ХБНГУ-ын Берлин хотоос манай тусгай сурвалжлагч М.Мөнхцэцэг мэдээлж байна
Дэлхийн аялал жуулчлалын салбарын хамгийн том үзэсгэлэн болох “ITB-Berlin” үзэсгэлэн Европын аялал жуулчлалын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах бололцоог аливаа улс оронд олгодог. Монгол Улс Берлиний ITB үзэсгэлэнд 1999 оноос хойш албан ёсоор оролцсоор ирсэн билээ. Тэгвэл өнөө жилийн хувьд анх удаа албан ёсны“Түнш орон”-оор оролцож байна.
1966 оноос эхлэн ХБНГУ-ын Берлин хотноо жил бүрийн гуравдугаар сард зохион байгуулагддаг “ITB BERLIN” аялал жуулчлалын үзэсгэлэнд энэ жил дэлхийн 190 улсын 10 мянга гаруй аялал жуулчлалын байгууллага оролцож, өөрийн улс орон, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ сурталчилдаг аж. Тус үзэсгэлэнг 175,000 зочин ирж сонирхдог гэсэн тооцоо бий. Үзэсгэлэнг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайер, Берлин хотын Захирагч Михаел Мюллер, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ЕНБД Талеб Рифай, Германы аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Михаел Фрэнцэл нар үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ” Энэхүү нэр хүндтэй үзэсгэлэнгийн түнш орноор манай улсыг оролцохыг зөвшөөрсөнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Манай ардын үгэнд “Аавын бийд хүнтэй танилц, Агтны бийд газар үз” гэсэн сайхан үг байдаг. Чингис хаан, Атилла хаан зэрэг дэлхийн хамгийн том гүрнийг бий болгосон түүхтэй орныг үзье гэвэл, уудам тал нутаг, гайхалтай байгальд адал явдалтай аялал хийхийг хүсч байвал, эдийн засгийн өөрчлөлтийг хийж урагшлан хөгжиж байгаа улсыг үзье гэвэл Монголд ирээрэй. Би та бүхнийг өөрийн биеэр манай оронд тавтай морил гэж урьж байна” гэлээ.
Энэхүү үзэсгэлэнд оролцогчдын 82.5 хувийг Европын орнууд эзэлдэг байна. Азиуд 8.1 хувь, Африк 5.4, Америктив 3.2, Австрали улс 0.7 хувийг тус тус эзэлдэг ажээ. Тус үзэсгэлэнд оролцсоноор тухайн оронд ирэх жуулчдын урсгал 15-30% нэмэгддэг гэсэн судалгаа бий. Тухайлбал, 2010 онд “Түнш орон” статустай оролцсон Турк Улсын хувьд тэр жилдээ жуулчдын тоо 28,6 сая байсан бол 2011 онд 31,4 сая болж есөн хувиар, 2012 онд 39,7 сая болж 26 хувиар, 2013 онд 20 хувь болж өссөнөөр дэлхийд хамгийн их жуулчин хүлээн авдаг улсуудын зургаадугаарт жагсч чаджээ.
Жил бүрийн үзэсгэлэнгийн үеэр оролцогч аялал жуулчлалын аж ахуй нэгжүүд болон аялагчдын хооронд 6.5 тэр бум евротой тэнцэхүйц хэмжээний гэрээнүүд хийгддэг байна.
ITB үзэсгэлэнг 1930-аад онд баригдсан, нийт 26 байгууламжаас бүрдэх 160,000 м.кв талбай бүхий “Мессе Берлин” үзэсгэлэнгийн талбайд зохион байгуулдаг. Тус үзэсгэлэнгийн талбайд 2014 онд “Сити Кюүб” нэртэй шинэ цогцолбор ашиглалтан доруулсан юм. Энэ цогцолборт манай Улс аялал жуулчлалын үзэсгэлэнд “Түнш орон”-оор оролцох үеийн нээлтийн үйл ажиллагаа, урлагийн тоглолт, хүлээн авалтыг зохион байгууллаа.
Монгол Улс энэхүү үзэсгэлэнд 1989 оноос хойш нэгдсэн зохион байгуулалттай, идэвхтэй оролцож ирсэн бөгөөд 2011 онд “Соёлын түнш орон”-оор амжилттай оролцсон. Энэжил “Түншорон” статустай, “Mongolia, Nomadic by Nature” уриатай оролцож байна.
Монгол Улсын хувьд энэхүү үзэсгэлэнд “Түнш орон”-оор оролцсоноор Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалын салбартаа ихээхэн анхаарал хандуулж буйг дэлхий дахинд нотлохын зэрэгцээ аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгох зорилтоо биелүүлэх чухал хөшүүрэг, түлхэц болох юм.
Дэлхийн хэвлэл мэдээллийн 400 орчим төлөөлөгч “ITB BERLIN” үзэсгэлэнг зорин ирж, сурвалжлага, нэвтрүүлэг хийдэг байна. Энэ нь “Түнш орон”-ы хувьд өөрийгөө сурталчлах томоохон боломжийг бий болгодог. Манай улс ирэх онд жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилт тавьсан. Статистик тоо баримтаас харахад 2013 онд 417 мянган жуулчин,2014 онд 392 мянган жуулчин Монголд ирсэн байна.
“ITB-2015″-ийн нээлтийн ажиллагаанд дэлхийн өнцөг булан бүрээс хуран цугласан 4000 хүноролцсон юм. Энэ үеэр Монгол Улсын урлагийн тоглолт ирсэн зочдыг гайхшруулж байлаа.Нүүдэлчин ахуйгаасаа салаагүй гэх ойлголттой гадаадынхны ойлголтыг энэхүү тоглолт бүрэн эвдэж чадсан юм. Ерөнхийдөө нийт масс Монголыг маш таатайгаар хүлээж авсан юм.
“ITB-2015″-ийн түнш орноор Монгол Улс оролцож байгаатай холбогдуулан Берлин дэх таксинууд манай улсын үзэсгэлэнт газрууд бүхий логог наасан харагдав. Ерөнхийдөө Берлин хот Монгол Улсыг бүтэн жилийн хугацаанд дэлхий дахинд таниулан сурталчилах юм. Уг олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцож буй Монголын чинглэгийн нээлт өнөөдөр нээлтээ хийх юм. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, үг хэлнэ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Өдрийн сонин”-оос уншаарай.