Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Го.Бадарч гэж ямар учиртай хүн юм бэ?

Монголын сэтгүүл зүй болоод сэтгүүлчдийн нэр хүндийг унагааж, нийгэмд муухайгаар харагдуулж байгаа нэг хүн байна аа. Тэр бол Го Пи Мин овогт Бадарч гэж хятад гаралтай Монгол Улсын иргэн. Энэ хүн өөрийгөө сэтгүүлч, тэр дундаа эрэн сурвалжилсан, асуудал хөндсөн сэдвээр нэвтрүүлэг бэлтгэдэг гэдэг. Түүний хийж байгаа үйлдлүүд үнэхээр гайхшрал төрүүлэх юм гээч. Хийсэн нэвтрүүлэгт нь эргэлзэж, хэлдэг үгэнд нь итгэх хүнгүй болж байна. Го.Бадарч хүнийг барим, тавим гүтгэчихээд дараа нь уучлал гуйдаг болсон. Наад захын жишээ дурдахад нэлээд олон жилийн өмнө 17 чингэлэг спиртийн хэрэг мандаж байх үед тэрбээр Женко Х.Баттулгыг эзэн холбогдогч нь гэж мэдээлж байсан. Түүнийг өөдгүй луйварчин гэж харагдуулж байв. Тэгвэл саявтар Го.Бадарч “Зуун чухал сэдэв” нэвтрүүлгийнхээ эхэнд Женкогоос уучлал гуйж байгаа харагдсан. Нэвтрүүлэг эхэлмэгц л “Нэгэн цагт дөвчигнөж, таны нэр хүндийг гутааж явж байсандаа уучлал гуйж байна. Хүлээж авна уу” гэсэн. Мөн Го.Бадарч нэвтрүүлгээрээ Уул уурхайн ассоциацийн тэргүүн Д.Дамбыг “Бууны нохой” гэж хэлээд зогсохгүй Хятадын бодлогыг хэрэгжүүлэгч урд зүгийн гаралтай гэх ойлголтыг нийгэмд түгээсэн. Ингэж хэлснийхээ дараа түүнээс мөн л уучлалт гуйсан байгаа юм. Д.Дамба хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Го.Бадарч надаас уучлал гуйсан” гэж тодотгосон байна лээ. Түүний хүн гүтгэдэг энэ үйлдэл үүгээр зогсохгүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг хятадын эрлийз, хурлийзаар нь дуудсан удаатай. “Төрлөө мэд миний дүү. Би өвөөг чинь танина. Бид нэг нутгийнх. Тариа тариад явж байсан” гээд л С.Баярцогтын өвөөг хашаа хороондоо хятадаар ярьцгаадаг хүн байжээ гэж ойлгогдохоор хэлж байсан. Ингэж хүний гарал үүслийг мэдэмхийрэн ярьсан тэрээр сүүлд нь хэвлэлээр дамжуулан С.Баярцогтоос уучлалт гуйж байсан. Тэгэхээр Го.Бадарчийн дээрх ярьсан бүхэн нь худлаа байж, хүнийг гүтгэн доромжилжээ.

Монголын улс төрд сор болсон хөвгүүдийг хятадын эрлийз гэж нэр төрийг нь гутаан доромжилдог хоцрогдсон арга бий. Угтаа Хятад улс бол эдийн засгаараа дэлхийд ноёрхож байгаа хоёр дахь том гүрэн. Энэ хүчирхэг гүрний иргэн гэж хэлүүлэхэд орчин цагт хэн гутарч, эмзэглэх юм бэ. Газар авахгүй хоцрогдсон аргыг Го.Бадарч сэтгүүлч л гаргууд гэгч нь гардан хийж байна. Тэгээд дараа нь уучлал гуйхдаа “Аргагүйн эрхэнд” гэх тайлбар тавих юм. Түүний энэ үйлдэл Монголын сэтгүүл зүй болон сэтгүүлчдийн нэр хүндийг гутааж дууслаа. Шуудхан хэлэхэд Го.Бадарч гэдэг хүн сэтгүүлчдийг эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй хэн нэгний аясаар “За” гэж ухасхийдэг утсан хүүхэлдэй мэт харагдуулж байгаа нь харамсалтай. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж ардын зүйр үг бий дээ. Го.Бадарч үйлдлээрээ Монголын сэтгүүлчдийг олж авсан баримтаа нягтлахгүйгээр хүний амаар явж, хүн гүтгэдэг юм шиг ойлголтыг олонд төрүүлээд байна. Монголын сэтгүүл зүй хэн нэгний заавраар хөдлөөд байдаг хямдхан салбар биш юм шүү. Ёс зүй, хэм хэмжээгээ баримталж ажилладаг, өөрийн гэсэн бодолтой. Хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг дөрөв дэх засаглал. Хоолоо залгуулж байгаа салбарынхаа тогоог хөөдөж буй Го.Бадарч гэж ямар учиртай хүн юм бэ.

Б.ЦЭЛМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *