Б.Цэнддоогийн “Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин” (2008) хэмээх бестселлер бүтээлийг манайхан сайн мэднэ. Нүүдэлчин ардуудыг иргэншин суурьшуулах процессын хүрээнд өрнөсөн албадан соёлжуулах операци-соёлын довтолгооны хөгтэй, хөгжилтэй түүхэн дээр үндэслэн бичсэн уг бүтээлд монголчуудын оюун сэтгэлгээ, ёс сурталд гарсан шинэчлэл, хувьслыг сэтгэлд хоногшим дүрсэлсэн байдаг.
Зохиогч уг сэдвээ гүнзгийрүүлэн ХХ зуун болон шинэ мянганы эхэн үеийн Монголын нийгмийн оюун санаа, соёлын хувьслыг үзүүлэх “Сайн эрээс хулигаан, коммунистаас жентельмэн. Монголын соёлын түүхийн аль манах” бүтээлээ дуусган хэвлэлд шилжүүлжээ. Бид уг бүтээлийн “НҮҮДЛИЙН ТҮҮХ” хэсгээс толилуулж байна.
ҮЛГЭР ТҮҮХЭЭС ҮЛГЭРЛЭМ ТҮҮХ
Монголчуудын түүх бичлэгийн уламжлалыг хоёр талаас нь харахад сонин дүр төрх үзэгдэнэ. Юуны өмнө универсаль түүх бичлэгийн аргыг сэдэж, өөрсдийн шастир түүхийг бичүүлсэн үндэстэн хэмээн манайхныг хэлдэг.Монголын их гүрний үед тивээс тив дамжсан, шашин шүтлэг, соёлын зөрөөтэй олон газар орныг нэгэн жолоонд нэгтгэж явахдаа улс үндэстэн бүр бурхад, тэнгэрсийн цадиг, хаадын шастир, дайн тулааны түүхээ тэмдэглэх аргыг судлан танилцсан бололтой. Шинэ сэргэг технологи, бүтээх, туурвих арга зүйг соргог хардаг, амжилттай өөриймшүүлдэг зангаараа сурч авсан, төгс төгөлдөр болгон хөгжүүлсэн зүйлсийнх нь дотор “универсаль түүх бичлэг” лавтай орно. Баабар ХХ зууны Монголын түүхийн бүтээлдээ “хүн төрөлхтний түүхэнд оруулсан монголчуудын 10 хувь нэмэр”-т үүнийг оруулан нэрлэсэн байдаг.
Монголын түүх утга зохиолын гайхамшигт дурсгал “Монголын нууц товчоо”-ны зохиомжоос Загалмай мөргөлтний ариун судрын зохиомж нэвт ханхалдаг. Монголын язгууртнууд “Библи” судартай танилцаад, Ертөнцийн эзэнд итгэх нэг нь итгэсэн биз. Харин бичиг номын мэргэд нь судрын зохиомжийг Бурхан шүтээн, тэнгэрийн хөвүүдийн намтар цадигийг өгүүлэх аргачлал талаас нь харсан бололтой. Ингээд “Дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чино-гаас…” эхэлсэн Чингис хааныхаа түүхийг туурвисан байдалтай.
“Монголын нууц товчоо” нь цаад дуурайсан зохиомжоосоо хамаараад үлгэр домгийн шинжтэй зүйлс олон байдгийн жишээ нь, Алангуа эхийн “гэрэл”-ээс жирэмсэлж буй хэсэг бөгөөд Иусус Христос эхийн хэвлийд ариунаар домгийг өөрийн эрхгүй санагдуулдаг.
Монголчууд улмаар тэнгэрлэг-түүх туурвилаа бодит, бүрэн хэмжээний, бүтэн цогцолбор болгох арга эрэлхийлж эхлэв. Перс дахинытүүхэн тэмдэглэл бичдэг уламжлалыг мөнөөх “Тэнгэрийн хөвүүдийн түүх” бичдэг аргачлалтайгаа хослуулан нийт үндэстэн, их гүрний универсаль түүх болгон бичүүлж эхэлжээ. Чингис хааныг тэнгэрт халихаас жилийн өмнө төрсөн Сири гаралтай түүхч Ата Малик Жувейни Монголын хаадын уг удам хийгээд байлдан дагуулалтынх нь түүхийг бичих үүрэг хүлээж, их гүрний нийслэл Хархорумд хүртэл ирж байв. Монголчуудын гарал үүслээс эхлээд Гүегийн үхэл, Зүчи, Цагадайн удам судрын тухай өгүүлэх түүний бүтээл “Ертөнцийн байлдан дагуулагчийн түүх” нэртэй.
Түүнээс илүү алдаршсан өөр нэг түүхч бол Илхаан Газангийн зарлигаар “Судрын чуулган”-ыг туурвисан Рашид Эд дин бөлгөө. Рашид Эд диний бүтээл Монголын ба Дэлхий дахины түүхийг өгүүлэх хоёр хэсэгтэй бөгөөд эхний хэсэгт Чингис хаан ба монголчуудын түүх, мөн Ираны тухай гарна. Харин удаахь хэсэг нь Исламын өмнөх дэлхийн түүхээс эхлээд монголчуудын байлдан дагуулсан улс үндэстэн Сельжук, Хорезмшахаас эхлээд Хятад, Ромын түүхийг өгүүлнэ.
Монголчуудын удирдлага, санаачилгаар бүтсэн эдгээр гайхамшиг түүхийн бичмэл нь өрнө дахины суурин ард түмний сан хөмрөгт хадгалагдсан хэсэг нь өнөөг хүрчээ. Өөрсдөдөө авч үлдсэн байж таарах хувь нь зуунаас зуун дамжсан мянган нүүдлийн замд гээгдсэн бололтой.
Гэвч сурвалжит айлууд, нүүдэлчин язгууртны номын гэрт их түүхийн янз бүрийн хувилбар, бичвэрүүд үлдэж, өвлөгдсөөр, бичиг номын мэргэд нь сэргээн туурвисаар ирсэн бөлгөө. Саган цэцэн, Галдан туслагч, Асрагч Нэрт буюу Жамба захирагч, Зава Дамдин зэрэг олон түүхчдийн нэр сурах бичигт өрөөстэй бий.
Мөн “Алтан дэвтэр”, “Богд баатар биеэр дайлсан нь” гэхчлэнгийн Рашид Эд дины бүтээлд ишлэгддэг, хожим олдоогүй, (олж амжаагүй байгаа ч гэмээр юмуу) түүхийн олон сурвалж бас дурдагддаг аж. Монголын коммунист бөгөөд анхны “шинжлэх ухаанлаг” түүхэнд “Алтандэвтэр”-ийг“.. нууц товчоог бодвол уран зохиолтой холилдоогүй, жинхэнэ түүхийн он дарааллын бичиг байсан бололтой” гэж үнэлсэн нь буй.
XVI зуунаас Монголд Буддын шашны Зонховын урсгал дэлгэрч, нийт үндэстний шүтлэг болон нутагшив. Шашин нь итгэл үнэмшил, ёс суртахуун, бичиг соёл, ертөнцийг таних өөрийн аргачлалын цогц болон дэлгэрлээ. Түүх бичлэгт өөрийн аргачлалаа ч нэвтрүүлэв. Шашны сургуультай, сүм хийдийн боловсролтой түүхчид “Монголын нууц товчоо”-ны“библи”-лиг чанараас ангижруулаад “Будда”-лиг, нарийндаа шар малгайтны шашны өлгий болох “Төвд”-лиг арга барил, хандлагаар шинэчлэн бичив. 1634 онд бүтээгдсэн Лувсанданзаны “Алтан товч” бүтээлд Чингис хааны уг язгуур Энэтхэг, Төвд рүү чиглээд явчихлаа. Энэ хандлага ХХ зууны эхэн үеийн санваартан-түүхч Зава Дамдины бүтээлд тод харагддаг.
“…Их эзэн Чингэс хааны удам дамжлагыг өгүүлбээс урьд энэтхэг хутагтын оронд Махамсамвхади буюу олноо өргөмжлөгдсөн хаан хэмээгч нэгэн гарсан бөгөөд тэр хааны удмын нэг сая нэг бум хоёр түм таван зуун мянга гаруй хаан гарсны дараа бурхан Шагжаамун (ханхүү.зох) энэхүү замбуутивд залраад…
…”Лижази нар язгуурт гарна” хэмээн Төвдийн хааныг иш үзүүлэх сударт гарсанчлан хутагтын орны Янбажинд шагжа лизажийн язгуурын нэгэн хаанаас билиг төгөлдөр хүү мэндэлсэн(ийг)… шинжээчид шинжиж эс чадаад муу ёр байх гэж сэжиглээд…мөрөнд үйснийг нэгэн тариачин олоод өсгөжээ.
…Төвд орны хаан болгох нь зохистой гэж…Төвдийн бүх иргэд сөхрөн үйлдсэнээр түүний алдрыг Няатизанбуу хэмээн нэрлэжээ. Түүний хөвгүүдийн удам дэс дараачлан Мүтизанбуу, Дэнтизанбу, Сотизанбу, Мэртизанбу, Дагтизанбу, Сривтизанбу буюу тэнгэрийн долоон ширээт гарсан юм. Түүний дараа Муу Оюут түшмэл гэгч бээр Сривтизанбугийн хүү Тигумзанбууг хөнөөгөөд хаан суудалд суужээ.
Дээр номлосон Тигумзанбугийн бага хүү Няти буюу монгол хэлэнд Бортасэвэ (Бөртэчино) хэмээгч тэр бээр Гонбу нутгаас хатан Гуамаралыг авч, түүнийг дагуулан Монгол оронд залраад, Байгаль нуурын захын Бурхангалдун уул хэмээх нутагт иржээ” Зава Дамдин. Тал63-69
ТҮҮХЭН ДОМОГ БА ДОМОГЛОСОН ТҮҮХ
Монголчуудын түүхээ бүтээх, үндэстнийхээ ой санамжид хадгалах арга барилыг нөгөө талаас нь харвал бас сонирхолтой. Бэлчээр нутгийнхаа даацаас хамаараад гэр бүлээрээ, сайндаа ах дүүсээрээ айлсан нүүж явдаг малчин, нүүдэлчин ард түмэнд хүүхэд багачуудаа нэг дор сургаж, үндэстнийхээ түүх, соёлын мэдлэгийг уламжлуулах боломж байхгүйтэй адил. Иймээс үрийн үрд санаж явах учиртай мэдрэмж, өнгөрсний сургамж, үе үеийнхний сэтгэлд хоногших учиртай нийтлэг сэрэмжийг өвлүүлэх арга олсон нь түүхийг домог болгох арга юм.
Сонирхолтой адал явдал оролцуулан зохиомжилсон олон арван үлгэр, домог нь хүүхдийг хүмүүжүүлэх арга, монгол хүний мартаж болохгүй хүсэл эрмэлзлийг дамжуулах боломжийг олгоно. Энэ байдал нь ялангуяа Манжийн эзэрхийллийн үед онцгой илэрч байсан бололтой. Үндэсний сурган хүмүүжүүлэх өвд байдаг “Монгол хүн тэгдэггүй” гэсэн ёс суртахууны хорио цээр, “Монголоо алдмар!” гэхчлэнгийн зэмлэл нь “чи монгол хүн” гэдгийг үргэлж сануулж, Алунгоо гоо эх таван хүүхдээ хэрэлдэхийн цагт “хугалтугай” хэмээн нэг нэг болон багц сум өгсөн тухай өгүүлэх домогжсон түүх нь хоорондоо эвгүй байснаас хүний эрхэнд орсон ба цаашдаа багц сум мэт эвтэй байвал тусгаар тогтнолоо сэргээхийг ухуулна. Хүүхдүүд сумыг нэг нэгээр нь хялбар хугалж байсан боловч нийлүүлж багцалсан таван сумыг хугалж дийлэхгүй байжээ.
Алунгоо эх хүүхдүүддээ “Та нар нэг нэгээрээ салж, эв муутай явбал дайсанд амархан дийлдэнэ. Харин хоорондоо эвтэй, багцалж боосон таван сум мэт явбал хэнд ч үл дийлдэнэ” хэмээн сургасан аж.
Баруун монголчуудын дунд ХХ зууны эхийг хүртэл зуунаас зуун дамжин амьдарсан “Манжийн эсрэг тэмцээд дийлдсэн Амарсанаа баатар шидийг олж, Орос оронд одоо болтол байгаа бөгөөд ойрын үед ирж үндэстнээ чөлөөлөх” тухай домог байна. Энэ домгийн мөрөөр Монголд ирсэн Дамбийжаа хэмээх овжин эр өөрийгөө “Амурсанаев” буюу Амарсанаагийн хүү хэмээн зарлаж, хэсэгхэн зуур баруун Монголын “хаан” болоод амжсан юм.
Уламжлалт энэ арга нь сүүлдээ тухайн тогтоц, эрх баригчдын сонирхолд нийцүүлэн түүх зохиох арга буюу домоглох менежмэнт болон хөгжсөн юм. Тухайлбал, Чин гүрний хаан бумбын сурталт Энх-Амгаланг шарын шашны “Манзушри бурханы хувилгаан”, цагаантны генерал Барон Унгернийг “тавдугаар богдын хувилгаан” хэмээн сурталчилж, үнэмшүүлж байсан бөлгөө.
Нүүдэлчин түүхээ сэргээх, бичигдээд мартагдсан устсан түүх бичлэгийн бүтээлийг тодруулах хоёр чиг байна. Нэгд, хөрш гүрнүүд болон бусад орны түүхнээ туссан байдал, мөн ишлэгдсэн, уг сурвалж болсон байдлаар (Монголын түүхийг бичсэн Рашид Эд дин, Жувейни гм гм) тодруулсан.
Иргэншин суурьших, коммунизм байгуулах хоёр ажилд зэрэгцэн орсон БНМАУ-д 1930-аад оноос улсынхаа түүхийг өрнөдийн маягаар бичих ажлыг зохион байгуулж эхэлжээ. Амар сайд, судлаач Л.Дэндэв, хувьсгалч, Х.Чойбалсан, Л.Лосол, Г.Дэмид, түүнчлэн Н.Магсаржав, Б.Ишдоржнар Монголын түүхийн үеийг хуваарилан авч хоёр ч “Монголын товч түүх” мөн “Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсч байгуулагдсан товч түүх”, “Монгол Улсын шинэ түүх” зэргийг туурвижээ. Эдгээр түүхийг судлаачид сонирхолтой сурвалж болохын зэрэгцээ “дурсамж, хуучийн дундах түүх” болсон гэж үздэг.
Анхны шинжлэх ухаанч бөгөөд хувьсгалч түүх болох “БНМАУ-ын түүх” нэг боть1955 онд гарчээ. Сүхбаатарын намтрыг Ш.Нацагдорж 1942(4?) онд, Чойбалсангийн түүхийг Навааннамжил 1944, 1945 онд, Чойбалсан өөрөө “удирдаж хийсэн” хувьсгалынхаа түүхийг 1934, 1950, “Нөхөр Чойбалсангийн амьдрал үйл явдлын тухай” 1945, он зэргийг тус тус зохиосон нь хувьсгалт домог зүйн тулгын чулуу болов.
Түүх бүтээсэн зорилго нь болсон зүйлийг үнэн мөнөөр нь эрэмбэлэхээс илүүтэйгээр хувьсгалын үзэл суртлыг магтах буюу Монгол нутагт өрнүүлсэн аймшигт хүчирхийлэл, аллагыг зөвтгөхөд чиглэсэн юм.
Монголын түүх бичлэгийн өмнөх үед үйл явдлыг Загалмайн болон шарын шашны байдлаар домогжуулж байсан бол ХХ зууны түүх нь “хувьсгалын домог” байдлаар зохиогдов. Угаасаа түүхийг үлдээх уламжлалтай, түүндээ үнэмших сурталтай ард түмэн хувьсгалч түүх соёолох сайхан хөрс болов.
Харьцангуй орчин үед зохиогдож байгаа түүх учраас “Чингис хаан орос хүн байсан, Алангуа эх таван хүүдээ “орос эхнэр авах”-ыг зөвлөсөн байдлаар хийгдсэнгүй. Угаасаа ч Монголд пролетарийн хувьсгалыг туршин хийж буй Зөвлөлт засаг Чингис хааныг үздэггүй байв. Харин түүний оронд монголчууд Манжийн дарлалд аймшигтай шаналж байгаад Богд хаант Монгол Улсын үед үргэлжлүүлэн гасалсан тул хувьсгалт хүчирхийллээр л аварсан, монгол айл бүр эзэн ноёндоо дарамтлуулж үеийн үед шаналсан ба ардын хувьсгалаар л толгой өндийсөн, ийм учраас хувьсгалаас өөр сонголт байхгүй, түүнээс өөр маргааш үгүй. Шинэ түүх бүтээхийн утга учир энэ.
Ингээд түүндээ тохируулан олон олон “болсон явдал” маягийн домог зохиол эхэлсэн. Сүхбаатарыг Богд хааны оточ эмийн оронд хор өгч алсан маягаар хийсэн уран сайхны дүрслэл 1942 онд бүтээгдсэн Ленфильмийн хамтарсан кинонд орсон байна. Харин энэ сюжет 1955 он гэхэд аль хэдийнэ албан ёсны түүх болж “Тэд Сүхбаатарын өвчтэй байсныг далимдуулан эмч явуулж, эмийн оронд хор өгчээ” хэмээн бичигдэх болов.
Ийм байдлыг нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн бээр “БНМАУ-ын түүх” нэгэн боть зохиолын шинэ хувилбарт өгсөн сануулга”-даа “БНМАУ-ын түүх”-ийн (нэгэн боть) шинэ хувилбарыг (1955 онд анх гарсан.зох) уншихад тус орны үйлдвэрлэх хүчин, Монголын эдийн засаг, соёл мянган жилийн турш унасаар, эвдэрч сүйдсээр байжээ. Гэвч хэзээ сэргэлт, дэвшил байсныг заасангүй нь ажиглагдаж байна… XIII зуунд унасан, XIV, XV зуунд унасан, XVIII зуунд унасан, XIX зуун, XX зууны эхээр бас л унасан гэсэн ганцхан дүгнэлтийг хийж болохоор байна…” хэмээн тэмдэглэсэн байдаг…..