УИХ дахь бие даагчдын зөвлөл дэд сайд нарын асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандахаар болжээ. УИХ Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх шатанд С.Ганбаатар гишүүн “Дэд сайд нарыг чөлөөлөх санал” гаргасныг гишүүдийн 51 хувь дэмжсэн. Гэвч маргааш өдөр нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулж УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Дэд сайд нарыг чөлөөлөхийг дэмжихгүй” гэсэн санал гаргаж, УИХ дэмжсэнээр дэд сайд нар ажлаа үргэлжлүүлэхээр болсон юм.
Харин бие даагч гишүүдийн хувьд дээрх УИХ-ын шийдвэр хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж, Үндсэн хуулийн цэцэд хандахаар болжээ. Мөн ийм шийдвэрийг гаргасныхаа дараа УИХ-ын дарга З.Энхболд “Нэг өдрийн популизм ингээд дууслаа” гэж хэлсэн нь Дархан-Уул аймгийн иргэд сонгогчдоос уучлал гуйх үйлдэл болсон гэж гишүүн С.Ганбаатар үзэж байна. УИХ-ын даргын хувьд гишүүнийг үг хэлж дууссаны дараа араас нь тайлбар хийх зэргээр доромжлох үйлдэл гаргадаг гэнэ. Ц.Даваасүрэн гишүүний хэлж байгаагаар зөвхөн бие даагчдад ч ийм араншин үзүүлдэггүй бусад гишүүдэд ч ийм байдлаар ханддаг аж. Дээр нь З.Энхболд дарга хууль зөрчиж УИХ-ын дарга болсон, тиймээс дээрх үйлдлүүдийг дахин гаргавал хариуцлага тооцох асуудлыг бие даагч гишүүдийн зүгээс тавих болно гэлээ.
Сүүлийн өдрүүдэд ам.долларын төгрөгтэй харилцах ханш чангарсаар 1950 төгрөгтэй тэнцэх болсон. Бие даагч гишүүдийн хувьд өнгөрсөн намар Монголбанкны удирдлагуудыг огцруулах асуудлыг тавьсан ч УИХ-ын дарга З.Энхболд өмгөөлж, асуудлыг нь дарса учир төв банкны удирдлагуудтай хариуцлага тооцохыг дахин шаардах болно гэж мэдэгдлээ.