Бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхээр шийдэн хүний эрхийг дээдэлснээс хойш 20 гаруй жил өнгөрлөө. Монгол улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэг “Хүний эрх, эрх чөлөө” гэдэг нэртэй бөгөөд энд монгол хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөрөнгө эзэмших, өмчлөх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, өндөр наслах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, сурч боловсрох, халдашгүй, чөлөөтэй байх зэрэг эрхүүдийг тунхагласаныг бид бүхэн мэдэж байгаа.
Энэ тунхаг хэрхэн хэрэгжиж байна вэ. Хүмүүнлэг нийгэмд хүний эрхийг цаасан дээр тунхаглах нь нэг хэрэг, харин түүнийг хэрэгжүүлэх баталгаа буюу механизмыг бүрдүүлэх нь тийм амар хэрэг биш гэдэг нь өнгөрсөн хугацаанд харагдлаа.
Барууны өндөр хөгжилтэй орнуудад хүний эрхийг баталгаажуулах олон механизмуудыг зах зээлийн зарчимд нийцүүлэн хэрэгжүүлж байдгийн гол хэсэг нь даатгал юм байна. 1966 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2200А тоот тогтоолоор баталсан “Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн талаархи олон улсын гэрээ”-нд “Энэхүү гэрээнд оролцогч улс орнууд нийгмийн даатгалыг оролцуулан хүн бүрийн нийгмийн хангамж эдлэх эрхийг хүлээн зөвшөөрнө” гэж заажээ.
Манай улсад социализмын үеэс эхлэн нийгмийн даатгалыг хэрэгжүүлж ирсэн бөгөөд одоо хэрэгжиж байгаа даатгалын тогтолцоо нь түүнээс улбаатай. Энэ утгаараа одоогийн даатгалын тогтолцоо нь социализмын үеийн халамжийн шинжийг агуулсан хэвээрээ байгаа бөгөөд энэ ч утгаараа зах зээлийн зарчмыг бүрэн хангахгүй, учир дутагдалтай байгааг судлаачид сүүлийн үед ихээхэн шүүмжилж байгаа. Мэргэжлийн хүмүүс ингэж шүүмжлэхийн хамтаар одоогийн даатгалын тогтолцоо зах зээлийн шинжид төдийлөн нийцэхгүй байгаагаас цаашдаа явцгүй болж байгааг төр засаг ч ойлгож, ярьдаг болсон байна билээ.
Амьдралын даатгал нь эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг өргөн хүрээгээр даатгадаг ажиллагаа юм. Одоогийн нийгмийн даатгалтай харьцуулбал гэнэтийн ослоос гадна бүх төрлийн өвчин эмгэгээс даатгадгаараа давуутай. Мөн амь насыг тань таны эд хөрөнгөтэй, тухайлбал,орон сууцны зээл төлөх хугацаатай уялдуулсан зээлдэгчийн амь насны даатгал ч байна.Таны амь насыг зөвхөн Монголдоо даатгаад зогсохгүй, дэлхийн аль ч оронд өдөр шөнөгүй үйлчлэх амь нас, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалтаас даатгах үйлчилгээнд ч хамруулна.
Амьдралын даатгал нь амь нас, эрүүл мэндээс гадна хүний амьдрал ахуй, амьжиргааг мөн даатгаж байна. Амьжиргаа гэдгийн доор нэмэлт тэтгэвэр, тэтгэврийн даатгалын өв залгамжлал, эрүүл мэндийн онцгой даатгалууд, хүүхдийн их, дээд сургуулийн төлбөрийн хуримтлал зэргийг хамруулан хэрэгжүүлдэг ажээ.
Амьдралын даатгалын энэ онцлогийг товчлон тодорхойлбол, эд баялаг, эд хөрөнгийг ердийн даатгалд даатгадаг бол хүний амь нас, ахуй амьжиргаа, баялаг бүтээгчдийг өөрийг нь амьдралын даатгалд даатгадаг юм байна. Амьдралын даатгал нь ингэж Үндсэн хуульд заасан хүний амьд явах эрхийг илүү өргөн хүрээтэй хэрэгжүүлдэг.
Европод 17-18-р зууны зааг дээр амьдралын даатгалыг далайн тээврийн даатгалд нэмэлт болгон бие даасан бизнес хэлбэрээр үүсгэн байгуулжээ. Өөрөөр хэлбэл, далайн хөлөг онгоц болон ачаа барааг даатгахын хажуугаар хөлөг онгоцны ахмадын амь насыг урт хугацаагаар даатгадаг байжээ. Ийнхүү эрдэнэт хүний амь насыг ачаа бараанаас илүүгээр үнэлж, түүгээр ч барахгүй, олон жилээр, урт хугацаанд даатгадаг болсноор даатгалын тогтолцооны хөгжилд чанарын нэг алхам хийгдэж, амьдралын даатгал үүссэн түүхтэй юм.
Амьдралын даатгал нь үнэхээр хүний амьдралын боломжит хэрэгцээ шаардлагыг аль болох бүрэн дүүрэн хангах зорилгоо улам бүр биелүүлэх болж, 1740 онд “Сайхан амьдралын нийгэмлэг”-ийг байгуулсан бол дараагаар анхны даатгалын компани “Шударга амьдралын даатгалын нийгэмлэг”нэртэйгээр үүгсэн байгуулагдаж, өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.
Цюрихт байрладаг Швейцарийн давхар даатгалын Swiss Re компанийн мэдээгээр 2013 онд дэлхийн хэмжээгээр амьдралын даатгалын нийт хураамжийн хэмжээ 2.6 их наяд ам.долларбайгаа бол ердийн /амьдралын бус/ даатгалын хураамжийн хэмжээ 2.0их наяд ам.доллар байгаа ажээ. Энэ нь зах зээлийн эдийн засагт амьдралын даатгал илүү ач холбогдолтой байдгийг харуулж байгаа юм.
Хүний эрхэд илүү нийцсэн амьдралын даатгалын ердийн даатгалаас ялгагдах нэг зарчмын шинж бол түүний хуримтлалын шинэ чанар юм. Чухамхүү хүний амьдрал цаг хугацааны хувьд тасралтгүй үргэлжилдэг учраас мөнгөн хөрөнгийг хуримтлуулан нэмэгдүүлэх замаар хүний эрхийг эрсдлээс хамгаалдагаараа амьдралын даатгал гарцаагүй давуу талтай байдаг.
Одоогийн манайд хэрэгжиж байгаа нийгмийн даатгал нь хүн бүрийн эрхийг бүрэн дүүрэн хангах баталгаа болж чадахгүй байгаа юм. Судлаачдын хийсэн тооцоогоор иргэд нийгмийн даатгалд төлсөн мөнгөнийхөө маш бага хэсгийг хүртэж байгаа бөгөөд хуульд заасны дагуу хүүтэйгээр өсгөсөн тохиолдолд ч гэсэн тэтгэврийнхэн нийгмийн даатгалд төлсөн мөнгөнийхөө сарын хүүгийнтодорхой хувийгл хүртэх боломжтой ажээ. Германы эрдэмтэн Эрнест Бендагийн үзэж байгаагаар хүний нэг чухал эрх болох өөрөө өөрийгөө мэдэх эрхийн үүднээс авч үзвэл, иргэдийг амьдралын даатгалд хамруулсан тохиолдолд даатгалын шимтгэл төлөгч хувь хүн мөнгөө өөрөө өөртөө зориулан хуримтлуулж, хүссэн үедээ хуримтлуулсан мөнгөө зарцуулах эрхээ эдэлж, энэ эрхээ даатгалын механизмаар хамгаалуулснаар хүний эрх илүү баталгаажих болно.
Орчин үеийн судлаачдын үзэж байгаагаар, нэг хүний эрх, эрх чөлөө таньтай зэрэгцэн амьдарч байгаа бусад хүмүүсийн эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагдаж байдаг боловч ийм хязгаарлалт аль болох бага байвал хүний эрх илүү хэрэгждэг ажээ. Энэ утгаараа, одоогийн манай нийгмийн даатгалын тогтолцоонд хэрэгжиж байгаа “эв санааны нэгдлийн зарчим” нь амьдралын даатгалтай харьцуулахад хүний эрхийг хязгаарлаад байгаа юм.
Үүнтэй холбогдуулан амьдралын даатгалын зарим төрлүүдийг авч үзье.
Одоогийн тэтгэврийн даатгалын хувьд даатгал төлөгч нь хуулиар тогтоосон, өөрийнхөө цалингаас хамаарсан, тогтмол хэмжээний даатгалын шимтгэл төлж байгаад тэтгэвэртээ гарахаараа шимтгэлийн хэмжээнээс хамааруулан улсаас тогтоосон тэтгэвэр авдаг. Ийм тэтгэвэр авч байгаад амь нас нь эрсэдсэн тохиолдолд тодорхой хэмжээний мөнгөн төлбөр аваад л зогсоно. Өмнө нь ажил хөдөлмөр эрхэлж байсан бүх хугацаанд төлсөн даатгалын хураамж тэр хүний ар гэрт ногдохгүй дуусна.
Манай оронд сүүлийн үед амьдралын даатгалын нэг төрөл болгон хэрэгжүүлж байгаа тэтгэврийн хуримтлалын даатгал бол тэтгэвэрт гарахаараа авах тэтгэврийнхээ хэмжээг хувь хүн өөрөө урьдчилан тогтоогоод түүндээ дүйцсэн даатгалын хураамжийг тогтмол төлж, энэ хураамж нь урт хугацаанд хуримтлагдах юм. Ингээд тэтгэвэртээ гарсан хүн урьдчилан тогтоосон тэтгэврээ авна. Тэтгэвэр авч байгаад амь нас нь эрсдвэл хуримтлуулсан даатгалын хураамжийнх нь үлдсэн хэсгийг ар гэрт нь олгоно. Даатгуулагч нь энэ үлдсэн хэсгээ урьдчилаад хэн нэгэнд өвлүүлэн үлдээж болно. Хуримтлуулсан хураамжаа өөрийн хүссэн үед авч зарцуулж болно. Хуримтлал үүсгэж байх явцад гэнэтийн осолд орсон тохиолдолд мөн холбогдох хамгаалалтуудыг авч хэрэглэнэ.
Энэ бүхэн нь амьдралын даатгал нь хүний эрх, эрх ашигт илүү нийцэж, Үндсэн хуульд заасан өндөр наслах эрхийг илүү хэрэгжүүлж байгааг тодорхой харуулж байгаа юм. Сүүлийн жилүүдэд амьдралын даатгалын энэ чухал шинжийг хэрэгжүүлэх зорилгоор төрийн байгууллагаас “хамтын тэтгэврийн даатгал”-ыг хуульчлах талаар санаачилга гаргаж байна.
Амьдралын даатгалын бас нэг төрөл бол хүүхдийн сургалтын төлбөрийн хуримтлалын даатгал юм. Энэ тохиолдолд эцэг, эх нь хүүхдийнхээ их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн хуримтлалд сар шимтгэл төлж даатгал хамрагдсанаар 18 нас хүрсэн хүүхэд их, дээд сургуульд суралцах 4 жилийн хугацаанд сургалтын төлбөрөө бүрдүүлнэ. Их, дээд сургуульд ороогүй хүүхдүүд хуримлуулсан даатгалын хураамжаа авна. Даатгал үйлчлэх хугацаанд эцэг, эхийн аль нэгний амь нас эрсдвэл хүүхдэд 18 нас хүртэл даатгалаас тэтгэмж авна. Даатгалын хугацаанд хүүхдэд эмчилгээний зардал шаардлагатай болсон тохиолдолд хуримтлалаасаа зардал авч болно.
Энэ нь бас л Үндсэн хуульд заасан сурч боловсрох эрхийг илүү үр дүнтэй, санхүүгийн хувьд ачаалал багатай хэрэгжүүлж болдогийн тодорхой жишээ юм.
Ийм учраас зах зээлийн эдийн засаг хөгжсөн, хүмүүнлэг нийгэм бүрдүүлсэн гэгддэг өндөр хөгжилтэй орнуудад хүний эрхийг хэрэгжүүлдэг гол механизм болсон амьдралын даатгалд илүү ач холбогдол өгч байдаг юм байна.
Эдийн засагч С.ЭНХБААТАР