Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболд Унгарын ерөнхийлөгч Янош Адерт бараалхав

УИХ-ын дарга З.Энхболд Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адерт бараалхав.

Уулзалтын эхэнд ноён Янош Адер “Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд тантай уулзаж байгаадаа баяртай байна. Дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаарх олон асуудлыг ярилцлаа. Унгарын тал ЭСЯ-аа сэргээн нээхээр болсон нь хоёр улсын харилцаанд тодорхой хувь нэмэр оруулах юм. Монгол Улсаас Унгар улсад суралцах оюутны тоог цаашид нэмэгдүүлэх бололцоотой, тэр дундаа батлан хамгаалах, хөдөө аж ахуй, инженер техник, технологийн чиглэлээр түлхүү суралцуулах сонирхолтой байна. Хоёр орны Засгийн газрын хэлэлцээрээр Унгар Улсад суралцах оюутнууд хоёр орны харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна. Манай хоёр улс эрчим хүч, техник технологи гээд олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрэн бий” гэв. Мөн тэрээр, Унгар Улсаас Монгол Улсад хийж буй айлчлалууд тогтмолжиж байгааг дурдаад, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто Монгол Улсад 5 дугаар сард айлчлал хийх болсон нь үүний илрэл болохыг тэмдэглэн хэлэв. Түүнчлэн дөнгөж сая хийсэн албан ёсны хэлэлцээний дагуу олон ажил хийгдэх бөгөөд үүнийг Монгол Улсын Их Хурал дэмжин ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адертай уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол, Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хийж буй энэ айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад ихээхэн ач холбогдолтойг тэмдэглэн хэллээ. Мөн хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд Унгарын тал ЭСЯ-аа албан ёсоор сэргээн нээхээр болсонд баяртай байна гэлээ.

Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн намрын хурлыг 2015 оны 9 дүгээр сарын 15-19-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буйг дурдаж, Унгарын талаас өндөр хэмжээний төлөөлөгчдөө оролцуулна гэдэгт итгэлтэй байна гэлээ. Түүнчлэн Хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд Унгар Улсын Парламент дахь Унгар, Монголын Парламентын бүлгийн дарга Ласло Хорват тэргүүтэй төлөөлөгчдийг энэ оны 06 дугаар сарын 2 дугаар хагаст хүлээн авахад бэлэн буйг мэдэгдсэн юм.

УИХ-ын дарга Унгарын тал Монгол Улс, Европын Холбооны хооронд 2013 онд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон баталсанд талархал илэрхийлээд, хоёр орны худалдааны нийт эргэлтийг нэмэгдүүлэх, хоёр урсгалтай болгоход анхаарч, Унгар Улсын хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлсэн юм.

Уулзалтын төсгөлд УИХ-ын дарга З.Энхболд Унгар Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол оронд тавтай зочлохыг хүслээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *