Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хөдөө орон нутгийн сурагчдын амралтын хуваарийг шинэчлэн баталжээ. Энэ сарын 5-нд буюу даваа гарагт гаргасан тушаалаар хөдөө орон нутгийн сурагчид цагаан сараар амрахгүй юм байна.
Тэдний хаврын амралт мал төллөх үеэр байх бөгөөд сурагчид хөдөө гэртээ очиж мал төллөхөд туслах ёстой гэсэн эцэг эхчүүдийн хүсэлтийг хүлээн авч уг шийдвэрийг гаргажээ. Хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтаар I-V ангийн сурагчид нэгдүгээр сарын 10-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-нийг дуустал гурван долоо хоног, VI-IX ангийн сурагчид нэгдүгээр сарын 10-наас нэгдүгээр сарын 25-ныг дуустал хоёр долоо хоног, X- XII ангийн сурагчид нэгдүгээр сарын 10-наас 18-ныг дуустал нэг долоо хоног тус тус амрах аж.
Харин хичээлийн жилийн гуравдугаар улирлын амралтаар I-V дугаар ангийн сурагчид гуравдугаар сарын 21-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 12-ныг дуустал гурван долоо хоног, VI-IX ангийн сурагчид гуравдугаар сарын 21-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 5-ныг дуустал хоёр долоо хоног, X-XII ангийн сурагчид гуравдугаар сарын 14-нөөс гуравдугаар сарын 29-нийг дуустал хоёр долоо хоног тус тус амарна.
Орон нутгийн сурагчдын амралтын хугацааг өөрчилсөн ч энэ хичээлийн жилд бага, дунд, ахлах ангийн сурагчдын хичээллэх болон амрах нийт хугацаа хот, хөдөөгүй адил байх аж. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн бүх ангиудын хичээлийн жилийн дуусах хугацаа өөрчлөгдөөгүй бөгөөд хичээлийн жил зургадугаар сарын эхний долоо хоногт дуусах юм байна.