Categories
мэдээ цаг-үе

Л.Цандэлэг: Валют байхгүй гэчихээд 15 сая ам.доллараар улаанбуудай авч болохгүй

Монголын үр та­риа эрхлэгчдийн хол­боо­ны ерөнхийлөгч Л.Цандэлэгтэй ярилцлаа.

-Засгийн газрын хү­сэл­тээр их хэмжээний улаан­буудай ОХУ-аас оруулж ирэх гэж байна. Энэ тал дээр манай тариаланчид эсэргүүцлээ илэрхийлж бай­гаагаа мэдэгдсэн. Засгийн газрын шийдвэрт ямар байр суурьтай байгаа вэ?

-Саяхан гадны нэг оронд улаан лооль их хэмжээгээр хураачихсан чинь улс нь худалдаж аваад устгаж байна гэсэн. Гэтэл манайд улаанбуудай нь илүүдэлтэй тулзах зээлд борлогдохгүй байна. Өнөөдөр ард түмний амьдрал хүнд байгаа тул гурилын борлуулалт муудсан гэж гурил үйлдвэрлэгчид хэлж байгаа юм. Энэ жил манай улс улаанбуудайгаар дотоодын нийт хэрэгцээгээ хангачихаад байхад импортоор улаанбуудай оруулж ирнэ гэдэг нь үндэсний үйлдвэрлэгчдээ нухчин дарах оролдлого гэж харахаас өөр арга алга. Манай тариаланчид өөрт байгаа улаанбуудайгаа борлуулж дуусаагүй байна. Тариалан эрхлэлтийг дэмжих санд 32 мянган тонн улаанбуудай бий.

Худалдаж авна гэж гэрээ хийчихээд мөнгө төгрөгөө өгөөгүй бэлэн байгаа 60-70 мянган тонн улаанбуудай байж л байна. Ирэх жилийн тариалалт хүртэл энэ 100 гаруй мянган тонн улаанбуудай хангалттай.

-Энэ ер нь ямар учиртай юм бэ. Ямар нэгэн лобби яваад байна уу?

-Монгол Улс өнгөрөгч онд 350 мянган тонн улаанбуудай хураачихлаа. Гэтэл хоёр сая 500 мянган тонн улаанбуудай тээрэмдэх хүчин чадал бүхий гурилын үйлдвэр ашиглалтад орчихсон байна. Ний нуугүй хэлэхэд үүнийг ганцхан хүн зохион байгуулаад байгаа юм.

-Тэр нь хэн гэж?

-“Таван Богд”-ын Ц.Баатарсайхан. Өнгөрөгч намар Улаанбаатар гурил, Ц.Баатарсайханы дүүгийн “Од” гээд гурилын үйлдвэрүүд тариа хураалтын үеэр импортын улаанбуудай оруулж ирнэ гэж маргаан үүсгэсэн. Тэд багахан хэмжээний буудай авсан л даа. Тиймээс үйлдвэрүүд нь одоо сул зогсч байгаа. Сул зогссон үйлдвэрээ ажиллуулахын тулд газар тариаланчдыг нухчин дарах гэж оролдож байна. Тэд салбарын шинэ сайд ирэх бүрт лоббиддог.

Энэ бол ээлжит нэг оролдлого нь. Гэхдээ уг оролдлого нь бүтэлтэй болчихлоо л доо. Ямартаа ч оруулж ирэхээр юмаа хийчихсэн байна. Хамгийн гол нь үүн дээрээ 8-9 компанийн нэрийг биччихсэн байгаагаас хоёр нь голлох үүрэгтэй. Эдгээр компаниуд нь тариаланчдаас улаанбуудайгаа авчихаад мөнгөө өгөөгүй байгаа. Өнөөдөр тариаланчдаасаа авсан улаанбуудайныхаа мөнгийг өгч чадаагүй компаниуд ОХУ-аас буудай оруулж ирнэ гээд сууж байх юм даа. Гурилын үнийг тогтворжуулна гээд Үнэ тогтворжуулах хөтөлбөрт эдгээр компани орсон. Тэд гурилын үнийг тогтворжуулна гэж хөтөлбөрт хамрагдсанаас биш ОХУ-ын гурилын үнийг тогтворжуулна гэж мөнгө аваагүй. Энэ чинь тусгай гэрээ хэлэлцээртэй зүйл.

-ОХУ-ын улаанбуудай нь манайхаас тийм хямд юм уу. Манай улаанбуудайнаас чанартай гэх юм?

-Оросын улаанбуудай манайхаас 20-30 хувийн хямд байх шиг байгаа юм. Бид бодоод үзсэн чинь 15 сая ам.долларын 30 хувь нь гэхээр 3-4 сая ам.долларын ашиг олно. Энэ ашгийн төлөө улайраад газар тариаланчдаа зөнд нь хаяж бүхэл бүтэн салбарыг дампууруулж байна. Тэд бодлого баригчдаас өөрсдийнхөө хүслээр бичиг баримтаа гаргуулж байгаад нь тариаланчид дургүйцээд байгаа юм.

Бид ОХУ-ын олон тариалангийн компаниудтай харилцаатай байдаг. Хойд хөрш будаагаа стратегийн бүтээгдэхүүн гээд 10-20 жилийн нөөцтэй явдаг улс. Тэдний гол хүнсний бүтээгдэхүүн нь талх тул гурилаа ингэж олон жилээр нь хадгалдаг. 10 жилийн хугацаа нь дуусахаар шинэ улаанбуудайгаар нөхөж эхэлдэг. Нөхөөсөнд гарсан улаанбуудайнуудаа зардаг. ОХУ-ын улаанбуудай хадгалах нөөц сав нь маш муу. Модон саванд хадгалдаг тул хорхой шавьж үржих нөхцөл болдог. Учир нь өмнө орж ирдэг байсан улаанбуудайнуудаас их хэмжээгээр өт хорхой илэрч байсан. Гэтэл Монгол Улс улаанбуудайны нэг жилийн ч нөөцгүй. Нэг жил ган боллоо гэхэд ургац алдаад гурилгүй болдог эмзэг улс. Манай Ерөнхий сайд хэдхэн жилийн өмнө ОХУ-аас 100 мянган тонн улаанбуудай өгөөч гээд хадаг бариад явж байсан биз. Яг ингээд хадаг барих үед нь оросууд үнээ өсгөчихдөг. Монгол Улс буудайгүй л бол Орост сайн. Тэндээс ашиг хийж байдаг юм. “Атрын III аян”-ы буянаар Монголын тариаланчид хөл дээрээ зогссон. 2012 оноос АН-ын Засгийн газар гарснаас хойш газар тариалангийн салбар дандаа уруудаж байгаа.

-Яагаад уруудах болсон гэж?

-Бодлогын алдаа гаргадаг. Шинэ сайд гарч ирээд үнийг нь 50 мянган төгрөгөөр бууруулсан. Монголд төр гэж байгаа цагт бусад бизнест оролцолгүйгээр шатахуун, гурил, мах гурвыг барьж байдаг юм байна л даа. Бодлогыг барьж байгаа яамны хүмүүс нь буруу байхаар ашиг сонирхлын зөрчил үүсдэг. Газар тариалангийн салбарт хамгийн их ашиг сонирхол явдаг. 2013 онд газраа боловсруулаад 2014 онд улаанбуудайгаа тариалан намар нь хурааж авлаа. Одоо 2015 он гарчихаад байхад улаанбуудайгаа борлуулж дуусаагүй байна. Нэг жилдээ хамгийн багаар хоёр хувийн хүүтэй зээл авлаа гэж бодоход үр дүн нь маш удаан гардаг салбар. Гурван жил дамжчихаад байхад мөнгөө аваагүй л байна. Монголын ард түмнийг гурил, талхтай нь байлгана гэсэн яав.

-Салбарын шинэ сайд чинь ямар хандлагатай байх юм?

-Р.Бурмаа сайдыг эмэгтэй хүн арай өөрөөр харах байх гэж бодсон. Р.Бурмаа сайд шударга ёс энэ тэр гээд их гоё ярьдаг. Энэ хүн чинь гаднаасаа их сайхан хүн шиг ойлгогдоод байсан чинь үгүй юм байна лээ. Сайд маань тариаланчидтайгаа уулзахгүй хэрнээ гурил үйлдвэрлэгчидтэй уулздаг. Бид уулзъя гэж санал тавьж байж нэг уулзсан. Уулзахдаа “Ашиг сонирхлын зөрчил гэж аюултай юм байдаг шүү. Өмнөх хүмүүс чинь ийм хэл аманд орж байсан шүү. Та голыг нь барьж яваарай” гэсэн чинь “За” гэж хэлчихээд маргааш нь ингэж зангаа хувиргасан тушаал заавар гаргаж болдог юм уу. 40 мянган тонн улаанбуудай оруулна гэсэн бичгийг Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ганибал гээд залуу гаргачихсан байсан. Түүнийг нь шалгаад үзтэл журам зөрчсөн байсан. Зөрчил гаргасан тул түүнийг ажлаас нь халаад, газрын даргыг нь цалингийн хувиар торгосон гэж байгаа юм. Хоёр адуу хулгайлсан нөхрийг “Чи хулгай хийснээрээ нэг адуугаа ав” гэж хэлж болохгүй биз дээ. Хууль бол хууль бол. Тэгсэн хэрнээ дараагийнхаа Төрийн нарийн бичгийн даргад 20 мянган тонныг оруулж ирэхээр бичиг гаргуулсан байна. Энэ нь Монголын ард түмний эрх ашгийг зөрчсөн увайгүй үйлдэл.

-Монгол Улсын эдийн засаг хүнд байгаа тул бүсээ чангалцгаая гэж уриалчихаад, эхчүүд, хүүхдүүдийн мөнгийг хасъя, ам.долларын нөөц шавхагдаж байгаа гэчихээд ингэж болохгүй байх л даа…

-Мөнгө байхгүй гэчихээд, тариаланчдаас авсан улаанбуудайныхаа мөнгийг өгөөгүй байж хоёр гуравхан сая доллар олохын тулд ингэж улайрч болохгүй.

-Яагаад та нарын буудайны мөнгийг өгөхгүй байгаа юм?

-Биднийг ингэж дээрэлхээд болоод байдаг байхгүй юу. Харин оросууд хэзээ ч дээрэлхүүлэхгүй. Тэд бэлнээр л тооцоогоо хийнэ. Ам.доллар байхгүй гэчихээд ингэж 15 сая ам.долларыг гадагш нь гаргаж болдог юм уу. Энэ бол “Нэгдүгээрт хууль зөрчсөн, хоёрдугаарт хууль зөрчсөн, гуравдугаарт хууль зөрчсөн” явдал болж байна.

-Улаанбуудай оруулаад ирвэл та нар цаашид яах вэ?

-Бид сайдтай уулзаад “Та болиоч ээ” гэсэн чинь “Би болихгүй ээ” гээд ашиг хийх гэж байгаа хүмүүсээ өмөөрч байна лээ. Бид албан шаардлага хүргүүлээд нэг хувийг нь Ерөнхий сайд, нөгөө хувийг нь Ерөнхийлөгчид өгсөн. Үүнийгээ зогсоохгүй бол бид жагсаж ойлгуулахаас өөр зам алга. Энэ хүн тэр чигтээ явж болно. Бид жагсаж болно. Эцсийн дүндээ Монгол Улс 2015, 2016 онд юу идэх юм бэ. Тариаланчдаа нухчин дараад устгачих хамаагүй. Салбарын сайд, Ерөнхий сайд нь Оросоос буудай авъя гэж байгаа бол хэдийг ч хамаагүй ав. Бидэнд амьдрах өөр арга байгаа шүү. Тариаланчдыг арай ч ингэж дээрэлхэж болохгүй. Хятадын шар цэцэг (арабс) тарьчихъя. Бид төрөөс санхүүждэг улсын сангийн аж ахуй биш. Хувийн хэвшлийнхэн. Хүмүүсээ ажилтай байлгамаар байна. Эцэст нь би “Хариуцлага хүлээх үү” гэдэг ганцхан юм асууж байгаа юм.

-Та тэгж асуусан юм уу?

-Салбарын сайдаас асуусан чинь “Би хариуцлага хүлээхгүй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хариуцлагыг нь хүлээнэ” гэсэн. “Өдрийн сонин”-оор дамжуулаад асуучихъя. Та нарын хэн нь яг хариуцлага хүлээх юм бэ. Дараа нь ард түмэн хариуцлага тооцъё. Япон улс өнөөдөр Хятадын зах зээлээс хоёр дахин үнэтэй цагаан будаа хэрэглэж байна. Энэ тухайгаа Японы Хөдөө аж ахуйн сайд нь “Дотоодын салбартаа ажиллаж байгаа хүмүүсийг ажлын байраар хангаж байна. Нэг л өдөр Хятад бидэнд цагаан будаагаа нийлүүлэхээ байчихвал яах юм” гэж хариулсан байгаа юм. Ноднин яах вэ нар хур нь тэгширч таараад манайхан сайн ургац авсан. Гэтэл үүнд нь хөөрөөд байгааг ойлгохгүй юм аа.

Тариачдад 100 мянган төгрөгийн урамшуулал олгож байна л гээд байгаа. Үнэндээ тэр чинь урамшуулал биш нөхөн олговор. Дэлхий дээр хамгийн муу нөхөн олговор олгодог улс байж түүнийгээ урамшуулал гээд нэрлэчихсэн. Иргэд “Тариаланчид 100 мянган төгрөгийн урамшуулал авдаг гэнэ” гээд ярьж байна. Бид ийм салбарын сайдтай цаашаа явахгүй ээ. Салбар хариуцсан сайдыг сольж өгөөч ээ. Энэ АН арай дэндүү байна. Боловсон хүчний бодлого муу байна. Хүмүүс нь мэдлэггүй байдаг юм аа гэхэд тариаланчдад ядаж муу юм битгий хийгээчээ гэж хэлье.

Өнгөрөгч онд өсөлт гарсан салбар чинь өнөө муу хэдэн малчид, газар тариаланчдын хөлс хүчээр Хөдөө аж ахуйн салбар ахицтай гарсан. Ахицтай байгаа салбараа татаж унагая гээд яриад явж байгаа сайдаар бид яах юм.

-Яг хэдэн тонн улаанбуудай оруулж ирэх гээд ингэж асуудал болоод байгаа юм бэ?

-Бид тооцоод үзсэн чинь 20 мянган тонн улаанбуудай, 15 мянган тонн гурил болж байгаа юм. Энэ нь дундажлаад үзэхээр 15 сая ам.доллар болж байна. Дахин хэлэхэд бид жагсана. Уур бухимдал нь дээд цэгтээ хүрсэн тариаланчдыг Чингэсийн талбайд цуглуулаад уураа гарга, өөрсдөө үгээ хэл гэж хэлмээр байна. Энэ төр засаг сонсдог юм уу, үгүй юм уу харъя. Ямартаа ч ойлгуулах гэж үзнэ. Болохгүй бол дараагийн арга хэмжээг авна. Хариуцлага тооцуулна. Гуравдугаар сараас тариаланчдын ажил эхэлнэ. Гэтэл бидэнд мөнгө алга.

-Гурилын үйлдвэрүүд ер нь яагаад мөнгөө өгөхгүй байгаа юм?

-Гурилын үйлдвэрүүд мөнгөө доллар болгоод хадгалчихсан. Өдөр өдрөөр үнэ нь өсч байгаа долларын ханш бүр нэмэгдээд 2400 болдог ч юм уу тэр үед нь тооцоо хийх гээд байгаа юм. Ханшийн зөрүүн дээрээс ашиг олох гээд байна. Гурилын үйлдвэрийнхэн чинь ухаантай байхгүй юу. Ханшийн зөрүүний алдагдлаас болж 400 мянган төгрөг бидэнд ирэх байтал одоо 300 мянга болоод ирж байна. Бид хор грипцитээ валютаар авдаг. Ядаж л нэг тракторын боолтоо дотооддоо хийж чадахгүй гаднаас авч байна. Техник хэрэгсэл бүх зүйлээс гаднаас импортоор авдаг. Тийм болохоор тэдэнд валют л өгөхгүй бол монгол төгрөг авахгүй шүү дээ. Манай холбоонд бүртгэлтэй 1000 гаруй компани бий. Эднээс 200 гаруй нь салбарын 60 гаруй хувийг бүрдүүлэх хэмжээний ургац авдаг. Гэтэл эдгээр компаниуд техник хэрэгслийн захиалгаа ч өгч чадаагүй байгаа тул 2015 оны тариалалт бүрхэг л байна.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 20 тэрбум төгрөгийг гурил үйлдвэрлэгчид нь авчихсан. Одоо бол Тариалан эрхлэлтийг дэмжих сан биш гурил үйлдвэрлэгчдийг дэмжих сан болсон гэсэн үг. Хүнс, хөдөө аж ахуйн яам дампуу, дампуу, дампуу байна. Өөр хэлэх ч үг алга. Тэнд мэргэжилтэй боловсон хүчин гэж алга. Гарч ирсэн нөхөр нь найз нөхдийнхөө үр хүүхэд, дүү гээд дандаа шахааны хүмүүсийг ажилд авдаг. Тийм болохоор гэр бүлийн, хамаатны яам болчихоод байна. Нөгөө хүмүүс нь ажлаа мэдэхгүй. Хийж байгаа ажил бүр нь буруу, алдаатай явдаг. Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр тариаланчид өртэй, гурил үйлдвэрлэгчид өргүй байх ёстой байхгүй юу. Гэтэл өнөөдөр тариалан эрхлэгчдээ дэмжих ёстой сан маань биднийг шүүхэд өгөх гээд, устгах бодлого баримтлаад явж байх юм. Хүн бүр янз бүрийн л бодолтой байгаа байх. Оросын хямд буудай авахгүй өөрсдийнхөө үнэтэй буудайг шахах гэж байна гэж бодож байгаа биз. Эцсийн дүндээ Монгол Улс гурилгүй болно шүү гэдгийг хатуу сануулаад хэлчихье. Тэр үед Р.Бурмаа сайд, Ерөнхий сайд нарынхаа хэлснээр Оросоос аваарай. Бодлогогүй зүйл хийснийхээ төлөө Монгол Улс гарах гарцгүй болно шүү.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *