Мэргэжлийн сумогийн “Шикэ хидэ” дэвжээний бөх Сэншёо Э.Баярбат өнгөрсөн нэгдүгээр сарын башёгийн сүүлийн өдөр сумогийн холбоонд зодог тайлах албан ёсны хүсэлтээ гаргажээ.
Сэншёо Э.Баярбатын зодог тайлж, гэзэг үргээх ёслол хоёрдугаар сарын 14-ний өдөр Токиогийн Вашингтон цогцолборт болсон байна. Энэхүү ёслолд Э.Баярбатын аав ээж, хамаатан садан, анд найз, түүнийг дэмжигч 250 гаруй зочин хүрэлцэн очиж хүндэтгэп үзүүлжээ.
Шикэ хидэ багш нь хэлэхдээ “2000 онд Монголоос барилдах сонирхолтой долоон хүүхэд бэлтгэл сургуулилт хийхээр Японд ирсний нэг нь миний шавь Сэншёо Э.Баярбат байсан. Их аварга Хакухо М.Даваажаргалтай хамт ирсэн, нэг оны сумоч юм. Ирсэн долоо дотроос ирээдүйд өсөх магадлал өндөртэй гэж багш бидний анхаарлыг татаж, хамгийн түрүүнд сонгогдон сумогийн хаалгыг татсан түүхтэй. Сумогийн хатуу ширүүн, баяр баясал хосолсон он цагийн урсгалаас шавь маань амьдралын их ухааныг олж авсан гэж итгэж байна. Хэрэв бэртэл гэмтэл аваагүй байсан бол шавьд маань аварга арслангийн бяр хүч бүрэн байсан гэж хэлэх байна” гэжээ.
Энхбаатарын Баярбат нь 1983 оны гуравдугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн. 2001 оны гурван сарын башёгоос гараагаа эхэлж нийт 83 башё барилдсанаас 300 даваа авсан юм. 2010 оны хаврын башёд Сандан, 2011 оны намрын башёд Макүшита тойрогт тус тус түрүүлж, жюүрёо зиндааны зүүн жигүүрийн 14-т чансаа ахин барилдаж байсан сайн сумочдын нэг билээ.
В.Даваа