Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн Засаг дарга АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Профессор Жэймс С.Фишкинийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн урилгаар АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкин Улаанбаатар хотод ирлээ. Тэрээр 02 дугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллана. Ажлын төлөвлөгөөний дагуу өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хүндэт зочин болон албаны төлөөлөгчдийг нийслэлийн хүндэтгэлийн гэрт хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Хотын дарга “Миний урилгыг хүлээн авч, Монголын уламжлалт сар шинийн баярын өдрүүд тохиож буй энэ сайхан өдөр Улаанбаатар хотод зочилж байгаа танд талархал илэрхийлье. Монголчууд бид эдгээр өдрүүдэд уулзсан хүмүүсийнхээ амар мэндийг эрж хөөрөг зөрүүлэн, тамхиладаг уламжлалтай” гээд ноён Жэймс С.Фишкинтэй хөөрөг зөрүүлсэн юм. Харин ноён Жэймс С.Фишкин “Юуны өмнө Монгол сайхан нутагт, тэр дундаа Улаанбаатар хотод зочилж байгаадаа туйлын их таатай байна. Өнөөдөр тантай уулзаж байгаа минь нэр төрийн хэрэг. АНУ-ын Стэнфордын Их сургуулийн эрдэмтэн, профессорууд таныг Монголд ардчилсан хувьсгал өрнөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан, эрхэм хүн хэмээн хүндэтгэдэг” хэмээн хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Таны хийж буй ажил бидэнд ихээхэн хэрэгцээ, шаардлагатай байгаа тул Улаанбаатар хотод зочлохыг урьсан. Учир нь манай нийслэлийн шинэчлэлийн баг ажилласнаасаа хойш аливаа шийдвэр гаргахдаа иргэдээсээ асууж, тэдний санал, бодлыг шийдвэртээ тусгахыг хичээж ажиллаж байна. Гэвч зарим тохиолдолд иргэдээс авч буй санал маань үр дүнтэй биш төдийгүй байгаа олохгүй байна уу даа гэсэн бодол байна. Жишээ нь Улаанбаатар хот анх удаа хогны зориулалтын уутыг ашиглаж эхэлсэн. Үүнийг ашиглахаасаа өмнө би өөрийн биеэр явж иргэдэд танилцуулан, санал авсан. Тухайн үед бүгд л шахуу дэмжиж байна гэж санал, сэтгэгдлээ илэрхийлж байсан атал яг уутаа тараагаад ашиглаад эхлэхэд эсрэгээрээ болж таарсан. Магадгүй мөнгөн дүн, улс төрийн явуулга нөлөөлсөн байх л даа. Гэхдээ санал асуулга явуулж байгаа хэлбэр арай биш болж таараад байгаа юм. Нэг үгээр бид иргэдийнхээ саналыг авах биш өөрсдийнхөө саналыг дэмжүүлээд байгаа дүр зураг ажиглагдаад байна. Тиймээс таныг энэ асуудалд бидэнд үнэтэй зөвлөгөө өгч, хамтран ажиллана гэдэгт итгэж байна ” гэлээ.

Харин АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкин “Иргэдийнхээ саналыг ажил, шийдвэртэй тусгаж ажиллана гэдэг маш том дэвшил, давуу тал. Та бүхнийг үүнд санаа тавин, үр дүнг чухалчилж байгаад их таатай байна. Миний Улаанбаатар хотод ажиллах, ажлын төлөвлөгөөнд энэ асуудлаар лекц, уулзалт зохион байгуулагдана. Тухайн үед илүү дэлгэрэнгүй ярилцана гэж найдаж байна. Харин энэ удаад товчхон дурдхад, санал асуулгад нийгмийг төлөөлж чадахуйц иргэд оролцох ёстой. Мөн нэг удаа биш эхлээд төсөл, саналаа танилцуулж нэг санал, асуудлаа шийдвэр байдлаар давтан санал авах зэргээр баталгаажуулах шаардлагатай байдаг” гэж онцлон хэлсэн юм.

Дашрамд дурдхад, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкин нь АНУ-ын Елийн Их сургуулийн Улс төрийн Шинжлэх ухааны Бакалаврын зэрэг, Докторын зэрэгтэй. ИБУИНВУ-ын Кэмбриджийн Их сургуулийн Философийн Докторын зэрэгтэй Профессор юм. Ардчилал болон Нийтийн төлөөлөл, Шударга ёсын хэлэлцүүлэг, Иргэдийн дуу хоолой зэрэг номуудыг туурвиж, Deliberative Polling буюу Зөвлөлдөх ардчилал /Нийтийн төлөөлөллийн/ санал хураалтыг үүсгэн байгуулсан. АНУ, ИБУИНВУ, Австрали, Дани, Болгар, БНХАУ, Грек зэрэг орнуудад нийтийн төлөөллийн санал хураалтыг 40 гаруй удаа амжилттай хэрэгжүүлсэн.

Тэрээр Улаанбаатар хотод ажиллах өдрүүдийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгатай уулзах юм. Мөн нийслэл, дүүргийн удирдлагууд, МУ-ын Засгийн газар, Олон Улсын байгууллагуудын төлөөлөгч нарт “Зөвлөлдөх ардчилал” сэдвээр лекц уншин харилцан санал солилцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *