Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нацагдоржийн шагналт зохиолч Ширсэдийн Цэнд-Аюуштай ярилцлаа. Наяад оны эхээр тухайн үеийн Соёлын яамыг толгойлж дараа нь Монголын зохиолчдын эвлэлийн орлогч даргаар ажиллаж байсан тэрээр Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг үүсгэж байгуулж орчин үеийн утга соёл, сэтгүүлзүйн түүхэнд гавьяа байгуулсан нэгэн юм. Эл эрхэмтэй саяхан батлагдсан Монгол хэлний хуулийн талаар ярилцсанаа хүргэе.
–УИХ саяхан Монгол хэлний тухай хуулийг баталлаа. Хууль анх өргөн баригдаж, хэлэлцэгдэж эхлэхээс л шүүмжлэл дагуулж байсан. Соёлын сайд байсан хүний хувьд та энэ хуулийн хэрэгжилтийг хэрхэн харж байна вэ?
-Хэл гэдэг хүний нийгмийн хамгийн үнэт баялгийн нэг. Аливаа улс орны оршин тогтнох тулгуур багана нь улсын хил хязгаар, үндэсний хэл, түүх соёл юм. Хэл бол харилцааны чухал хэрэгсэл. Нөгөө талаас оюун санааг баяжуулж байдаг. Өнөөдөр монгол бичгийн талаар дуугарах хүнгүй юм шиг улсууд ойлгоод байна. Тийм биш л дээ. Б.Ринчен гуай, Ц.Дамдинсүрэн гуай Лувсанвандан гуай зэрэг монгол хэлний манаач болсон хүмүүс байсан. Тэд монгол хэлийг хөгжүүлж баяжуулахын төлөө байнгын анхаарал тавьж ажиллаж байсан юм. Үеийн үед том сэхээтнүүд эх хэлээ хадгалж, хамгаалахад ихээхэн анхаарал тавьж ирсэн. Харин Монгол бичгийг олон түмэнд сургах үзэл баримтлалтай УИХ-аас баталсан Монгол хэлний тухай хууль нь урьд үеийн уламжлалыг баяжуулж өгч байгаа нь сайн зүйл. Гэхдээ хэрэгжих нөхцөл гэж айхавтар том бэрхшээл бий гэдгийг анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, манай сэхээтнүүд Ардын хувьсгалын дараа 1930-аад онд латин бичгийг эзэмшье гээд хоёр, гурван жил яваад бүтээгүй. Дараа нь Ц.Дамдинсүрэн гуай кирилл бичгийг эзэмших нарийн дүрэм журмыг гаргаж ирсэн. Энэ нь манай Монголын үндэсний том соёл, бичиг болсон. Түүнчлэн монгол хэлний дүрмийг өөрчлөх талаар дээрээс янз бүрийн ярианууд гарч, төсөл нэрээр баахан ажил явагдсан. Монгол хэлний дүрмийг Ц.Дамдинсүрэн гуай шиг том эрдэмтэн л өөрчилж чадна. Тэрнээс мань мэтийн мянган хүн нийлээд хийчихдэг ажил ч биш. Монгол хэл, бичиг гэдэг бол маш нарийн зүй тогтолтой зүйл. Зүгээр нэг тогтоолоор өөрчлөгдчихгүй. Хэдэн зуун жилээр баяжиж, уламжлагдаж байдаг.
–Монголчууд 2025 оноос бүх нийтээрээ монгол бичигт шилжинэ гэж байгаа. 1990-ээд оноос ерөнхий боловсролын сургуулиудад уйгаржин заасан ч энэ ажил үр дүнд хүрээгүй болохоор удаан үргэлжлээгүй. Тэгэхээр арван жилийн дараа энэ байдал дахиад л давтагдах нь бололтой?
-Бүх нийтээр уйгаржин бичигт шилжих нь санааны зоргоор хийчихдэг ажил биш. Монгол бичгийг мэдэх шаардлагатай түүхийнхэн, хэл уран зохиолын багш нар, эрдэмтэд л сайн судлаад авч явбал болно. Кирилл бичиг бол Монгол Улсын XX зууны сэргэн мандалтын эх ундарга нь шүү дээ. Манай улсын хэдэн үеийн сэхээтнүүд болоод монголчуудыг бичиг үсэгтэй болгож гэгээрүүлсэн нь кирилл үсгийн гавьяа. Тиймээс ЮНЕСКО-гоос монголчуудыг бүх нийтээрээ бичиг үсэгтэй ард түмэн болсонд шагнаж урамшуулсан юм. Энэ бол бусад орнуудад хийгдээд байдаггүй ажлыг манай улс кирилл бичиг, үсэгтэй болсноор хэрэгжүүлсэн том амжилт. Бид энэ амжилтаас ухрах ёсгүй.
1990-ээд онд монгол бичгийг заах багш үнэндээ дутмаг. Монгол хэл, уран зохиолын багш нараар заалгасан болдог ч үр дүнд хүрээгүй юм. Бичиг, үсэг гэдэг бол хамгийн гол нь нийгэмтэйгээ харьцах том хэрэглүүр. Яахав, бичиг, үсэг мэдэхгүй хоёр хүн хоорондоо яриад байж болно л доо. Гэхдээ нийгмээ, улс орноо, эх дэлхийгээ бичиг үсгийн тусламжтайгаар танин мэддэг. Манай улс 2025 онд уйгаржин бичиг рүү бүх нийтээрээ орно гэдэг бол сэрүүн зүүд. Харайлаа гэхэд буух газраа харж байх хэрэгтэй. Тогтоол, дүрэм, журам гарч болно. Гэхдээ тэрийг яаж хэрэгжүүлэхээ ухамсарлах хэрэгтэй. Хялбархан бүтчихдэг ажил ч биш. Өвөрмонголын хэдэн арван мянган багш нарыг авчраад гурван сая хүндээ заалгадаггүй юм л бол монголчууд уйгаржинд шилжих боломжгүй.
–Уламжлалт бичиг нэлээд шүүмжлэл дагуулж байгаа. Жишээлбэл, “гурил” гэдэг үгийг “гулир” гэж тэмдэглэж байх жишээний. Үүнээс үүдэн уйгаржин бичгийг манайхан одоогийн хэл ярианы онцлогт тохируулаад хэрэглэе гэх болж. Нэг хуулийг хэрэгжүүлэхийн тулд бүхэл бүтэн хэл соёлыг ингэж өөрчилж болдог юм уу?
-Мянган жилийн соёлыг өөрчилнө гэдэг байж боломгүй зүйл. Улс төр гэдгийн их зовлонтой юмны нэг шийдвэр гаргачихаад Монголын түүхэнд үлдэж, гялалзана гэж ойлгоод байх шиг. Улс төрийн тогтоол, шийдвэр, хууль баталж байгаатай адил хэл соёлыг ийм хямдхан гаргаж болдоггүй юм. Хэрэгждэг ч зүйл биш. Хэл гэдэг бол өөрийн нарийн хуультай. Монголчуудыг бүх нийтээрээ монгол бичигтэн бол гэж хавтгайруулаад, гурван саяулаа уйгаржин бичигтэн болно гэвэл бүтэхгүй ажил гэж хэлэх байна.
Ер нь бичиг, үсгээ солих гэсэн ард түмэн амжилтад хүрдэггүй. Олон улсын хэмжээнд бичиг, үсгээ өөрчлөх гэсэн оролдлого хандлагууд гарч байсан. Бүгд л замхарсан. Улс орны тэр олон мянган жилийн уламжлал хөгжиж явах ёстой тулгуур нь бичиг, үсэг. Үүнтэй холбогдуулаадхэлэхэд эх хэлний боловсрол бол хүний насан туршийн зүйл. Тэр боловсролоо байнга хөгжүүлэн дээшлүүлж явах нь хүн бүрийн үүрэг юм. Гадаадын эрдэмтэн мэргэдийн хэлсэн үг ч байдаг. “Хүн гадаад хэлийг нэг жил ч юм уу, зургаан сарын хугацаандсурч болно. Харин өөрийнхөө төрөлх хэлийг насан туршдаа сурч чаддаггүй юм” гэсэн нь бий. Ингэхээр хэл бол агуу том зүйл. Дэлхийн аль ч соёлтой улс үндэстэний өөрийн хэл нь хуультай. Бичиг, үсгээр хэлийг баталгаажуулж, баяжуулж байдаг юм.
–Кирилл үсэг бол монголчуудыг дэлхий дахины соёлтой танилцуулсан гэж та дээр хэлээ. Дэлхийн сонгодог бүтээлүүд цөм кирилл бичгээр Монголын ард түмэнд хүрсэн. Энэ утгаараа кирилл бичгийг хамгаалж, хадгалж авч явах ёстой баймаар…
-Монголын олон үеийн алдартай, бичгийн хүмүүсийн бүтээлийг XX зуунд шинэ үсгээр сурлаа. Үүн дээр буруу зөрүү гээд хэлээд байх юмгүй. Соёлын асар том дэвшил. Дэлхийн сонгодог бүтээлүүдийг монгол хэлэнд орчууллаа. Кирилл бичиг бол монголчуудыг дэлхий дахины соёлтой танилцуулсан учраас энэ бичгээ их хямгадаж, хадгалж, хөгжүүлж байх хэрэгтэй. Зэрэгцүүлээд мянган жилийн түүхтэй үндэснийхээ бичгийг авч явах ёстой. Жишээлбэл, бид оюутан байхдаа санскрит, төвд хэл, тод, дөрвөлжин үсэг, уйгаржин үсэг үзэж, хоорондоо захиа бичих хэмжээнд байлаа. Даанч амьдрал дээр гараад хэрэглээ байхгүй болохоор мартагддаг. Мэргэжлийн хүмүүс нь эдгээр үсгээ авч үзээд улам боловсронгуй болгоод явах нь зүйтэй. Тэрнээс нийт ард түмний хувьд кирилл бичгээс хөндийрнө гэдэг бол бүтэшгүй ойлголт. Бичиг үсэг тухайн улс орны толь нь байдаг. Гэтэл манайхан нэг юмнаас нөгөө рүү хуйларч, хаврын салхи шиг байх юм. Ийм хандлагаар улс орныхоо том соёл, үндэсний оршин байх баталгааг бид дураараа өөрчлөөд байж болохгүй. Эх хэл рүүгээ дайрна гэдэг бол Монгол Улс буруу зам руугаа гулсаж байна. Эх хэлний олж авсан мэдлэг боловсрол гэдэг бол тухайн хүний сэтгэхүйг баяжуулж хөгжүүлж өгдөг.
–Дэлхий нийт даяаршиж байхад манайхан хуучин бичгээ сэргээнэ гэж байгаа нь дэвшил биш ухралт гэдгийг эрдэмтэн, судлаачид хэлж байна. Нийгмийн хэрэгцээ шаардлагыг нь харгалзахгүйгээр лоббины хуулиуд олноор төрөх болсныг улс төрийн хүрээнийхэн ч шүүмжилдэг. Ер нь аливаа хуулийн цаана их хэмжээний мөнгөн дүн байдаг гэлцэх юм билээ.
-Яг үнэн. Тэр мөнгөнд л яваад байхгүй юу. Энэ бол улс төрийн үзэмж, сонирхлоор хийж болдог ажил биш. Манай эрхэм түшээд 1924 онд баталсан Үндсэн хуулийг 1992 онд шинэчилсэнтэй адилтгаж бичиг, үсгээ өөрчилчихнө гэж бодож болохгүй. Бичиг, үсгийн соёл хэдэн мянган үндсэн хуультай тэнцэнэ. Улстөрийн аясаар энэ том соёлд халдана гэдэг бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд сэв суулгах ажил болно л доо.Кирилл бичиг бол Монголыг 100 жил соён гэгээрүүлсэн, Монгол Улсыг дэлхий дахинд таниулсан бичиг гэдгийг дахин хэлье.
М.МӨНХЦЭЦЭГ