Монголын морин спорт уяачдын холбооноос тухайн жилийн хамгийн өндөр чансаатай азарга, их нас, эрлийз дээд насны морьдын чансааг тодорхойлон гаргадаг. Мөн чансаа өндөр уяач, унаач хүүхдийг тодруулдаг уламжлалтай. Чансааг тодорхойлохдоо тухайн жилд гаргасан амжилтуудыг үндэслэдэг. Харин улс, бүсэд түрүүлж айрагдсан шандаст хүлгүүдийг мөнгөн дүнгээр үнэлбэл чансааг тэргүүлсэн азарга дор хаяж хагас тэрбум төгрөг хүрнэ. Энэ жилийн улсын наадмын хязаалан насанд Дорнод аймгийн Цагаан-Уул сумын уугуул, аймгийн алдарт уяач Т.Батзоригийн сартай хээр түрүүлж торгон жолоо өргүүлсэн. Хээр үрээ 120 сая төгрөг хүрч зарагдсан байна лээ. Харин дааганд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр даага түрүүлж түмэн олноо баярлуулсан. Тод манлай хээр даагаа хоёр өрөө орон сууцаар наймаалсан сураг бий. Тэгэхээр улсын наадамд түрүүлсэн дээд насны морьд даага, хязаалангаас хол илүү үнэлэгдэнэ. Улсын наадамд түрүүлсэн морь давхар бүсийн болон аймгийн наадамд түрүүлж, айрагдсан байдаг болохоор тэр хэрээр үнэлгээ өсөх юм. Тэгэхээр ММСУХ-ноос тодорхойлдог өндөр чансаатай азаргыг тэргүүлсэн доорх алтан тууртууд доод тал нь гурван зуун сая төгрөгөөр үнэлэгдэх нь дамжиггүй. Ингээд энэ жилийн чансаа өндөр азаргыг тэргүүлсэн хурдан хүлгүүдийг танилцуулъя.
Нэгдүгээрт, ММСУХ-ны рейтингийн зөвлөлийн шийдвэрээр Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, аймгийн алдарт уяач Даваахүүгийн Баянбатын “Наран” хонгор азарга бичигдлээ. “Наран” хонгор азарга Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын түрүү, “Их мандал-2014” төвийн бүсийн уралдаанд түрүүлсэн.
Хоёрдугаарт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн алдарт уяач Түвдэндоржийн Болдбаатарынхалиун азарга. Халиун азарга үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын аман хүзүү, “Хотгойдын хурд-III” Хангайн бүсийн уралдааны айргийн гуравт тус, тус хурдалжээ.
Гуравдугаарт, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Содномцэрэнгийн Цэмбэлийн сартай хүрэн азарга эрэмбэлэгдлээ. Сартай хүрэн азарга үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын айргийн дөрөв , “Дорнод талын хурд-2014” зүүн бүсийн уралдааны айргийн тавд тус, тус хурдалсан.
Дөрөвдүгээрт, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул Эрдэнэ-Очирын Тамирын хүрэнхалзан азарга бичигдлээ. Хүрэнхалзан азарга үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын айргийн гуравт хурдалжээ.
Тавдугаарт, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат Бадамын Оргилынхалтар азарга эрэмбэлэгдэв. Халтар азарга үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын айргийн тавд хурдалсан.
Зургадугаарт, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн алдарт уяач Дуламын Сугарын хул азаргабичигдлээ. Хул азарга үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын зургаа, “Дорнод талын хурд-2014” зүүн бүсийн уралдаанд түрүүлсэн юм.
Долдугаарт, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул аймгийн алдарт уяач Бундийн Бүрэнтөрийн хүрэн халзан азарга оржээ. Хүрэн халзан азарга “Ламын гэгээн мэндэлсний 375 жилийн ой” говийн бүсийн уралдаанд түрүүлсэн.
Наймдугаарт, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул Навааны Энхболдын хүрэн азарга. Хүрэн азарга “Дүнжингарав-2014” хаврын бүсийн уралдаанд түрүүлсэн байна.
Есдүгээрт, Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Начингийн Баасанжавын хул азарга эрэмбэлэгдлээ. Хул азарга “Галдан бошигт хаан мэндэлсний 370 жилийн ой”баруун бүсийн уралдаанд түрүүлсэн юм.
Аравдугаарт, Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул Төмөрпүрэвийн Ганзоригийн загал азарга. Загал азарга “Өвөрхангай-2014” хаврын бүсийн уралдаанд түрүүлсэн байна.
С.АЛТАНЦЭЦЭГ