Энэ өдрүүдэд АН үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн баярын өдрүүд болж байна. Тэртээх он жилүүдэд Эрдэнэт хотноо Ардчилсан холбоог анх үүсгэн байгуулж, удирдаж явсан нэгэн эрхэмтэй цаг үеийн сэдвээр яриа өрнүүллээ.
–Танд Ардчилсан нам байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэнд хүргэе. Та бол ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг. Өнөөдөр Монголд дээрээ бутрал, задрал л явагдаж байна. Нэг бодлого, нэг мөрийн хөтөлбөртэй нам хүртэл фракциуд гээд хэдэн тийшээ харлаа. Юун нөгөө үндэсний эрх ашиг, эв нэгдэл. Үүнийг та хэрхэн харж байна.
-Та зөв хэллээ. Юун Үндэсний эрх ашиг? Хуульгүй хяналтгүй, хулгай хийх боломж бий болсон учраас намаар дамжиж төрд гарагсдад хувааж идэх ашиг сонирхол л байгаа болохоос үндэсний эрх ашиг, үзэл баримтлал байхгүй болсон. Өнөөдөр эргээд коммунизм, социализм байгуулах боломжгүй. Хаант засагтай болох боломжгүй. Ардчиллын замаар зөв хөгжсөн Ази, Европын олон жишээ бий. Хуулиас гадуур дураараа авирлах асуудал гаарснаас Ардчилсан хувьсгалын ололтыг авлигачдад завших боломж гаргасан нь бидний алдаа. Төр ариун байх аваас, ард амгалан оршино, талцдаггүй, нэгдмэл, хүчирхэг монголчуудын төлөө гэж би 1990 оноос хойш зүтгэж ирсэн.
–Энэ бүх үйл явц хэзээ дуусах юм бол оо, эсвэлдуусахгүй юм уу?
-Морь унасан ёроолгүй ходоодтой, толгойгүй төртэй л болчихлоо. Хулгайч, луйварчдад хууль үйлчилдэг болсон цагт, хэвлэл мэдээлэл луйвраар хөлжигсдөөс хараат бус болсон тохиолдолд, төрийг тонон дээрэмдсэн улс төрчид, тэдгээрийн хамаатан саднуудад толгой дараалан хууль хэрэгжсэн тохиолдолд энэ бүхэн дуусгавар болно. Товчхондоо хууль, прокурор шүүх, тагнуул, АТГ-ын ажилтнууд, улс төрийн намаар халхавчилсан гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх амаргүй бөгөөд түүхэн хариуцлагын өмнө тулгарч ирээд байна.
–Та бүгдийг Ардчиллын төлөө тэмцэж байх тэр үед чөлөөт хэвлэл мэдээлэлтэй байх нь гол зорилго байсан байх.
-Ардчиллын гол зарчим нь ил тод байдал, хуулийн өмнө тэгш байх зарчим, олон нийтийн дуу хоолой болсон чөлөөт хэвлэлтэй байх. Ийм л тулгуур зарчимтай байлаа. Нэг намаас хараат хэвлэл мэдээлэл, шүүх прокурор байсан учраас Бямбын Ренчин, Чойном, Лоохууз нар хэлмэгдэж байлаа. Нэг улс төрийн хүчнээс хэвлэл мэдээлэл, хуулийн байгууллага хараат явж ирсэн гаж уламжлалыг өнөөгийн улс төрийн хүчнүүд өөрчлөхгүй явж ирсэн. Үүнийг арилгах ёстой. Хараат бус шүүх прокурор, хэвлэл мэдээлэлтэй болох ёстой.
–Төрийн эрхэнд байгаа хоёр том нам өвөр түрийдээ орчихсон. Ялгах аргагүй болчихсон гэж иргэд шүүмжилж байна. Танд яаж харагддаг вэ?
-Намууд санхүүжилтээ авлигаар шийдэж ирсэн нь эцэстээ үзэл баримтлал ч үгүй болж, улсаа хөгжүүлэх биш, хямраадаг хортой бүтэц болон хувирсан. Энэ бүгд авлигачдын буруу болохоос биш Ардчиллын буруу биш ээ. Энэ бүгдийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Ардчиллын түүх, алдаа оноотойгоо үнэн зөвөөр бичигдэх хэрэгтэй. Өмч хувьчлал, Төрийн өмчийн архив, дуулиант гэмт хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн эрүүгийн архив, улс төрийн намуудын архив хойч үедээ бүрэн бүтнээрээ ямар нэгэн устгал, засваргүйгээр үлдээх нь чухал. Бохир улс төр, бохир бизнесийн оршин тогтнох үндсийг устгасан тохиолдолд Монгол орон цэцэглэн хөгжинө гэдэгт би итгэдэг. Ардчиллын амин сүнс нь хууль хяналт, ил тод байдал, шударга, хараат бус хэвлэл мэдээлэл юм.
–Улс орныг улс төрчид бус үндэсний хөрөнгөтнүүд авч явж байгаа гэдэгтэй санал нийлэх үү?
-Төрийг тонон дээрэмдсэн авлигачдыг үндэсний хөрөнгөтнүүд гэж андуурч ойлгож болохгүй. Тэр үндэсний хөрөнгөтнүүдийн хөрөнгөтөн болсон түүх нь хулгай, луйваргүй зөв байх ёстой. Улс орныг үндэсний хөрөнгөтнүүд гэхээсээ үндэсний үйлдвэрлэгчид, үндэсний сэхээтнүүд, улсын үндэс болсон газар шороо, бэлчээр нутагтаа эзэн сууж, өвөг дээдсийнхээ буйрыг сахисан уламжлалт мал аж ахуй эрхлэгчид авч яваа.
–Эхний саяыг бол хулгайлж олдог гэсэн зарчим л яваад л байх шиг санагдах юм.
-Тэр буруу. Буруу замаар будаа тээвэл, буцахдаа шороо тээнэ гэдэг л болоод байна. Тиймээс өршөөлийн хууль гаргаад, өршөөгдчихөөр бүх юм сайхан болчихно гэвэл эндүүрэл. Бүх архивыг бүрэн бүтнээр нь хойч үедээ авч үлдэх нь 2 талын ач холбогдолтой. Гүтгэгдсэн, хэлмэгдсэн хүмүүсийн үр сад нэр төрөө сэргээхэд, хулгайч луйварчдын удам, угсааг Монгол түмэн мэдэж байх нь ирээдүйн зөв хөгжлийн үндэс болно. Ямар ч байсан бид хойч үедээ үнэн түүх үлдээх ёстой. Өнөөдрийн хүмүүс өнөөдрийгөө шүүдэггүй юм. Хожмын хүмүүс шүүнэ. За энэ дуулиант хэргүүд гээд байгаа эрүүгийн архивуудыг хадгалаад сайхан үлдээчих хэрэгтэй.
–Ардчилсан нам 2012 оноос хойш төрд олонхи байна. Өнөөдрийн төр барьж байгаа түвшин, өмнөх намын барьж байсан түвшин хоёрыг харьцуулж харж байгаа байлгүй дээ, та. Өөрсдийнхнөө голох тохиолдол байна уу. Эсвэл өөрсдийнхөн маань бас чиг илүү авч явж байна гэж харж байна уу?
-Ялгаа тун бага. Аль аль нь жирийн гишүүдийг худалдаж авах замаар намыг олигархиуд төлөөлөх болсон. Улс оронд хэрэгтэй мэргэжилтнүүд олон намд хуваагдан боловсон хүчний нөөц тарамдагдчихсан. Оюутолгой, Тавантолгойгоор маргаж, оюун тархитай Монгол хүнээ мартсан. Монголын оюун ухааны нөөц дээр төр нь менежмент хийхгүй байна. Өндөр хөгжилтэй оронд өндөр боловсрол эзэмшсэн сайхан залуус эрдэм боловсролоо эх орондоо зориулах боломж хаалттай. Зөвхөн жалга довны намчирхах, бүлэглэх үзэл улс орны хөгжилд саад болж байна.
–Энэ процесс 25 жилүргэлжилж байгаа нь эмгэнэлтэй санагдах юм.
-Хууль шүүхийн шинэчлэл явагдаж байна. Шилэн дансны хууль дөнгөж хэрэгжиж эхлээд байна. Авлигачдад айдастай, ард түмэнд ивээлтэй улс төрийн хавар эхлэж байна. Төрийн тогтолцоог өөрчилж, үндсэн хуулийг шинэчлэх хэрэгтэй. Хоёр танхимтай парламент болон Үндэсний эрх ашгийн зөвлөлтэй болох хэрэгтэй. Энэ зөвлөлд 60-аас дээш насны төрийн ажлын туршлагатай хүмүүсээр бүрдүүлэх ёстой. Гадны болон бизнесийн лобби орж батлагдсан хууль, журмыг үндэсний эрх ашигт хохиролтой тохиолдолд хүчингүй болгох ёстой. Буурал дээдсийн буяныг бусдад алдчихалгүй, бултаараа өнө удаан жаргах бүрэн боломж зөвхөн Монголд бий. Хулгай худлыг цээрлүүлдэг хууль шүүхтэй болсон цагт хүн шиг амьдарч, улс шиг хөгжинө. Ард иргэдээ дээдлэсэн, иргэний ардчилсан сонголтоос өөр сонголт бидэнд байхгүй.
Б.НЯМАА