Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр энгэрээ мялаалаа. Театрын ахмад уран бүтээлч Б.Мушгиа Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор, Ерөнхий зураач Т.Ганхүү Алтан гадас одонгоор энгэрээ мялааж, театр урлагийг эрхэмлэн дээдлэгч оюунлаг үзэгчид, аав, ээж, ах, дүү хамт олноо баярлуулсан юм.
Драмын театрын ахмад уран бүтээлч Б.Мушгиа нь 1927 онд Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн. 1957-1961 онд Монгол улсын их сургуулийн найруулагчийн ангийг А.Д.Никитины удирдлаганд суралцаж төгссөн Монголын анхны дээд боловсролтой найруулагчдын нэг юм.
Тэрээр 1944-1948 онд УХЗТ-д жүжигчин, 1961-1988 онд Сүхбаатар, Дундговь, Булган аймгуудын соёлын ордон, Хүүхэлдэйн театрт дарга, найруулагч хийжээ. 1982 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан.
Түүний найруулсан жүжгүүдээс дурдвал, Яндангийн дуу-1963, Тээлийн хөндийд-1964, Интоорын цэцэрлэг-1964, Алтан загасны үлгэр-1964, Жирийн хүмүүс-1965 зэрэг уран бүтээлүүдийг тайзнаа найруулж үзэгч түмэндээ өргөн барьсан авъяаслаг ахмад уран бүтээлч юм.
Театрын ерөнхий зураач Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг нь 1998 онд анх театрын босгыг алхсан цагаас өнөөдрийг хүртэл тасралтгүй 16 жил ажиллаж, театрын алтан тайзнаа Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, У.Шекспирийн “Гамлет”, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү”, В.Хюго “Парисийн дарь эхийн сүм”, Р.Кунигийн “Эцсийн зогсоол зөвхөн чи”, Г.Пинтерийн “Өчигдөр”, С.Жаргалсайханы “Хэлж зүрхлээгүй хайр” /Нууц амраг чинь болъё/ зэрэг хорь гаруй жүжгийн ерөнхий зураачаар ажилласан авьяаслаг уран бүтээлч юм.