Өнөөдөр хаврын тэргүүн сарын шинийн тавны өлзий бэлгэтэй өдөр. Хөндийн жавар уясаж, хөр цасан захаасаа хайлмагтсан сар шинийн тэлэмгэр өдрүүдэд монголчуудын хэлсэн үг, хийсэн үйлдэл бүхэн учир ерөөлтэй байдаг. Аливаад бэлгэшээлийг бодож ирсэн ард түмэн билээ, бид. Тиймийн учир миний биеч бэлгэ ерөөлийг бодож сууна. Модон хонин жилд монголчууд бүтээн байгуулалтын их түүхээ эхлүүлнэ гэдэгт итгэл төгс байна. Морь жилийн сүүл хонин жилийн босгон дээр бид гурван саяулаа болсон. Хүн нэмбэл хүнс нэмдэг нь жам. Энэ онд эдийн засаг сэргэж, газар сайгүй бүтээн байгуулалт өрнөж Монгол Улс улмаа цэцэглэн хөгжих нь дамжиггүй.
Өнгөрөгч онд Монголын эрдэнэт мал сүрэг толгой бүрээр өсөж манай улс 51.9 сая толгой малтай болсон. 2013 онтой харьцуулахад 6.8 саяар буюу 15.1 хувиар өссөн. Мөн сүүлийн хэдэн жил аваагүй арвин ургац хураасан сайхан он жил болсныг бүгд мэднэ. Тодруулбал, 310.2 мянган га-гаас 491.7 мянган тонн үр тариа, 13.3 мянган га-гаас 161.0 мянган тонн төмс, 8.3 мянган га-гаас 102.5 мянган тонн хүнсний ногоо хураан авсан гэх албаны тоо баримт бий. Наяад оны дунд үеэс хойш ийм хэмжээний ургац хураасангүй гэж салбар яамных нь сайд мэдэгдэж байсан.
Эрдэнэт мал сүрэг минь толгой бүрээрээ өсөж, арвин ургац хураасан энэ цагт эдийн засаг хямарлаа, элгээрээ харуулдлаа гэж харуусахын хэрэг юусан билээ дээ. Малын буян, газар эхийн буян, уул усны буян гэж монголчуудад хэмжээлшгүй зүйл бий. Тавин хэдэн сая толгой малтай гурван сая монголчууд хэзээд ч гэдэс цатгалан байж таарна. За тэгээд тариан түрүү алтран сугсарч байхад гурил будаагаар дутахын зовлон гарна гэж үү. Дээрээс нь төрөл бүрийн хүнсний ногоогоо хашаа хашаандаа ургуулаад банжиж байдаг ард түмэн шүү дээ.
Сүүлийн хэдэн жилд бид цатгалдахын өвчнөөс өөр зүйлийг мэдрээгүй шиг санагдана. Өнөө “маханд хахдаг монголчууд машинд хахдаг болж, замбайд хахдаг монголчууд замд хахдаг болж” гэдэг шиг улсын маань нийслэл машин тэргээ багтааж ядахаа байсан. Дэлхийн баячуудын унадаг жийпүүдийг эгэл жирийн залуус хүлэглээд давхиж явна. Бидний амьдрал ийм л сайхан болсон. Гэтэл эдийн засгийн хямрал гэж цагийн салхийг дагаж намираад, юм л болбол ядуу хоосноо гайхан хар амлаж суух минь тийм ч таатай санагдахгүй л байна.
Төрийн орон сууцны корпорациар дамжуулж хичнээн ч иргэд орон байртай болов. Монголын төр найман хувийн зээл гаргаж иргэдээ байртай болгосон. Төрийн албан хаагчид энгийн иргэд хэн ч гэсэн энэхүү зээлд хамрагдах эрхтэй. Наад захын жишээ гэхэд “Буянт-Ухаа-1” хороололд 1764 айлын орон сууц баригдаж эхний таван зуун жар гаруй айл өрх өнгөрөгч оны дөрөвдүгээр сард байрандаа орсон. Аймаг бүрт 1000 айлын орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжээд явж байна.
Гарч буй хонин жилд монголчуудын сүүлийн хэдэн жил хүлээсэн, итгэл найдварын нь гол гогцоо нь болсон Тавантолгойн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжиж эхэлнэ. Одоогийн байдлаар Тавантолгойг ашиглах олон улсын консерциумд Монголын “Энержи ресурс”, Японы “Сумитомо”, Хятадын төрийн өмчит “Шинхуа” гэсэн гурван компани шалгараад байгаа. Оюутолгой хөдөлж эхэлсний дараахь жилүүдэд Монголын эдийн засаг сэргэсэн. Учир нь Оюутолгойн ханган нийлүүлэлтийн далаад хувийг Монголын компаниуд гүйцэтгэж байлаа. Айл өрх бүрт үр шим нь хүрч байлаа.
Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх хэлэлцээр амжилттай болбол эхний гурван жилд гурван тэрбум, дараагийн гучин жилд 94 тэрбум долларын ашиг монголчууд хүртэнэ гэсэн урьдчилсан тооцоог ажлын хэсгийнхэн гаргасан байдаг. Гол нь Тавантолгойн мега төслийн хэлэлцээр амжилттай болох хэрэгтэй. Монголчуудын маань амны хишиг, буян заяа гэж дэлхий ээж шигээ дэлгэмэл зүйл бий юм сан. Таван толгой, Оюу толгой хэмээх улс орны ирээдүй,цаашдын хувь заяанд тодорхой хэмжээгээр нөлөөлөх томоохон төслүүд амжилттай хэрэгжиж монгол хүн бүр ашиг шимийг нь хүртэх нь мэдээж. Сар шинийн өмнөхөн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан. Тус хурлаар Тавантолгойн асуудлыг авч үзэн төслийг саадгүй хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах, иргэдэд олгосон “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, хэлэлцээний явцын үр дүнг УИХ болон олон нийтэд танилцуулж байх чиглэлийг Засгийн газарт өгснийг энэ дашрамд дуулгая.
Хөхөгчин хэмээх модон хонин жилд Монгол Улс гуравдагч хөрш орон болох Япон улстай байгуулсан эдийн засгийн түүхэн хэлэлцээрээ хэрэгжүүлж эхэлнэ. Цагаан сарын өмнөхөн Монгол Улсын Ерөнхий сайд Япон улсад төрийн айлчлал хийх үеэрээ “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан. Монголчууд түүхэндээ анх удаа ийм хэлэлцээрийг байгуулж буй нь энэ. Японы хувьд энэхүү хэлэлцээрийг хийж буй 15 дахь орон нь Монгол болж байгаа юм билээ. Наран улстай эдийн засгийн хэлэлцээр хийсэн улс орнуудын хөрөнгө оруулалтын хэмжээ дандаа нэмэгдэж иржээ. Хамгийн өндөр нь Мексик юм гэсэн. Хөрөнгө оруулалт нь 70 хувь нэмэгдсэн жишээ дуулдана. Монгол Улсын эдийн засаг Мексик шиг далан хувиа больё гэхэд 15 хувь нэмэгдэхэд л хангалттай. Илт сэргээд ирнэ. Ийм л түүхэн хэлэлцээрт хонин жилийн босгон дээр хоёр улсын Ерөний сайд гарын үсэг зурсан.
Ерэн оны цагаан морин жилд ардчилал, эрх чөлөөний замыг сонгож хүний эрх, эрх чөлөөг дээдлэхээ дэлхий дахинд тунхагласан Монгол Улс одоо эдийн засгийн хувьд баталгаатай болж, бүтээн байгуулалтын шинэ эринд шилжих цаг нь нэгэнт болжээ. Бид энэхүү хорин таван жилийн хугацаанд алдаж онож, унаж босож ирлээ. Одоо хашир сууж улс шиг улс болох хэрэгтэй. Монгол хүн монгол хүндээ итгэж, бие биенээ дээд зэргээр хайрлан хүндэтгэх тэр сайхан он жил энэхүү хаврын тэргүүн сарын шинэдээс эхлээсэй билээ. Бид нэг нэгийгээ яасан их үзэн ядаж, амжилт гаргасан, гавьяа байгуулсан нэгэн рүүгээ атаа хорсол, арга ядсан муу муухай бүхнээ хайр найргүй цацаж ирэв. Одоо болоо юм биш үү. Юм хэмжээтэй байдаг. Цахим ертөнцөд нүүрээ нуусан хорсогчид ямар их болж улс орныг аалзны тор адил бүрхэв ээ. Монгол төрийн тэргүүн ч үүнийг хүлээн зөвшөөрч “Юмыг бүтээх биш нураах нь сайхан юм шиг. Мөнгө хүчээ үйлдвэрт бүтээн босголтод биш нэгнээ харлуулах, гутаах төлбөрт зориулах нь хожоотой мэт харагдах боллоо. Ингэж л эх орноо “хайрлах” нь зөв мэт. Ийм байдалд олон нийт ч автаж, түүнийг сөрсөн хэсэг нь улам нүд үзүүрлэгдэх янзтай” хэмээн “Өдрийн сонин”-д зориулж бичсэн “Сэтгэлгээний хувьсгал” нийтлэлдээ өгүүлсэн байдаг.
Мөн тэрээр Эрдэнэтийн орд өнөө цагт олдсон бол “Эрдэнэт” үйлдвэр баригдахгүй байх магадлалтайг, өнөө цагт монгол хүнд сансарт анх нисэх хувь тохиосон бол Гүррагчаа нисэхгүй ч байсан байж болохыг хэлээд “сансрын баатар минь цагаа олж төрсөн нь юутай гайхалтай” хэмээн дуу алдсан нь бий.
Монголчууд өөрөөс нь илүүтэй амжилт үзүүлсэн, өөрөөс нь илүү сайхан амьдарч яваа нэгэндээ амиа тавинхорсдог, нэг нүдээрээ ч үзэж чадалгүй элдэв муухайгаар доромжилж, увайгүй атаач зандаа хөтлөгдөж ирсэн учир түүхэндээ юуг ч байгуулж чадаагүй. Ялангуяа сүүлийн хорин таван жилд юуг ч бүтээсэнгүй. Дандаа л нэгнээ хараасан, зүхсэн, үл ойшоосон, гар барьж салаад цааш нэг алхаад л муулсан, хүүхнүүдийг нь больё эрчүүд нь уулзахаар хошуу амаа нийлүүлж хов ярьсан, хор найруулсан, талцсан, хэрэлдсэн ийм л дүр зургийг энэ хэдэн жилийн турш харлаа. Явж ирсэн зам мөр, он жилүүдийнхээ алдаа оноог дэнсэлж монгол хүн, монгол хүндээ итгэж, нэгнээ хүндэтгэж хүнлэг сайхан сэтгэлээр улс орныхоо эрин зууны бүтээн байгуулалтыг хамтдаа цогцлооё.
Н.ГАНТУЛГА