Categories
мэдээ улс-төр

ХХААЯ-ны удирдлагууд хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаатай танилцлаа

ХХАА-н сайд Р.Бурмаа, Дэд сайд Б.Батзориг Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаатай танилцлаа. 2013 онд үйл ажиллагаагаа эхэлсэн тус бирж нь малчид, үйлдвэрлэгчдэд зах зээлийн мэдээллийг нь ил тод болгож, бодит үнэ тогтоох нөхцөлийг бүрдүүлэн бизнесийн үйл ажиллагааных нь зардлыг бууруулах зорилготой. Энэ ч үүднээс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дотоодод төдийгүй гадаадад зах зээлийнх ханшаар худалдаалдаг болох олон ажил төлөвлөөд буй гэнэ. Өнгөрсөн хугацаанд гэхэд нийтдээ 971,4 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.

ХХАА-н сайд энэ өдрийн арилжааны цанг цохьсноор худалдаа эхэлсэн юм. Тус биржийн захирал Ж.Эрдэнэбат “Бирж байгуулагдсанаас хойш малчид биржээр малынхаа ноос ноолуурыг арилжаалах сонирхолтой болсноос арьс ширээ ч худалдаалах хүсэлтэйгээ илэрхийлэх болсон. Өмнө нь, түүхий эд бэлтгэлийн тогтолцоо бүрдээгүйгээс нөөцөө бүрэн ашиглаж чаддаггүй байсан. Малчид, үйлдвэрлэгчдийн харилцаа алдагдан, түүхий эдийн дамын худалдаа газар авч, үйлдвэрлэгчид түүхий эдээр дутагдах, малчдын орлого тогтворгүйтэх, нийгмийн баталгаа нь алдагдах, түүхий эдийн чанар муудах, үнэгүйдэх зэрэг олон сөрөг үр дагавар үүсч байсан. Харин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд биржийн үйл ажиллагааг малчид, үйлдвэрлэгчид эерэгээр хардаг болсон” гэлээ.

Тус бирж нь ирэх оноос арьс түүхий эд цаашлаад улаанбуудай арилжаалахаар бэлтгэл ажлаа хангаж буй. Дашрамд, энэ сарын 29-ний байдлаар тус бирж 11 удаа арилжаа зохион байгуулж, 557,2 тн ямааны завод ноос, 11 тн ямааны ноолуур, 662 тн хонины ноос, 26 тонн тэмээний ноос арилжиж, нийт 13,7 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *