Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяраас Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор дараахь тодруулгыг авлаа.
–Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэллээ. Хуулийг хэрэгжүүлээгүй албан тушаалтанд өндөр хариуцлага үүрүүлнэ гээд байгаа. Хуулийг хэн, яаж хэрэгжүүлбэл хуулийн шаардлага хангагдах юм бол?
-Хууль хэнд хамаатай вэ гэвэл төсвийн болоод орон нутгийн өмч, хөрөнгийг захиран зарцуулж байгаа таван мянга орчим байгууллага хамаарна. Тэр дундаа байгууллагуудын мөнгө зарсан шийдвэрийг гаргаж нэг, хоёрдугаар гарын үсэг зурдаг эрх мэдэлтэнд илүү их хамаатай.Хуулийн хариуцлага чанга гэхээсээ татвар төлөгчдийн мөнгийг зориулалтын дагуу зарцуулж байна уу гэдгийг зардал багатайгаар хянах, гүйлгээг ил тод болгох зарчимтай хууль. Хуулийг сайтар судлаад хэлбэрэлтгүй мөрдөж байгаа албан тушаалтан өөрийгөө төрийн албанд тэнцэх хүн гэдгээ батална. Харин хуулийг гажуудуулдаг хэсэгт нь “Уучлаарай. Чаддаг хүнд нь зайгаа тавьж өг” гэсэн нөгөө талын шүүлт болох юм.
–Ямар зөрчил гаргавал хэрхэн шийтгэх тухайд мэдээлэл өгөхгүй юу?
-Зөрчлийн шинж байдлаасаа хамаараад зарим тохиолдолд сануулах шийтгэл байна. Цалин хасах, төрийн албанд дахин ажиллахгүй болгох шийтгэл ч байгаа. Мөн хуулийн байгууллагууд зарим зүйлээр халхавчлаад тайлагнадаггүй тохиолдол бий. Үүнийг тодорхой хэмжээгээр хаасан. Үнэхээр үндэсний аюулгүй байдал, төрийн нууц, гүйцэтгэх ажиллагаатай холбоотой хэсгийн санхүүжилтийг хуулийн байгууллагууд мэдээлэхгүй байж болно. Бусад тохиолдолд тагнуул, АТГ, цагдаагийн байгууллага байлаа ч төсвийн мөнгийг хэрхэн зарцуулснаа тайлагнана гэсэн үг. Тайлагнаагүй тохиолдолд хариуцлага нь ижил.
–Тэгвэл ямар тохиолдолд цалингаа хасуулж ямар тохиолдолд төрд эргэн ажиллах нүүргүй болох юм?
-Олон төрлийн гүйлгээ хийгдэж таарна. Эндээс мөнгөн дүн нь ялимгүй юм уу эсвэл түүнийг мэдээлэх хугацааг цөөн хоногоор хэтрүүлсэн тохиолдолд сануулах арга хэмжээ авах боломжтой. Харин их хэмжээний үнийн дүнтэй буюу төрд ихээхэн хохирол учруулсан, тайлагналгүй нууцалсан тохиолдолд заавал сануулна гэлгүй төрд ажиллах эрхийг нь хасна. Бас хэдэн төгрөг гаргасан гэх тоог мэдээлээд орхихгүй. Ямар ажилд хэдэн төгрөг зарцуулсан шийдвэрээ мэдээлж байх учиртай. Ингэснээр шахааны бизнес, авлигаас урьдчилан сэргийлэх гээд олон сайн талтай гэж харж байгаа.
–Хувийн аж ахуйн нэгж хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэсэн үг үү?
-Тендер аваад ажил үйлчилгээ үзүүлсэн бол төрөөс авсан мөнгөө хэрхэн зарцуулсныг тайлагнаж ил болгох хэрэгтэй. Шууд хэлбэл мөнгөн торгууль ногдуулна. Жишээ нь тайлангаа өгөөгүй, өгөхгүй байгаа компаниудыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээгээр торгоно гэсэн заалттай.
–Төрийн байгууллагууд мэдээлэх үүргээ яаж биелүүлэх юм?
-Цаас үрэхгүй. Өнөөдөр байгууллага бүр цахим хаягтай болсон. Тиймээс цахим хуудастаа шилэн данс гэсэн булан нээгээд зарлага орлогоо хуульд заасан хугацаанд нь мэдээлээд явах учиртай. Долоо хоногт мэдээлэх гүйлгээгээ долоо хоногтоо, сард, улиралд гээд гүйлгээнээсээ хамаараад хугацаа заасан байгаа. Жишээ нь Архангай аймагт амьдарч байгаа иргэн Засаг даргынхаа юунд мөнгө зараад байгааг хянаад, хар дагуулсан гүйлгээ байвал шалгадаг байгууллагад нь мэдээлэх бололцоотой.
–Байгууллагын нууц гэдэг нэрээр тайлан мэдээллээ өгөхгүй, гаргахгүй байх тохиолдол олон байдаг ш дээ?
-Байгууллагын нууц гэх нэрээр үйлдэл, гүйлгээгээ далд байлгах сонирхолтой байдгийг хуулиар хаасан. Байгууллагын нууцын жагсаалт, тогтоолыг тухайн байгууллагын дарга гаргана гэсэн нь дарга нарын давуу тал болдог байсан бол одоо Шилэн дансны тухай хуулиар боломжгүй болж байгаа.
–Байгууллага тус бүрийн цахим хаягийг олж мэдээлэл авахад төвөгтэй байх. Мэдээллийн нэгдсэн сайт ажиллахгүй юм уу?
-http://shilendans.gov.mn гэсэн нэгдсэн цахим хаягийг сангийн яам хариуцаж ажиллана. Энэ хаяг байгууллагуудын цахим хаягтай автоматаар холбогдох учраас байгууллага тус бүр мэдээллээ хийсэн даруйд http://shilendans.gov.mn сайтад давхар бүртгэгдэнэ. http://shilendans.gov.mn сайт Шилэн дансны тухай үүнтэй холбоотой бүх хуулийн танилцуулгыг ч давхар мэдээлнэ. Хуулиар уг сайтыг 2016 оны зургадугаар сарын 1-нээс ажиллуулна гэсэн ч ач холбогдлыг нь бодоод удахгүй нээн ажиллуулахаар Засгийн газар ажиллаж байгаа.
–Ямар гүйлгээгээ долоо хоног, сард ямар гүйлгээг улиралд мэдээлж байх ёстой юм?
-Нийт 250 гаруй төрлийн гүйлгээ болж байгаа. Засгийн газар үүнийг цэгцэлснийг саяхан С.Баярцогт сайд мэдээлсэн. Удахгүй http://shilendans.gov.mn сайт ажиллаж эхлэхээр тэндээс мэдээллийг авч болно.
–Шилэнданс.мн сайтад улсын нэрээр гаднаас авсан зээлийн зарцуулалт ч мэдээлэгдэнэ гэсэн үг үү?
-Улсын төсөв түүний зарцуулалтаас эхлээд төсвийн мөнгөөр санхүүждэг бүхий л байгууллагын нэг ширхэг хадаас авсан гүйлгээ ч нээлттэй болно гэсэн үг. Мэдээж бонд, бондын хөрөнгийг зарцуулсан тайлан энд багтана.
–Тэгвэл Самурай, Чингэс бондын зарцуулалт сайт руу орох уу?
-Хууль эргэж үйлчилдэггүй. Тэгэхээр 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хойших зээлийн хөрөнгийн бүх зарцуулалт ил болно гэсэн үг.
Л.ТӨР