Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өлсгөлөн зарлагчдыг албадан буулгаагүй”

Ноён уулыг аврах, Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэн, 12 хоногийн турш өлсгөлөн зарласан “Босоо хөх Монгол” бүлгэмийн найман гишүүнийг өнгөрсөн шөнө тараасан тухай мэдээлсэн билээ. Тус бүлгэмээс шаардлагынхаа хариуг нааштайгаар хүлээж авахгүй бол хуурай өлсгөлөнд шилжиж, амь биеэ золино гэж өчигдөр мэдэгдээд байсан юм.

Босоо хөх монгол бүлгэмийнхэн цахим хуудсандаа энэ талаар “Хоёрдугаар сарын 24-ий 00:50 цагийн үед хэлмэгдсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлаж байсан долоон иргэн, тэднийг хамгаалж байсан 70 гаруй иргэдийг цагдаа, тусгайгийнхны хүчээр сүлжээ унагагч ашиглан, мэдээллийг гадагш цацахаас сэргийлж, хаалттайгаар бүгдийг буулгаад ачаад явчихлаа. Тэднийг Чингэлтэй дүүргийн эмнэлэг дээр аваачсан байна” гэж мэдэгдсэн.

Харин ЦЕГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Баатархүү Чухам шалтгаанаар өлсгөлөн зарлаж байсан иргэдийг тараасан талаар хэвлэлийнхэнд өгсөн тайлбартаа “Өлсгөлөн зарлаж буй долоон иргэний биеийн байдал дордож, цаашид хүний амь нас эрсдэх нөхцөл үүссэн болохыг эмнэлгийн байгууллагаас тогтоосон тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар албадан эмчлэх шийдвэр гарсан. Энэхүү захирамжийн биелэлтэд буюу нийтийн эрүүл мэндийг хамгаалахад цагдаагийн байгууллага хамгаалалтад гарч ажилласан. Анх найман иргэн өлсгөлөн зарласан. Нэг иргэн эрүүл мэндийн шалтгаанаар эмчлүүлж байгаа. Харин нэг иргэн биднийг очиход өлсгөлөн зарлаж байгаа гэх газраа байгаагүй. Тиймээс тэнд байсан зургаан иргэнийг эмчилгээнд хамруулаад байна” гэлээ. Цагдаагийн алба хаагчид хүч хэрэглэсэн гэх мэдээллийг тодруулахад “ Ямар нэгэн хүч хэрэглэсэнасуудал байхгүй. Албадан эмчилгээнд хамруулах тухай иргэдэд танилцуулахад ухамсартайгаар хүлээн авч, сайн дураараа эмнэлгийн байгууллага руу явсан. Мөн өлсгөлөн зарлаж байсан иргэдийг дэмжиж байсан бүлгэмийн гишүүд болон бусад дэмжигчид өөрсдийн санаачлагаар барьсан гэрийг буулгаж авч явцгаасан. Ямар нэгэн үйл ойголцол, зөрчил гараагүй. Эмнэлгийн байгууллагаас эдгээр иргэдийн хэвтүүлэн эмчлэх өрөө, эмчлэх эмч нарыг томилох асуудалд багагүй цаг зарцуулсан. Мөн тухайн орчин хотын төв хэсэгт байрлаж байгаа тул тухайн орчинд үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх, мөн зам хааж байж ажиллагааг зохион байгуулсан тул хотын төвөөр зорчиж байгаа иргэдийн хөдөлгөөнд саад болохгүй байх үүднээс шөнөөр энэхүү ажиллагааг зохион байгуулсан” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *