Categories
мэдээ цаг-үе

Эдийн засгийн чуулган “Итгэлцэл” гэсэн уриан дор болно

Монголын эдийн засгийн чуулган-2015” ирэх сарын эхээр болохоор саяхан тов нь гарсан. Тус чуулганыг зохион байгуулагч Монголын эдийн засгийн форум ТББын захирал Б.Лакшмитай ярилцлаа.

Эдийн засгийн форум өнгөрсөн жилүүдэд гуравдугаар сард болж байсан. Энэ жил нэг сарын хугацаагаар хойшилсон нь ямар шалтгаантай вэ?

-Эдийн засгийн форумыг дөрөвдүгээр сарын 2, 3-нд зохион байгуулахаар болсон. Өмнөх жилүүдээс хугацаагаа хойшлуулсан нь хэд хэдэн шалтгаантай. Монгол Улс энэ жилийн “ITB Berlin” үзэсгэлэнд голлох үүрэгтэй оролцож байна. Манай Ерөнхийлөгч болон Засгийн газрын нэг бус гишүүн гээд нэлээд том баг уг арга хэмжээнд оролцож байгаа учраас форум хойшлох нэг шалтгаан боллоо. Мөн гуравдугаар сард чуулганы завсарлага таарч ихэнх гишүүн тойрогтоо ажиллаж байгаа нь бас нэг шалтгаан болж байгаа.

Эдийн засгийн форум энэ жил ямар уриатай болох вэ?

-“Итгэлцэл” гэсэн уриаг сонгосон. Бүх шатандаа итгэл дутагджээ гэдэг үүднээс сонгосон юм. Төр засагт итгэх итгэл хаа сайгүй алдагдсан байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл нь багассан байна. За тэгээд бизнес, иргэний нийгмийнхэн гээд бүх шатандаа итгэл алдагджээ гэдэг үүднээс, харилцан бие биедээ итгээсэй гэсэн хүслээр “Итгэлцэл” гэсэн сэдвийг сонголоо.

Зохион байгуулагчдын зүгээс форумын үеэр хэлэлцүүлэг өрнүүлэх сэдвүүдийг нэлээд шүүлтүүртэй гаргаж ирдэг. Энэ жилийн сэдвүүд тодорхой болсон уу?

-Урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт алдагдсан гэж хүн бүр ярьдаг. Форумын онцлох гол сэдвүүдийн нэг нь хөгжлийн бодлого байх юм. Монголын зээлжих зэрэглэлийг сайжруулахад юун дээр анхаарах вэ гэдгээс эхлээд хөгжилд хэрэгтэй анхаарал татсан сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мэдээж ногоон эдийн засгаа ярина. Уламжлал ёсоороо аялал жуулчлалын салбарыг онцолно. Тодорхой жишгүүд дээр ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлж, бодитой хэрэгтэй мэдээлэл өгөх талд анхаарна. Саяхан манай улс Японтой чөлөөт худалдааны гэрээ байгуулсан. Энэ гэрээнээс бизнесийнхэн ямар өгөөж хүртэх вэ гэдэг дээр анхаарна гэсэн үг. Жишээ нь бид Европын холбооны улсуудад өчнөөн төрлийн бүтээгдэхүүнийг татваргүй экспортлох эрхтэй. Гэтэл өнөөдөр экспортолж байгаа юм бараг алга. Тэгэхээр манай улс Японтой хийсэн чөлөөт худалдааны хэлэлцээрээ амьдрал дээр хэрэгжүүлэх талд анхаарч ажиллаж байж л үр дүн нь гарна.

Гэхдээ хөгжингүй улс руу бүтээгдэхүүн экспортлоход татваргүй гэсэн нөхцөл байлаа ч стандартын шаардлага хангахгүй гэсэн зовлон байдаг юм биш үү?

-Тийм шалтгаан бийг үгүйсгэхгүй. Өөр нэг шалтгаан нь зах зээлээ судлахгүй байна. Европын зах зээл гэхэд л Итали, Герман, Франц тус бүрдээ онцлогтой. Түүнийг нь судлах ёстой. Тэгэхээр одоо бидэнд Японы зах зээлийг судлах шаардлага гарч ирсэн гэсэн үг. Эдийн засгийн форум энэ утгаар нь Японтой байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийг онцолж байгаа юм.

Та сая зээлжих зэрэглэлийг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнөнө гэж ярилаа. Зээлжих зэрэглэл муудахад юу нөлөөлсөн, сайжруулбал ямар боломж гарч ирэх гээд нэлээд өргөн хүрээнд ярьж таарах байх…?

-Хэрвээ зээлжих зэрэглэл сайн бол гаднаас бага хүүтэй хөрөнгө босгоход нөлөөлдөг. Зээлжих зэрэглэл нь муу бол хүү нь өндөрсдөг асуудал бий. Ганцхан төр засаг мөнгө босгохгүй шүү дээ. Бизнесийнхэн ч мөнгө босгодог. Тэгэхээр зээлжих зэрэглэл сайтай бол бизнесээ ч давхар тэтгэж байгаа гэсэн үг. Хууль эрх зүйн орчны талаар ч ярина. Хөрөнгө оруулалтын орчин чанга байж болно л доо. Хөрөнгө оруулагчдад өөр зүйл чухал байдаг. Тэд хууль эрх зүйн орчин нь урт хугацаатай, ойлгомжтой улсад эрсдэлээ тооцож хөрөнгө оруулдаг. Гэтэл манай улс сүүлийн үед хоёр жил тутамд хуулиа өөрчилсөн. Ийм нөхцөлд удаан хугацааны хөрөнгө оруулалт хийхэд хүнд болчихож байгаа юм. Эрсдэлээ тооцоолж чадахгүй гэсэн том асуудал хөрөнгө оруулагчдын өмнө тулгамддаг. Энэ асуудалд яаж анхаарах талаар ярилцахаар төлөвлөж байна.

Монголын эдийн засгийн чуулган гаднаас нэр нөлөө бүхий нэг зочин урьдаг уламжлалтай. Энэ удаа гаднаас илтгэгч ирэх үү. Гадаадын хөрөнгө оруулагчид форумд оролцох сонирхлоо илэрхийлж байна уу?

-Европын холбооны улсуудаас ирнэ. Мөн НҮБ-д ногоон эдийн засгийн хөтөлбөрийг нь хариуцдаг байсан, Кофи Аннаны үед нэлээд том алба хашиж явсан хүн ирнэ. Гаднаас хоёр гурван том компанийн төлөөлөл ирэх сонирхлоо илэрхийлсэн. Яг ямар компани гэдгийг нь дөхүүлээд зарлана. Ирланд, Германаас ирэх юм.

Энэ жилийн форумын онцлог нь юу?

– Ажил хэрэгч үдийн цай гэдэг шинэ хэлбэр оруулж ирэх гэж байна. Энэ нь нэг ёсондоо хурлын төлөөлөгчдийг маш идэвхтэй байлгаж, үдийн цайны үеэр ч лекцүүд явах юм.

Өмнөх жилүүдийнх шиг үзэсгэлэн гаргах уу?

-Үзэсгэлэн гаргана. Мөн үзэсгэлэнгээс гадна урлагийн үзүүлбэр ч бий.

Эдийн засгийн чуулган өмнөх жилүүдэд монгол брэндийг нэлээд онцолсон. Таны хувьд монгол брэнд бий болгох оролдлого үр дүнгээ өгсөн үү?

– Тодорхой хэмжээнд ахиц гарсан. Манайд шууд экспортлох боломжтой цөөн төрлийн бүтээгдэхүүн бий. Архи гэхэд л чанар стандартаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдчихлөө. Ноос, ноолуур байна. Гаднын компаниуд Монголын ноос ноолуурын компаниудтай хамтарч ажиллах гэж бидэнд хандсан тохиолдол цөөнгүй бий. Бид тухай бүрд нь холбож өгсөн.

Төр засгийн төлөөлөл юу ярих бол, төрөөс ямар бодлого чиг барих гэж байна гэсэн асуулт тээсэн бизнес эрхлэгчид Эдийн засгийн форумыг зорьдог. Төр засгаас ямар хүмүүс илтгэл тавих вэ?

– Ерөнхий сайд, Ерөнхийлөгч үг хэлнэ. Аж үйлдвэрийн сайд үг хэлж, хийхээр төлөвлөсөн ажил, бодлого, шийдвэрээ танилцуулах болов уу. Нэг талаас төр бодлогын шийдвэрүүдээ танилцуулна. Нөгөө талаас бизнесийн орчин юу болж байна, яаж сайжруулбал үр дүнд хүрэх вэ гэсэн асуудал ч сөхөгдөнө. Жишээ нь хууль эрх зүйн орчны тогтвортой байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Манайд хууль нь гарчихаад байтал журам нь дөрөв, таван сараар хоцорч гардаг жишиг бий. Үүний гол хохирогч нь бизнес эрхлэгчид болдог. Шинэ хуулийн дагуу ажиллая гэхээр журам нь өөрчлөгдөхгүй цагийг нь алдуулдаг тал анзаарагддаг. Гадаад хөрөнгө оруулагчдад ч сөрөг нөлөө үзүүлдэг.

Эдийн засгийн форумд оролцох хүсэлтэй бизнес эрхлэгчид цахимаар бүртгэл хийлгэх боломжтой юу?

-Цахим бүртгэл эхэлсэн байгаа. Манай meforum.mn хаягаар ороод бүртгүүлэх боломжтой.

Өнгөрсөн жилийн форумын дараа төрөөс мөнгө авч зохион байгуулдаг, монгол брэнд гэж ярьдаг хэрнээ оролцогчдодоо хятад цүнх тараасан гэх мэтийн шүүмжлэл өрнөсөн. Ингэхэд санхүүжилтээ яаж босгодог юм бэ?

– Санхүүжилтийн хувьд төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр явдаг. Төрөөс тодорхой хувийг гаргадаг. Спонсоруудаасаа санхүүжилт авна. Оролцогчдын төлбөр гэж бий. Цүнхний хувьд Монголын брэнд гэхээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газрууд байгаа. Гэхдээ бага хэмжээгээр л үйлдвэрлэх хүчин чадалтай, их хэмжээгээр үйлдвэрлэх боломжгүй байдаг. Бүр эртнээс их хэмжээгээр захиаллаа гэж бодоход үнэ нь өндөр гэсэн асуудал бий. Тийм олон хүнд ширхэг нь 20 мянган төгрөгийн цүнх тараана гэдэг хэцүү. Тэгэхээр эргэж харах бас нэг асуудал гарч ирж байгаа юм. Монголд аж үйлдвэр хөгжүүлбэл яг юуг нь, ямар төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлбэл зүгээр вэ гэдэг асуудал чухал байна л даа.

Форумын үр дүн гарсангүй гэсэн шүүмжлэл хүчтэй сонсогддог. Энэ тал дээр та ямар тайлбар хэлэх вэ?

-Хүмүүс форумыг шийдэл гаргах газар гэж хараад байдаг. Гэтэл тийм биш шүү дээ. Төрийн бус байгууллага учраас шийдвэр шууд утгаараа гарахгүй. Гэхдээ олон талт хэлэлцүүлэг өрнүүлж, ямар боломж, гарц байгааг хайна гэдэг шууд бус утгаараа ач холбогдолтой зүйл. Ажил хэрэгч, бодитой, үр дүнтэй эрэлхийлэл хийгддэг гэдэгт л форумын ач холбогдол оршдог болов уу гэж хардаг.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захиралтай уулзсаных эдийн засгийн ойрын ирээдүйн таамгийг сонирхмоор байна.

-Ойрын нэг, хоёр жилд эдийн засаг хүнд байх нь тодорхой. Гэхдээ хүнд байна гээд зүгээр суух учиргүй. Хямралд тэр энэ буруутай гэх ч шаардлагагүй. Бидний урт хугацааны алдааны үр нөлөө өнөөдөр гарч байна. Нэг засгийн алдаа биш гэж хэлэх гээд байна л даа. 2005, 2006 оноос суурь нь тавигдсан, олон олон алдаанаас бий болсон үр нөлөө. Гарах ямар боломж байна, яаж хамтарч гарах вэ гэдэг дээр л анхаармаар байгаа юм. Жишээ нь, дэлхий хүнсний хомсдолд орж эхэлж байна. Хөдөө аж ахуйгаа хөгжүүлэхэд өчнөөн боломж гараад ирнэ. Дэлхийн эдийн засаг хэчнээн хямарлаа ч хүмүүс хүнснээс хэзээ ч татгалзахгүй. Сүүлийн үед эдийн засгийн хямрал гэж их ярих боллоо. Уг нь мөчлөгөөрөө ирдэг л зүйл. Шинэ юм биш. Бид хэр бэлтгэлтэй байна вэ гэдэгт л хамаг учир байгаа юм. Иргэд, төр засаг энэ хямралд ямар ч бэлтгэлгүй нь ажиглагдаж байна л даа. Өчнөөн жил ярьсан баялгийн сандаа хэдэн төгрөг хуримтлуулаад байршуулчихсан бол эдийн засгийн хямрал ийм хүнд тусахгүй байсан. Нөгөө талаас нь харахад нийгмийн сэтгэхүй хүнд байна. Эдийн засаг сайн байхад мөнгөө цацаад сурчихсан улс ийм байдал үүсэнгүүт гутранги болчихдог. Тэгэхээр эхлээд хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Мэдээж боломж хэзээд байдаг. Тэр дундаа хоёр талдаа дэлхийн хамгийн том зах зээлтэй улсад олон боломж бий. Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр хийчихлээ. Европ руу татваргүйгээр бүтээгдэхүүн экспортлох боломж байна. Өөрсдөө идэвхтэй байж, гэрийн даалгавраа сайн хийж чадвал боломжууд бий. Уул уурхайгаас хамааралтай. Хараат бус байх боломжуудаа олж харахгүй байна л даа. Энэ хямрал монголчуудын хувьд сэтгэлгээгээ өөрчлөх боломж гэж харж байгаа.

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *