Categories
мэдээ улс-төр

Улсын сайн малчин, тариаланч, фермерээр 53 хүнийг шалгаруулна гэв

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт өчигдөр аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ. Тэрээр төсвийн тодотголд тусгасан гол гол өөрчлөлт, шинээр хэрэгжиж буй хуулиудтай холбоотой мэдээлэл өгсөн юм.

Ирэх сарын 2-3-нд ЗГХЭГ-аас аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзалт, сургалт хийх юм байна. Мөн аймаг, орон нутгийн удирдлагуудын 2014 оны ажлыг дүгнэж, 2015 оны үйл ажиллагааны гэрээ байгуулна. УИХ-ын чуулганаар одоо хэлэлцэж буй 2015 оны төсвийн тодотгол батлагдсаны дараа төсвийн зарцуулалттай холбоотой олон асуудлыг нарийвчлан тайлбарлана гэж С.Баярцогт сайд хэлэв.

Оны эхнээс хэрэгжиж буй Шилэн дансны хуулийн дагуу төсвийн захирагч нар 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй гүйлгээ бүрээ цаг тухайд нь олон нийтэд мэдээлэх үүрэгтэй юм. Энэ ажлыг цалгардуулалгүй гүйцэтгэхэд Засаг дарга нарт анхааруулсан юм. Засгийн газраас өнгөрсөн онд шинэчилсэн журмын дагуу энэ жил нийт 53 малчин, тариаланч, фермерийг шалгаруулах юм байна. Улсын сайн малчин, тариаланч, фермерүүдийн цол, тэмдгийг уламжлал ёсоор сар шинийн баяраар гардуулан өгнө гэлээ. Мөн энэ сард төрнө гэж тооцоолж байгаа Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг аймаг бүр тодруулах ажлыг зохион байгуулахдаа бүртгэл тэмдэглэлийг сайтар хөтөлж, хариуцлагатай ажиллахыг анхаарууллаа.

Засгийн газрын өнгөрсөн хуралдаанаар яамдын бүтцийн өөрчлөлттэй уялдуулан аймгийн ЗДТГ-ын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан юм. Хөдөөгийн эмч, багш нарт жилд нэг удаа үзүүлдэг буцалтгүй тусламжид ямар нэг өөрчлөлт ороогүй гэдгийг мөн хэллээ. “Гудамж” төслийн хүрээнд энэ жил Архангай, Увс, Хэнтий аймгуудын төвд гудамж, зам өргөтгөн шинэчлэх ажил хийх талаар мөн мэдээлэл өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *