МАХН-ын дарга Н.Энхбаяр эцэг эх, элгэн садантайгаа золгохоор эх орондоо ирсэн гэнэ. Тэрбээр өнөөдөр намынхаа гишүүд дэмжигчид болон ахмадуудаа хүлээн авч золголоо.
МАХН-ын золголтын үеэр Н.Энхбаяр “XVII жарны модон хонь жил сайхан гарч байна. Эх орондоо ирж элгэн садан, ахмад настнууд, гишүүд дэмжигчид та бүхэнтэйгээ хамт сар шинийн баяраа тэмдэглэж байгаадаа баяртай байна. Бид хонь жилдээ зорилгодоо хүрч эв эеэр бүхнийг шийдэж, сайн сайхан бүхнийг цогцлоохын ерөөлийг дэвшүүлье” гэжээ.
Золголтод ирсэн ахмад настнууд ерөөлийн үгээ хэлж, МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг эх орондоо ирсэнд баяртай буйгаа илэрхийлжээ.
Золголтын үеэр Монгол Улсын сайд, МҮАН-ын дарга М.Энхсайхан намын удирдлагуудын хамтаар ирж Н.Энхбаяртай золгон хүндэтгэл үзүүлсэн юм.
МАХН-ын удирдлагууд мөн “Шударга ёсны төлөө” хүндэт тэмдэгээр намын гишүүдээ шагнасан байна.