ШӨХТГ-аас Ашигт малтмалын газрын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох болон хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагаанд хяналт хийж дүгнэлт гаргажээ. Хяналтаар АМГ нь Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуй эрхлэгчид өргөдөл гаргах эрхийг олгохдоо VPN төхөөрөмжийг 280,000 төгрөгөөр худалдан авсан байна. Уг төхөөрөмжийг ашиглан дугаар олгох цахим системд нэвтрэх эрхийг долоо хоногт 500,000, нэг сард 2,000,000 төгрөгөөр худалдан авсан байх шаардлагыг тавьдаг байна. Гэтэл ашигт малтмалын газарт уг төлбөрүүдийг хураан авах эрхийг олгосон шийдвэр буюу эрх зүйн үндэслэл байгаагүй аж. Мөн АМГ-ын зүгээс уг үйл ажиллагааг эрх зүйн үндэслэлгүйгээр, зөвхөн даргын тушаал гарган, аж ахуй эрхлэгчдийн хуулиар олгогдсон өргөдөл гаргах эрхийг хязгаарласан буюу хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшиж үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан байна. Иймд дээрх байдлаар Өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчиж гаргасан АМГ-ын хууль бус шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох арга хэмжээг авахаар ажиллаж байгаа гэв.
МУИС-Д ОЮУТАН ШИЛЖИН СУРАЛЦАХАД ТӨЛБӨРГҮЙ БОЛОВ
МУИС-ийн захирал оюутан шилжүүлэн суралцуулах журам батлах болон шилжилтийн төлбөр тогтоох тухай тушаалуудыг гаргаж, 2013-2014 оны хичээлийн жилд 241 оюутнаас хууль бусаар 347,182,000 төгрөг хураан авсан болох нь тогтоогдсон тул улсын байцаагчийн дүгнэлт гарч, зөрчил арилгуулахаар албан шаардлага хүргүүлсэн. МУИС-ийн зүгээс эсэргүүцэн ШӨХТГ-ын улсын байцаагч хууль бус шийдвэр гаргалаа хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаад байв. Асуудлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс байцаагчийн дүгнэлтийг бүхэлд нь хууль тогтоомжид нийцсэн гэж үзсэн байна. Харин 241 оюутнаас хууль бусаар авсан 347,182,000 төгрөгийг буцаан олгохыг шаардсан нь ШӨХТГ-ын бүрэн эрхэдхамаарахгүй тул хохирсон оюутнууд өөрсдөө нэхэмжлэх боломжтой гэж дүгнэжээ.
НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУУЛЬ БУС ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ АЖЭЭ
НИТХ-ын тэргүүлэгчдийн батлан гаргасан иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газарт кадастрын зураглал хийх аж ахуй эрхлэгчийг сонгон шалгаруулахаар шийдвэрлэсэн нь хууль бус болсон байна. Учир нь кадастрын зураг хийх тусгай зөвшөөрөл бүхий 200 гаруй аж ахуй эрхлэгчдээс дээрх журмын дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвхөн таван компанийг сонгож тэдэнд давуу эрх олгосон нь тухайн салбарт өрсөлдөөнийг хязгаарласан арга хэмжээ болсон аж. Иймд дээрх байдлаар Өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчиж гаргасан НИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрийг хүчингүй болгуулах талаар арга хэмжээг авахаар ажиллаж байна.
МОБИКОМ ХЭРЭГЛЭГЧТЭЙ БАЙГУУЛЖ БУЙ ГЭРЭЭ ИРГЭДИЙГ ХОХИРООЖ БАЙНА ГЭВ
“Мобиком корпораци” ХХК-ийн хэрэглэгчтэй байгуулж буй дараа төлбөрт үйлчилгээний гэрээ болон түүний нөхцөл нь холбогдох хууль тогтоомжид нийцэж буй талаар хянан шалгаж дүгнэлт гаргажээ. “Мобиком корпораци” ХХК нь үйлчилгээний үнэ тариф болон нөхцөлд өөрчлөлт оруулах тохиолдолд ажлын таваас доошгүй хоногийн өмнө мэдэгдэхээр гэрээндээ заасан байдаг. Гэтэл хэрэглэгч хэрэглээ хийгээгүй тохиолдолд суурь хураамж авдаггүй байсан нөхцөлийг өөрчилжээ. Хэрэглэгчтэй байгуулдаг гэрээнд Иргэний хуулиар тогтоосон нөхцөлийг зөрчсөн буюу компанийн сүлжээний тасалдал, доголдолын улмаас үүссэн хариуцлагыг хүлээхгүй байх, хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулахдаа зөвхөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэх гэсэн давуу эрхүүдийг өөрт олгож гэрээний тэгш байдлын зарчмыг алдагдуулсан аж. Хэрэглэгчдэд роуминг үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын мэдээллийг тодорхой өгдөггүйн улмаас хэрэглэгч өөрийн хэрэглээний үнэн зөвийг шалгах боломжгүй нөхцөл байдлыг бий болгожээ. Хяналт шалгалтын дүгнэлтээр тогтоосон зөрчлийг арилгахыг “Мобиком корпораци” ХХК-д улсын байцаагчийн албан шаардлагаар үүрэг болгож хэрэглэгчдийг хохиролгүй болгохоор ажиллаж байгаа аж.
ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙГ 16 КОМПАНИ ЗӨРЧЖЭЭ
“Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд Барилга, хот байгуулалтын яамтай хамтран цемент, ган туйван нийлүүлэх аж ахуйн нэгжүүдтэй үнэ тогтворжуулах гэрээг байгуулсан. Уг дэд хөтөлбөрт оролцсон аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээний үүргийн биелэлтэд шалгалт хийхэд “Монос констракшн” ХХК, “Монтул” ХХК, “Бүрд констракшн” ХХК, “Очир ням” ХХК, “Мост интернешнл” ХХК, “Орд гео” ХХК, “Төмөр транс” ХХК, “Таван богд трейд” ХХК, “Кью эс си” ХХК, “Пума” ХХК, “Анимук” ХХК, “Мөнгөн балгиа” ХХК, “Энх дөлгөөн далай” ХХК, “Баялаг говь” ХХК, “БОСБД” ХХК, “БТТ Инженеринг” ХХК зэрэг 16 компани нь гэрээний үүргээ зөрчиж, нийт 44.900.000.000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогдсон аж.
С.ЖАРГАЛ