Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ унасаар байна. Өчигдөр /01.05/ Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжаанд WTI маркийн газрын тос нэг баррель нь 50.04 ам.доллараар худалдаалагдав.
Шинжээчдйин мэдээлж буйгаар энэ нь 2.65 ам.доллар буюу 5 хувиар буурсан үзүүлэлт болж байгаа бөгөөд 2009 оны долдугаар сараас хойших хамгийн өндөр бууралтад тооцогдож байна.
Газрын тосны арилжаа шинэ онд маш сул эхэлсэн хэмээн шинжээчид дүгнэлээ. Өмнө нь жилийн эхэнд газрын тосны зах зээлийн өсөлтөд нөлөөлөх зорилгоор маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг байсан бол энэ жил эсрэгээрээ энэ салбараас хөрөнгө оруулалтаа татаж авах нь элбэгшсэн байна.
Европын хөрөнгийн биржүүдэд мөн адил хар алтны үнэ унаж байгаа аж. Тухайлбал Лондонгийн олон улсын арилжаанд Брент маркийн газрын тосны үнэ 3.53 ам.доллараар буурч, нэг баррель нь 52.86 ам.долларт хүрсэн байна.
Эндээс үзэхэд, газрын тосны үнийн уналт ирэх онд ч үргэлжлэх төлөвтэй. 2015 онд эрэлт тогтворгүй байснаар газрын тосны үнэ үргэлжлэн буурна гэж Олон Улсын эрчим хүчний агентлаг таамаглажээ.