Categories
мэдээ нийгэм

Гацуурт төслийн эдийн засгийн үр өгөөжийн тухайд

Алтан дээр сандайлсан гуйлгачид гэж хэзээ хэн нь Монголчууд биднийг хочилсныг мэдэхгүй ч 1992 оноос 2000 онд хэрэгжсэн Алт-1 хөтөлбөр Монгол Улсад доллар оруулж ирж шилжилтийн нийгмийн хүнд хэцүү үеийг Монгол Улс сэргэж туулсан түүхтэй. Монгол Улсын ДНБ 2008 онд 7,6 их наяд төгрөг байсан бол 2014 онд 21 их наяд төгрөгт хүрлээ. Энэ бол эдийн засгийн хэмжээ. Үйлдвэрлэгч биш хэрэглээний эдийн засагтай манай улс гаднаас гурван сувгаар доллар оруулж ирдэг. Гадаадын шууд хөрөнгө оруулалт,экспортын орлого, алт худалдаж доллар оруулж ирэх гурван том суваг бий. Гэтэл ГШХО 2011 оных шиг 4,6 тэрбум ам.доллараар орж ирэхээ больж жилээс жилд жижгэрсээр 2008 оны санхүүгийн хямралын үеийнхтэй адил хэмжээнд ирээд байна. 2008 онд 838,5 сая доллар орж ирж байсан бол 2014 онд 845 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирлээ. Ийм хэмжээний долларын хөрөнгө оруулалттай, Төв банкиндаа 1,6 тэрбум долларын нөөцтэй бид Монголбанкны өнөөдрийн нэрлэсэн ханшаар долларыг 1936 төгрөгт хүргэчихээд байна. Жилийн дотор 30 хувиар төгрөгийн худалдан авах чадвар унасан нь иргэдийн халаасанд орох мөнгө энэ хэмжээгээр үнэгүйдэх бодит байдлыг мэдрээд байгаа юм. Дэлхийн зах зээлд нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт гэсэн уул уурхайн түүхий эдүүдийг зарж төсвийнхөө 20 хувийг бүрдүүлдэг Монгол Улсын засгийн газар нүүрс, зэсийн үнийн тасралтгүй уналтыг тооцоолж алтны экспортод анхаарлаа хандуулж байна. Монголбанк ч доллар оруулж ирдэг гуравдагч суваг гэж хэлж болох алтны худалдаанд найдлага тавьж байна. Эдийн засаг хямрахад алтанд дэлхий нийт хөрөнгө оруулдаг.Ингэснээрээ үнэ нь ч өсөж байдаг онцлогтой уул уурхайн бүтээгдэхүүн юм. Тиймээс ч Засгийн газар алтны арвин их нөөцтэй Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хямраад байгаа эдийн засгаа, хадуураад байгаа долларыг хазаарлахаар төлөвлөж байна. Гацууртын ордоос хуулийн дагуу Засгийн газар 34 хувь хүртэлх эзэмшлийг хэрхэн тогтоохыг УИХ-аар хэлэлцүүлж байгаа.

Гацууртын ордын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 42 тонн алт, 3,7 тонн мөнгөтэй гэж тооцон гаргажээ. Төслийн үргэлжлэх хугацаа 10 жил. Жилд 1,7 сая тонн хүдрийг олборлоно гэж тооцож байна. Харин 3,6 их наядаар үнэлэгдэж байгаа энэ ордын манай улсад үлдэх өгөөж нь 2,2 их наяд гэж ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч Сентерра гоулд мэдээлсэн.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт алтны үндсэн орд нь оршдог Гацууртын ордод 1970-1991 онд шороон ордын судалгаа хийж, 1992 онд алтны шороон ордын олборлолтыг эхлүүлсэн байдаг. Шороон ордын олборлолтын явцад 1997 онд алтны үндсэн судлыг олж тогтоосноор 2002-2003 онд хайгуулын ажлыг эрчимжүүлж, 2004 онд нэмэлт хайгуул хийжээ. Ордын нөөцийг Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн бүртгэлд 2005 онд бүртгэж, 2008 онд ТЭЗҮ-ийг хүлээж авч байсан. Алтны худалдаа яагаад эерэг хүлээлттэй байгааг тоон мэдээллээр үзүүлье. 2014 онд Төв банк сүүлийн 9 жилд авч байгаагүй их алтыг буюу 12,7 тонн алтыг худалдаж авч гадаад валютын нөөцөө зузаатгасан. Энэ их алтыг 1995 аж ахуй нэгж, 1200 гаруй иргэнээс худалдан авч, 450 сая ам.долларын нөөц бүрдүүлжээ. Тэгвэл төв банкны жилд худалдан авч байгаа алтны 50 хувьтай тэнцэх хэмжээний алтыг нэг ордоос авах боломж Гацууртын ордод байгаа гэсэн үг.

П.СҮХБААТАР, МОНГОЛБАНКНЫ МӨНГӨН ТЭМДЭГТ, ҮНЭТ ЗҮЙЛСИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ: 50 тонны нөөцтэй энэ ордоос жилд гурван триллион төгрөгийн алт авна гэж ярьж байгаа. Бүх зүйл нь бэлэн болчихсон орд гэж яригдаж байгаа. Одоохондоо шийдэгдээгүй байна. Мэдээж энэ шийдэгдээд эндээс алт тушаагдвал эерэг үзүүлэлтүүд гарч ирнэ. Хуучин 13 тонн алт тушаагдаж байсан бол үүн дээр нэмэгдээд 20 эсвэл 26 тонн болох бүрэн боломжтой. Энэ чинээгээр валютын нөөц нэмэгдэнэ гэсэн үг.

Мэргэжлийнхний хэллэгээр алт бол чөлөөтэй хөрвөх чадвартай валют учраас экспортын өрсөлдөх бараа бүтээгдэхүүн багатай манай улсын хувьд валютын нөөц бүрдүүлэх гол эх үүсвэр юм. Урт нэртэй хуулийн дагуу алтны 218 ашиглалтын лицензийг цуцалсан байдаг. Хэрвээ алтны 218 ашиглалтын лицензийг эргүүлэн олговол 130 тонн алт олборлох боломж бүрдэх албан судалгаа ч байна. Гацууртын ордоос жилдээ 4-5 тонн алт олборлож Монголбанкинд тушаах тооцоо байгаа юм. Гацууртын ордыг ашиглалтанд оруулснаар баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа хоёр жилийн дотор жигдэрч бүтээгдэхүүн гаргах боломж бүрдэх юм байна. Тухайлбал, хоёр дахь жилдээ 4,3 орчим тонн алт, 356,5 кг мөнгө үйлдвэрлэх бол төслийн долоо дахь жилдээ үйлдвэрлэл дээд цэгтээ хүрч 5,5 тонн алт, 490 кг мөнгө үйлдвэрлэх юм. Нийт төслийн 10 жилийн хугацаанд 42 тонн алт, 3,7 тонн мөнгө үйлдвэрлэнэ гэж Сентерра гоулд компани ТЭЗҮ-дээ тооцсон байгаа.

Бүтээгдэхүүн борлуулалтын орлогын 69 хувийг Монгол Улсад зарцуулах бол нийт зардлынхаа 81 хувийг Монгол Улсад зарцуулах юм байна. ТЭЗҮ-д тооцсоноор Монгол Улсад оруулах үр өгөөж 1,9 их наяд төгрөг байхаас 929 тэрбум төгрөгийг дотоодод хийх худалдан авалт, 600 тэрбум төгрөгийг улсын төсөвт төлөх нийт татвар хураамж, 205 тэрбум төгрөгийг дотоодод хийх капитал худалдан авалтаар, 135 тэрбум төгрөгийг Монгол ажилчдын цалин хөлсөд зарцуулах тооцоог гаргажээ. Орон нутгийн хөгжлийн сангууд болон хандиваар 15 тэрбум төгрөг өгөхөөр тооцжээ.

Л.НАРАНБААТАР, УУЛ УУРХАЙН ЭДИЙН ЗАСАГЧ: Ерөнхийдөө Монгол Улсын хөрөнгө оруулалтын нөхцөл байдал нэлээн муу, гаднаас хөрөнгө оруулалт татаж чадахгүй байгаа, экспортын орлого нэлээн хумигдсан энэ үед энэ төсөл хэрэгжих нь их ач холбогдолтой байгаа. Ядаж л бид ямар үнэтэй долларыг Монголчууд бид хэрэглэж байгаа билээ, долларын ханш буурахад нэлээн нөлөө үзүүлэх талаасаа ач холбогдолтой. Орон нутагт бол мэдээж худалдан авалтууд, 500 гаруй ажлын байр бий болно гэж байна. Өнөөдөр Монголчуудад ажлын байр шиг хэрэгтэй зүйл алга. Төсөл хэрэгжээд явлаа гэхэд орон нутгаас худалдан авалтуудаа хийгээд орон нутгийн эдийн засгийг тэлэхэд мөн ач холбогдолтой.

Н.АЛГАА, МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН АССОЦИАЦИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ: Бороогийн баяжуулах үйлдвэр баригдчихсан, тийшээ шилжүүлэх л асуудал байна. Тэгэхээр энд нэмэлт хөрөнгө оруулалт гэхээр зүйл маш бага, ерөөсөө ашиглахад бэлэн болчихсон. Юу нэмэгдэх вэ гэхээр тээвэрлэлт хийнэ. Тээврийн компаниуд ажиллаж тээврийн жолооч нар ажиллаж эхэлнэ. Хоол хүнсээ худалдан авна. Халагдсан 500 хүнээсээ эргүүлж өндөр цалинтай чанартай ажлын байранд нь авна.

Гацууртын орд нь Улаанбаатар хотоос хойд зүгт 90 км, Түнхэл тосгоноос баруун зүгт 14 км зайд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг,Төв аймгийн Ноён уулын сав газар байрладаг. Ноён уулын сав газарт дэлхийн төрт ёсны түүхийн өв болох Хүннүгийн булш, бунхан, хиргэсүүр олон байгаа учраас ордыг ашиглах нь түүхийн ховор олдвороо устгаж байгаа үйлдэл болно гэж археологичид үзэж байна.

Д.ЭРДЭНЭБААТАР, ТҮҮХЧ, АРХЕОЛОГИЧ, ДОКТОР: Та бүхний харж буй энэ булш бол 1924 онд Козлов малтсан зургадугаар булш гэж алдаршсан булш юм. Эндээс гарсан зарим олдвороос, Хятад бичигтэй аяган дээрх бичээсээс манай судлаачдын тодорхойлсноор МЭӨ 197 онд амьдарч байсан Үжүлэн шаньюгийн булш байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлсэн булш энэ байгаа юм. Энэ Ноён уул орчимд Сүжигт, Хужирт, Зурамт гэсэн гурван салаа аманд нийт 300 гаруй булш бий. Яг Сүжигтийн аманд 210-аад булш бий гэсэн судалгаа бий.

О.БАТСАЙХАН, ТӨРИЙН СОЁРХОЛТ ТҮҮХЧ, ДОКТОР: Хүннүгийн үеийн хамгийн том түүхийн, соёлын өв бол энэ Ноён уул, бидний зогсож буй энэ Сүжигтийн ам юм. Энэ бидний хадгалж, хамгаалж, өвлүүлж, судалж хойч үедээ үлдээх учиртай соёлын өв гэдгийг ойлгож мэдэх хэрэгтэй.

Төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг 2009 оны 12 сард Байгаль орчны яам баталсан байдаг юм байна. Мөн олборлолтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө ордын байгаль орчны суурь нөхцлийг тогтоохын тулд Сентерраголд компанийн зүгээс гадаад дотоодын зөвлөхүүдээр байгаль орчны хээрийн суурь судалгааг хийлгэжээ. Энэ судалгаануудаас харвал Гацууртын ордын олборлолт явуулах 303 га талбайд Хүннүгийн эртний олдворт булшнууд орохгүй байна. Өөрөөр хэлбэл төлөвлөж байгаа уурхайгаас 5,8 км-ээс 13 км-ийн зайтай байгаа булш бурхан, эртний түүхэн олдвор байгаа газарт ямар ч нөлөө үзүүлэхгүй гэдгийг Сентеррагоулд компанийн зүгээс хэлж байна. Өмнө нь Бороогийн уурхайн үйл ажиллагаа Дархан, Сэлэнгийн засмал замаас 500 метрийн зайтай байхад уурхайн үйл ажиллагаанаас замд ямар нэгэн эвдрэл цууралт үүсэж, нөлөөлсөн зүйл байгаагүй гэдгээр тайлбарлаж байгаа юм.

Ж.БҮРЭНТӨГС, СЕНТЕРРА ГОУЛД МОНГОЛИЯ ХХК-ИЙН ГЕОЛОГИ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ: Бороогийн ордыг ашиглаж байхад Дархан-Сэлэнгийн засмал зам 500м-ийн зайд байсан. Тэгэхэд ямар нэг нөлөө үзүүлдэггүй, үүсдэггүй гэж ярьж байгаа бол тэр 5.8 км-ийн цаана байгаа газарт нөлөө үзүүлэхгүй.

Б.ЛХАМСҮРЭН,СЕНТЕРРА ГОУЛД МОНГОЛИЯХХК-ИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ДЭД ДАРГА: Археологийн судалгааг 1999 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтдийн баг, мөн 2005 онд МУИС-ийн эрдэмтэн судлаачдын баг хоёр удаа төслийн талбай болоод Бороогийн уурхайн талбайгаас Гацууртын уурхайн талбай хүртэлх замын трассын дагуу археологийн судалгааг хийсэн. Судалгааны үр дүнд төсөл хэрэгжих газар болон замын трассын дагуу ямар нэг булш бунхан, дурсгалын зүйл байхгүй болохыг судалгаагаар тогтоосон.

Д.ПҮРЭВРААШ, СЕНТЕРРА ГОУЛД МОНГОЛИЯ ХХК-ИЙН УУРХАЙН ДАРГА:Үндсэн орд учраас тодорхой хязгаартай, зөвхөн хоёр карьер ашиглахаас бус цаашаа 2000 га ч гэдэг юм уу тэлээд явах газар байхгүй. Орд ашиглахад зөвхөн 62 га газар талбайд үндсэн ордын ашиглалт явуулна. Зам талбай, барилга байгууламж, бусад дэд бүтэц талдаа 150 га, нийтдээ 300 га талбайд ашиглалт явуулна.

Гацууртын төсөл нь долоо хэсгээс бүрдэнэ. Тухайлбал Үндсэн бүсийн ил уурхай, Төв бүсийн ил уурхай, сульфидын хүдрийн овоолго, засварын цех, хаягдал чулуулгийн овоолго, бага агуулгатай хүдрийн овоолго, Бороогийн боловсруулах үйлдвэр болон бусад байгууламжууд хамаарах юм байна. Үндсэн ордын уурхайн олборлолтын явцад нийт 303 га талбай өртөхөөр тооцоолж байснаас 146 га талбай нь өмнөх шороон ордын нөхөн сэргээгдээгүй орхигдсон талбай. Гацууртад олборлох хүдрийн боловсруулалтыг 40 км-ийн зайд байрлах Бороогийн алтны уурхайн баяжуулах үйлдвэрт боловсруулах тул төсөл хэрэгжүүлэх газар нутагт химийн бодис ашиглан боловсруулах үйл ажиллагаа явуулахгүй юм байна.

Б.ЛХАМСҮРЭН,СЕНТЕРРА ГОУЛД МОНГОЛИЯ ХХК-ИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ДЭД ДАРГА:

Нийтдээ 303 га талбай олборлолтод өртөнө. Үүнд 146 га талбай нь өмнөх шороон ордын олборлолтод өртсөн байгаа. Нөхөн сэргээлт хийгдээгүй. Тухайн орчинд төсөл хэрэгжүүлэх газар нутагт тусгай хамгаалалттай газар нутаг байхгүй болохыг судалгаагаар тогтоосон. Мөн түрүүн дурдсанаар энд зөвхөн ил уурхайн олборлолт явагдаж хүдрийг Бороогийн боловсруулах үйлдвэр рүү зөөвөрлөж баяжуулалт хийгдэх учраас энд ямар нэг химийн болон цацраг идэвхит бодис ашиглагдахгүй.

Д.ПҮРЭВРААШ, СЕНТЕРРА ГОУЛД МОНГОЛИЯ ХХК-ИЙН УУРХАЙН ДАРГА:

Тэсэлгээ бол орчин үед маш их хөгжөөд байгаа. Жишээ нь, Улаанбаатарт байгаа хоёр өндөр барилгын дунд барилга барих бол зөвхөн доош нь л тэсэлдэг. Карьерынхаа тогтвортой байдлыг хангах үүднээс бага багаар тэсэлгээ хийдэг. Мөн ямар нэг чичиргээ доргио гэж байхгүй.

Р.ЖИГЖИД, УУЛ УУРХАЙН САЙД:

Энэ ордыг ашиглахад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө их багатай. Яагаад гэвэл, нэгэнт байгуулсан Бороогийн ордын боловсруулах бааз дээр хүдрээ аваачиж боловсруулна. Хүдрээ 40 гаруй км-т машинаар тээвэрлээд боловсруулах боломжтой. Нийт хоёр их наяд төгрөгийн борлуулалт хийгдэнэ. Улсын төсөвт 660 тэрбум төгрөгний татвар хураамж төлнө. Ногдол ашиг нь 70 тэрбум орчим төгрөг байх урьдчилсан тооцоо хийгдсэн.

2015 оны төсвийн тодотголд алтны экспортыг 29,5 тонн байхаар тусгасан нь энэ онд Гацууртын ордоос олборлох алтны хэмжээг 4-5 тонн байхаар тооцоолж байгаатай холбоотой юм. Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч Сентерра гоулд компаний төлөөлөлттэй санхүү,хөрөнгө оруулалтын асуудлаар ярилцлаа.

О.ОТГОНТОГТОХ, СЕНТЕРРА ГОУЛД МОНГОЛИЯ ХХК-ИЙН САНХҮҮ, БҮРТГЭЛ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ

-Гацууртын ордыг ашиглахад 503 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн мэдээлэл бид аваад байна. Хуулийнхаа дагуу Засгийн газар 34 хүртэлх хувийг эзэмших бол танайх 350 тэрбум төгрөг босгох шаардлагатай болж байна. Энэ мөнгийг хаанаас ямар нөхцлөөр босгох вэ?

– 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай юм. Бид өөрийн эзэмшлийн хэмжээний хөрөнгөө өөрсдөө босгоно, өөрөөр хэлбэл компани зуун хувь санхүүжүүлнэ.

-Гацууртын төслийг хэрэгжүүлснээр эдийн засагт ямар бодитой үр өгөөж өгөх вэ?

-Гацууртын орд 10 жил ашиглагдана. Энэ нийт 10 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засагт 1,9 их наяд төгрөгийн өгөөж оруулна гэж төсөөлж байна. Үүнд 600 орчим тэрбум төгрөгийн татвар, хураамж улсын болон орон нутгийн төсөвт орно. ТЭЗҮ боловсруулахдаа бид 1550 гэсэн валютын ханш ашигласан. Одоо 1900 болчихлоо, тэгэхээр 1,9 их наяд гэдэг төсөөлөл маань 2,2 их наяд болчихлоо. Зарим телевиз 70 тэрбум, зарим нь 650 тэрбум гээд зөрүүтэй тоонууд мэдээлээд байгааг нэг мөр болгох үүднээс нийт 10 жилийн хугацаанд ханш яаж хөдлөхөөс хамаараад 600-700 тэрбум төгрөг, жилд 60 орчим тэрбум төгрөг улс, орон нутгийн татварт орох юм. Үүнээс гадна 1,1 их наяд төгрөгийн дотоодын худалдан авалт буюу дотоодын бэлтгэн нийлүүлэгчдээс авах бараа материал, хангамжийн зүйлс, үндсэн хөрөнгө, ажил үйлчилгээнүүд орно. 135 тэрбум орчим төгрөгийн дотоодын ажилчин, албан хаагчдын цалин төлөгдөхөөр байна. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд бид орон нутагтайгаа хамтраад төслүүдээ хэрэгжүүлнэ. Үүнд 15 тэрбум орчим төгрөг байх болов уу гэсэн төсөөлөлтэй байна.

-Бид Бороогийн ордын талаар мэднэ, одоо Бороогийн уурхайн үйл ажиллагаа зогссон, 100 гаруй ажилтантай байгаа гэж сонссон. Оргил үедээ 700 гаруй ажилтантай байсан гэсэн. Одоо 1000 ажлын байр бий болгоно гэж тооцоолсон байна лээ. Энэ тооцоо судалгааг хэрхэн хийсэн бэ? Буцаад ажлын байр бий болгохдоо хуучин ажиллаж байсан хүмүүсээ эргүүлээд ажилд авна гэсэн үг үү?

-Бороогийн уурхай ид хүчин чадлаараа ажиллаж байх үедээ уурхай дээр 700-800 үндсэн ажилчид, үүн дээр гэрээт ажилтнууд гээд нийт мянга гаруй ажилтантай байсан. Гацууртын уурхайн хувьд үндсэн ажиллагсдын тоо 500 гаруй байна. Одоо ажиллаж байгаа ажилтнуудаа шилжүүлнэ, өмнө ажиллаж байсан хүмүүсээсээ авна, мөн ажлын байрны шаардлагыг хангах мэргэжилтэй боловсон хүчнийг нэн тэргүүнд орон нутгаас авахыг хичээнэ. Мөн Гацууртын ордын ашиглалтын явцад олборлолт явуулах, тээвэрлэлт хийх, кэмп, кэтэрингийн үйлчилгээ үзүүлэх компаниудтайгаа гэрээ хийнэ. Энэ дотоодын гэрээт компаниуд 500 орчим ажлын байр бий болгоно. Ингээд нийтдээ мянгаад шууд ажлын байр бий болно. Төсөл учраас ажил үйлчилгээ явж байхад дагаад бэлтгэн нийлүүлэлт, хангалт хийж байгаа компаниудын хувьд ажлын байр шууд бусаар нэмэгдээд явна гэсэн үг.

-Байгаль орчинд сөрөг нөлөөгүй технологи гэдэг нь олны анхаарлын төвд байна. Байгаль орчныг сүйтгэчихвий гэсэн болгоомжлол хаа хаанаа байна. Гэхдээ Бороо Гоулд энэ асуудлаар нөхөн сэргээлт хийдэг жишиг уурхай гэдгийг бид мэднэ. Технологи нэвтрүүлэх тал дээр ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна вэ? Байгаль орчинд сөрөг нөлөөгүй технологийг та хөрөнгө оруулалт талаас тайлбарлахгүй юу.

-Бид Гацууртын ордоос хүдрээ тээвэрлээд одоо байгаа Бороогийн үйлдвэр дээр аваачиж боловсруулна. Шинэ технологи нэвтрүүлэх тал дээр бид 120 сая долларын өртөг бүхий шинэ нэмэлт цех барих ёстой. Нөхөн сэргээлтийн хувьд бид ТЭЗҮ дээрээ 49,5 тэрбум төгрөг буюу 32 сая ам.доллар тусгасан байгаа. Үүнд юу орох вэ гэхээр, нэмэлт цех барьж байгаа гэдэг утгаараа бид Бороогийн үйлдвэрийг Гацууртын ордыг ашиглаж дуустал ашиглана. Тэрийгээ нөхөн сэргээнэ. Дээр нь хаягдлын далангаа нөхөн сэргээнэ. Түүнчлэн, Гацууртын олборлолтын явцад өртөх 300 гаруй га талбайг нөхөн сэргээнэ. Мэдээж хэрэг, бид Монгол Улсын болон олон улсын стандартын дагуу нөхөн сэргээнэ. Дээрээс нь хаалтын ажлууд, мониторингийн судалгаа шинжилгээний ажлууд хийгдэнэ. Гэхдээ технологи болон байгаль орчны хувьд яг ямар ажил, ямар үе шаттайгаар хийх вэ гэдгийг техникийн асуудал хариуцсан хүмүүс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх. 330 орчим сая долларын 120 сая нь үйлдвэрийн шинэ цех барих, шинэ технологи нэвтрүүлэхэд зарцуулагдана.

-Дөрөв жилийн өмнө намайг томилолтоор Бороо дээр ажиллаж байхад нэг га талбайг сэргээхэд 12-15 мянган ам.долларын нөхөн сэргээлтийг хийж байна гэсэн мэдээлэл өгч байсан. Мөнгөний ханш зэргээс шалтгаалаад өөр болсон байх. Нөхөн сэргээлтэд зарцуулж байгаа мөнгөн дүнг та товчхон танилцуулахгүй юу.

-Бороогийн уурхайн нийт талбайн 50 орчим хувийг нөхөн сэргээсэн байгаа. Бид 2003 оноос хойш нийтдээ 12 тэрбум төгрөгийг зарцуулсан. Бид олборлолтын үйл ажиллагаа эхлэхтэй зэрэгцүүлэн нөхөн сэргээлтээ хийгээд явсан. 400 орчим га талбайд нөхөн сэргээлт хийгээд орон нутагт хүлээлгэж өгсөн.

-Нөхөн сэргээлт хийснээр малчид уг талбайг ашиглах боломжтой болно гэж ойлгож болох уу? Нөхөн сэргээлтийн талаар арай энгийн тайлбар өгөхгүй юу.

-Би техникийн асуудал хариуцсан хүн биш, зөвхөн санхүү хариуцсан мэргэжилтэн. Гэхдээ компанийн ажилтны хувьд мэднэ. Бидний хийж буй нөхөн сэргээлт нь тухайн талбайг хүрээлэн байгаа орчинтой дүйцэхүйц хэмжээнд хүртэл нөхөн сэргээлт хийх ёстой гэж үздэг. Бид нөхөн сэргээлтийг Монгол Улсын болон олон улсын стандартын дагуу хийж байгаа.

-Гацууртын орд эдийн засгийн эргэлтэнд орсноор орон нутагт ханган нийлүүлэх, туслах ажил гэх мэтээр орон нутагт нөлөөлөх, орон нутгийг дэмжих гэх мэт үр өгөөж нэмэгдэнэ гэжээ. Эхний орон нутагт үзүүлэх үр өгөөжийн тухай тооцооллын төсөөллийг хэлж болох уу?

-Бид улс болон орон нутгийн төсөвт нийтдээ 20 гаруй төрлийн татвар хураамж төлдөг. Тэгэхээр орон нутгийн төсөвт ус ашигласны төлбөр, газар ашигласны төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвар, орон нутгаас авч буй ажилчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр гэх мэт нийт 600 тэрбум төгрөгний 20 хувь буюу 117 тэрбум төгрөг орон нутгийн төсөвт орох ёстой. Гацууртыг ашиглах 10 жилийн хугацаанд гэсэн үг. Түүнээс гадна, бид зарлах гэж буй ажлын байран дээрээ шаардлага хангахуйц ажилтан, боловсон хүчнийг нэн тэргүүнд орон нутгаасаа авч ажиллуулахыг эрмэлздэг. Мэдээж, орон нутгийн бэлтгэн нийлүүлэгч компаниудтай аль болох хамтарч ажиллах, орон нутгаасаа худалдан авалт хийхийг эрмэлздэг.

-Бороо Гоулдаас үндэсний оператор сайн сайн компаниуд төрөн гарсан байдаг. Хишиг арвин индастриал, МНО гэх мэт. Энэ компаниуд бас дадлага туршлагыг богино хугацаанд хуримтлуулаад үндэсний, мэргэшсэн сайн оператор компаниуд төрөн гарсан гэдэг. Энэ хоёроос өөр компани бий юу? Эсвэл би дутуу хэлээд байна уу?

-Ерөнхийдөө бид Бороогийн уурхайг Бороогийн их сургууль гэж дотооддоо нэрлэдэг. Яагаад гэвэл уул уурхайн салбарт мэргэшсэн хүмүүсийн ихэнх нь манай компанид ажиллаж байсан, манай компаниас салбарлаж гарсан, эсвэл нийлээд нэг компани нээсэн, манай компанийг дагаад үйл ажиллагаа нь өргөжсөн компаниуд олон байдаг. Түүнээс гадна салбарт бүрт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд манай компани маш сайн ажилласан гэж би боддог. Жишээ нь, би санхүүгийн чиглэлээр Бороод 10 гаруй жил ажиллаж байна. 10 гаруй жилийн хугацаанд би зөндөө олон хамтран ажиллагсадтай байлаа. Одоо өөр өөр компаниудад сайн мэргэжилтэн, санхүүч хийгээд явж байна.

-Хөрөнгө, санхүүг харамгүй зарцуулсан юм шиг байна.

-Яг үнэн. Аливаа нэг ажлаас гарч байгаа өгөөж зөвхөн мөнгөөр хэмжигдэхгүй. Үүнийг дагаад мэргэжилтэн бэлтгэх, соёлыг түгээх зэрэг мөнгөн бус үр өгөөж байлгүй яах вэ.

-Ярилцсанд баярлалаа. Санхүү хөрөнгө оруулалт талаас нь тодорхой мэдээлэл өгсөнд баярлалаа. Зөрүүтэй зарим нэг тоон дээр албан ёсны хариултыг өглөө. Таны ажилд амжилт хүсье.

Эх сурвалж: eagle.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *