлыг өөрчилж, энэ асуудлыг тусгайлсан гэрээгээр зохицуулах нь зүйтэй гэж үзжээ. Түүнчлэн “үйлдвэрлэлийн орчин”, “үйлдвэрлэлийн осол”, “эрсдлийн түвшин их ажлын байр” гэсэн нэр томьёонуудыг төсөлд шинээр оруулж, ажлын талбай болон гадна орчинд хүн гэмтэж бэртсэн, амь насаа алдсан тохиолдолд тухайн ажил олгогч нь хохирлыг нөхөн төлөх, эрсдлийн түвшин ихтэй ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг ажиллаж байгаа хугацаанд нь ажил олгогчийн зардлаар амь нас, эрүүл мэндийн даатгалд даатгуулахаар зохицуулсан байна.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо энэ сарын 21-ний өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тухай тус байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Д.Хаянхярваа, С.Эрдэнэ нар хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх, шийтгэлийн хэмжээг ялгаатай тогтоох, хариуцлагын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй холбож хэрэглэх нь хэр оновчтой байгааг анхаарах, барилга болон үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл ахуйн наад захын шаардлагыг хангах зэрэг саналууд гаргасан байна.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү, Л.Энх-Амгалан, Ё.Отгонбаяр, Ц.Оюунбаатар, Д.Ганбат, Б.Гарамгайбаатар, Г.Баярсайхан, Д.Ганбат, Н.Энхболд, М.Батчимэг, С.Ганбаатар, Я.Содбаатар, Д.Арвин нар Хөдөлмөрийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан юм. Хөдөлмөрийн сайд С.Чинзориг гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг шинээр болон шинэчлэн боловсруулах асуудлыг хариуцах байгууллагыг тодорхой болгох, хууль зөрчигчдөд хүлээлгэх торгуулийн хариуцлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлэх зохицуулалтыг төсөлд тусгаж өгсөн.Үйлдвэрлэлийн ослын улмаас амь насаа алдсан иргэний ар гэрт нэмэлт төлбөр олгодог байх, аж ахуйн нэгжүүдэд учрах эрсдлийг багасгах асуудлыг тусгасан. Гэхдээ бүх асуудлыг хуулиар зохицуулах боломжгүй учраас эрх зүйн бусад актыг боловсронгуй болгох шаардлага гарна.

Энэ хууль батлагдснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бүтэц, зохион байгуулалт, хариуцсан ажилтны чиг үүрэг тодорхой болж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх бодлого, чиглэл ажлын уялдаа холбоо сайжирна.Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх арга хэмжээний хөрөнгө, санхүүгийн асуудал шийдвэрлэгдэх нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг зориулалтаар зарцуулах, үйлдвэрлэлийн ослоор бэртсэн, гэмтсэн, амь нас нь хохирсон иргэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж зөрчсөн байгууллага, албан тушаалтан, ажилтанд ногдуулах хариуцлагын тогтолцоо оновчтой болох юм гэдгийг хэллээ.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, Н.Энхболд, Л.Энх-Амгалан, С.Ганбаатар нар үг хэлж уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Үүгээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цагаас эхэлж, уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаарх Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулах юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *