Categories
мэдээ нийгэм

Айлын гэр дээр машинтайгаа унажээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах тасаг дээр махны цахилгаан машинд бага насны хүүхэд гараа хавчуулан иржээ. Одоогоор түүнийг хагалгаанд оруулахаар бэлдэж байгаа аж. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход тус төвийн хүлээн авах дээр Төв аймгийн Эрдэнэ сумын харъяат 4 настай, эрэгтэй хүүхдийн баруун гар сарвуу хэсгээрээ махны цахилгаан машинд хавчуулагдсан байсныг салгаж, хагалгаанд оруулахаар мэс заслын эмчид хүлээлгэж өгчээ.

Мөн Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 17 дугаар гудамжинд айлын хашаан дахь гэр дээр автомашин унаж хүмүүс гэрээсээ гарч чадахгүй байна гэсэн дуудлага иржээ. Газар дээр нь очиход “Mazda bongo” загварын бага оврын ачааны автомашин жалга руу онхолдож иргэн В-ийн 5 ханатай гэрийг мөргөсний улмаас гэрийн хаалга цөмөрсөн, гэр хагас нурсан, гэр дотор бага насны нэг хүүхэд, насанд хүрсэн хоёр иргэн гарч чадахгүй байсныг аюулгүй болгон гаргаж, хэргийн газрыг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгчээ.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт ахуйн осолд бага насны гурван хүүхэд өртсөн байна. Иймд эцэг эхчүүдийг хүүхдээ хараа хяналтгүй гэрт нь үлдээхгүй байх, зам тээврийн, ахуйн хүрээний осол гэмтлээс урьдчилан сэргийлж, амьдарч буй гэр, орон сууцныхаа галын аюулгүй байдлыг хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *