Монгол Улсын шигшээ багийн тамирчин Тунгалагийн Санчир Филиппин улсын сагсан бөмбөгийн мэргэжлийн Лиг болох PBA-д тоглох гэрээнд өнөөдөр гарын үсэг зурж, гадны улсын мэргэжлийн Лигт тоглохоор болсон магадгүй АНХНЫ МОНГОЛ ТАМИРЧИН ийнхүү боллоо. Энэ бол Монголын сагсан бөмбөгийн түүхэнд тохиолдож буй онцгой, том алхам юм. Өмнө нь МУГТ Ц.Шаравжамц АНУ-ын домогт Harlem Globetrotters гэдэг шоу үзүүлбэрийн багт тоглож, Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж байсныг бид мэднэ. Гэхдээ Т.Санчирын хувьд сагсан бөмбөгийн эх орон гэгддэг Филиппин улсын мэргэжлийн лигийн багт тоглохоор болж байгаа нь бахдам амжилт юм. Зүгээр ч нэг баг биш харин PBA-ийн хамгийн нэр хүндтэй, найман удаагийн Аварга Barangay Ginebra San Miguel Kings гэдэг баг.
https://www.facebook.com/ginebra.kings
Монголчуудын хувьд Филиппин улсын Лигийн талаар тийм сайн мэдэхгүй. Гэхдээ PBA нь Ази Тивдээ хамгийн анх байгуулагдсан мэргэжлийн Холбоо, Лиг бөгөөд энэ онд 40 жилийн ой нь тохиох юм. PBA нь мөн үүсгэн байгуулагдсан хугацаагаараа дэлхийд зөвхөн NBA-ийн дараа ордог хамгийн ахмад Лиг бөгөөд зохион байгуулалт, багуудын чансаа, тамирчдын өрсөлдөөн, мэдээ мэдээлэл, шууд дамжуулалт, шилжилт хөдөлгөөн, бизнесс зэрэг олон талаараа Азидаа төдийгүй дэлхийд шилдэгт тооцогддог мэргэжлийн Лиг юм билээ. Товч мэдээллийг хүргэхэд PBA-д нийтдээ 12 баг өрсөлддөг. Гэхдээ нэг жилийг тойроод гурван янзын Лигийн тэмцээн явагддаг. Эхнийх нь хамгийн нэр хүндтэй нь буюу Philippine Cup – зөвхөн Филиппин тамирчид өрсөлддөг, 10-аас 2-р сарын хооронд явагддаг. Дараагийнх нь яг одоо явагдаж байгаа Commissioner’s Cup – легонер тоглогч авах эрхтэй. Харин Санчирын маань тоглох гэж байгаа нь бол Governor’s Cup – 5-р сараас 8-р сарын хооронд зохион байгуулагддаг, легонер тоглогч авах эрхтэй. Гурван тэмцээнд гурвууланд нь түрүүлсэн багт “Grand Slam Champion” гэдэг цолыг өгдөг юм байна.
Санчирын хувьд дотоодын Лигт гаргасан амжилтуудыг нь бид бүгдээрээ мэднэ. Харин 2013 оны дэлхийн Оюутны Universiade тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож, 8 тоглолтонд 20.6 оноог дунджилж, шилдэг довтлогчдын нэг гэдэгээ олон улсын тавцанд тэр харуулж байв. Дараа нь Зүүн Азийн АШТ-нд бас гайхалтай байж, шигшээ багаа оноо авалтаар тэргүүлсэн. Хамгийн сүүлд 2014 оны Азийн Наадмын ШИЛДЭГ ГУРВАН тоглогчийн нэгээр нэрлэгдэж, мэргэжлийн багуудын скаутуудын хараанд өртсөн гэхэд болно. Тэр үеэр МСБХ-нд зөвлөхөөр ажиллахаар ирсэн АНУ-ын багш, дасгалжуулагч Алан Уоллс Санчиртай Инчеонд уулзаж, гадны Лигт тоглуулах талаар хамгийн анх ярилцаж эхэлсэн юм. Санчир ч өөрөө татгалзсангүй. Улмаар 2015 оны 3-р сарын эхээр PBA-ийн багуудад тоглогч зуучилдаг төлөөлөгч бидэнтэй холбогдож, Санчирыг сонирхов. Багахан хүлээлттэйгээр миний бие Санчиртай холбоотой бичлэг, статистикийг цуглуулж, PBA-рүү илгээлээ. Гэтэл өчигдөр буюу 3-р сарын 31-нд албан ёсны хариуг авч, Ginebra San Miguel баг Санчирт гэрээний санал тавихаар болсон гэсэн таатай мэдээг сонслоо. Харин өнөөдөр Санчир маань МЭРГЭЖЛИЙН тамирчин болох албан ёсны гэрээнд гарын үсгийг зурж, өлгийдөж авсан баг руугаа явуулсанаар түүхэн үйл явдал болох нь тэр.
Мэргэжлийн боксын гараагаа АНУ-д саяхан эхэлсэн Н.Төгсцогтын амжилт хатаагүй энэ мөчид сагсчин Санчир Азийн топ лигийн топ багт тоглох болсон нь үнэхээр бахархалтай санагдана. Энэ бол зөвхөн Санчирт хамаатай зүйл биш. Энэ бол Монголын сагсан бөмбөгт том үүд, хаалгыг нээж буй зүйл юм. Түүний араас Билгүүн, Сэргэлэн, Дэлгэрням, Өрнүүнбилэг, Ууганбаяр нар яваасай гэж хүн бүр хүсч, ерөөж байгаа нь мэдээж. Гэхдээ бид хүлээлтээ дарах ёстой. Өмнө нь PBA-д нэг ч Ази легонер тоглож байгаагүй. Нэг ёсондоо Монголын тамирчин Т.Санчир PBA-д хөл тавих гэж буй АНХНЫ АЗИ ЛЕГОНЕР болж байгаа юм. Учир нь PBA-д өдийг хүртэл зөвхөн Америк легонеруудыг тоглохыг зөвшөөрдөг байжээ. Энэ нь мэдээж Филиппин тоглогчдынхоо орон зайг хамгаалсан бодлоготой холбоотой байх. Харин 2014 оны 10 сард болсон багийн эздийн уулзалтаар шинэ дүрмийг баталж, удахгүй эхлэх Governor’s Cup тэмцээнээс эхлэн баг тус бүр 190см өндөртэй буюу түүнээс намхан нэг Ази легонерийг авч болохоор болж. Энэ бол мэдээж Азийн зах зээл рүү Лигийн цар хүрээг тэлэхийг хүссэн бодлоготой холбоотой. Өндрийг 190 гэж хязгаарласан нь Америк төвүүдийгээ авч үлдэхийг зорьсонтой холбоотой байх. Хүлээлтийн хувьд бид өөрсдийгөө бэлдэх ёстой. Юуны өмнө Санчир Манила хотод очоод, эрүүл мэндийн үзлэгийг давах ёстой. Дараа нь шинэ багтайгаа бүтэн сарын бэлтгэл хийж, шинэ улиралдаа бэлдэнэ. Ginebra-гийн хувьд хамгаалагчид буюу PG, SG байрлалдаа сайн тоглогчид ихтэй юм байна. Гэхдээ тэд нарт гурваас шиддэг болон нэгийн эсрэг нэг оролт хийдэг хамгаалагч дутмаг бололтой. Төлөөлөгчийн хэлж буйгаар бол Ginebra Санчирыг багагүй үнэлж байгаа учраас шууд сэлгээний сандалд хатаахгүй л гэнэ. Нөгөөтэйгүүр Ginebra нь 2008 оноос хойш буюу сүүлийн 7 жилийн хугацаанд нэг ч удаа гурван тэмцээний аль нэгэнд түрүүлээгүй гэнэ. Дандаа Плейоффын эхний тойрог эсвэл хагас шигшээд мултарсаар иржээ. Бүрэлдэхүүний хувьд муу бол огт биш, харин ч шилдэгтээ орно. Харин дасгалжуулагчаа сүүлийн хэдэн жилд нилээн хэд солиод авчээ. Санчирыг угтаж авах дасгалжуулагч бол бас л шинэ дасгалжуулагч. Бас нэг мэдээ гэвэл энэ баг саяхан Санчиртай гэрээ хийхээсээ өмнө хоёр ч хамгаалан тоглогчоо нэг багтай Драфтын эрхээр сольсон гэнэ. Тэгэхээр Санчирт өөрийгөө батлан харуулах минут хангалттай олдох найдлага байна. Гэхдээ л бид хүлээлтээ дарах ёстой!
Одоохондоо миний өгч чадах мэдээлэл энэ л байна. PBA-ийн тоглолтууд бүгдээрээ online-аар цацагддаг учраас Монголчууд бид Санчирын багийн тоглолтыг тогтмол үзээд байх бүрэн боломжтой юм байна. Мөн албан ёсны шууд дамжуулах эрхийг нь ч гэсэн Монголын аль нэг ТВ худалдаад авчихыг үгүйсгэхгүй шүү дээ. Аса Аварга Япон, Монголыг холбосон шиг Санчир маань Монголыгоо Филиппин гэсэн улстай ойртуулж өгөх нь ээ. Филиппинчүүдийн хувьд сагсан бөмбөг нь бол ус, агаар л гэсэн үг. Монголчуудыг нүүдэлчин соёл, Чингис Хаанаар нь дэлхий нийт мэдэж, төсөөлдөг бол Филиппиныг сагсан бөмбөгийн спортоор нь мэддэг юм. Хятадын CBA, Европын Euro League бол 40 жилийн түүхтэй PBA-ийн хажууд дөнгөж төрсөн хүүхэд л гэсэн үг. Санчирын хувьд том хаалга нээгдлээ. Хоёр хөлөө оруулаад, цааш алхах нь түүнээс бүрэн хамаарна. Цаашид бүр ч том хаалга түүний өмнө гарч ирэх боломжтой. NBA-д Монгол хүн тоглох цаг арай болоогүй ч PBA-д тоглох цаг ийнхүү ирлээ. Санчиртаа “амжилт хүсье” гэж хэлэхээс өөр юуг бид хийж чадах билээ! АМЖИЛТ ХҮСЬЕ!!!