Нийгэм, цаг үедээ бүтээлч манлайллыг бий болгож яваа залуу бүсгүйчүүдийн “Бриллиант” клубээс “МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ЁС СУРТАХУУНААР МАНЛАЙЛНА” үндэсний хэмжээний 10 000 эмэгтэйн чуулганыг Монголд анх удаа цувралаар зохион байгуулж байгаа билээ.
Яг сарын өмнө тэд “1000 ОХИДЫН ЧУУЛГАН” Монгол орон даяар нийт4000 орчим өсвөр насны охидыг цуглуулж чуулсан билээ. Тэгвэл тун удахгүй 2015 оны 4 дугаар сарын 20-ны өдөр 15:00 цагаас Улаанбаатар хотноо Тусгаар Тогтнолын Ордонд “1000 ОЮУТАН ОХИДЫН ЧУУЛГАН”, Монгол улсын 21 аймагт “100 ОЮУТАН ОХИДЫН ЧУУЛГАН”-аар нэг цаг, нэгэн сэдэв, нэгэн зорилго дор чуулах юм.
Энэ удаагийн чуулганд “Хамтдаа гүйцгээе” спортын аяныг санаачлагч, олон нийтийн манлайлагч, багш О.Саранчулуун “Өөрийгөө ялах нь амжилтын эхлэл”сэдвээр, мөн “Би өөрөө Эх орон” сэдвээр ШУТИС-ийн Удирдлага, Хүмүүнлэгийн Ухааны сургуулийн багш, улс төр судлалын ухааны доктор Монголын эмэгтэй эрдэмтдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Я.Төгөлдөр нар илтгэл уншиж, хэлэлцүүлэг хийнэ.
Түүнчлэн “ЭМЭГТЭЙЧҮҮД ЁС СУРТАХУУНААР МАНЛАЙЛНА” Үндэсний чуулганы гол зорилго нь эмэгтэй хүн бол цэвэр ариун, халамж төгс, оюунлаг мэргэн, ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүйн хамгийн гол илэрхийлэл бөгөөд энэ бүхнийг гэр бүл, хамт олон, нийгэмд түгээн дэлгэрүүлэх нь Монгол эмэгтэйчүүдийн улс орондоо оруулж буй маш том хувь нэмэр, хамгийн чухал үүрэг юм гэдгийг таниулан, ухамсарлуулахад оршино.