Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мал, хил, хэлтэйгээ байхад МОНГОЛ АЛЗАХГҮЙ

Баабар ингэж өгүүлэв

Энэ 2014 онд 17 сая гаруй төл хүлээн авч Монгол Улсын мал урьд хэзээ ч бүртгэгдэж байгаагүй тоо болох 59,2 саяд хүрлээ. Малын тооллого одоо болох байх, идэш, намрын нядалгаа гээд цөөрөх боловч юутай ч 40 саяас дээш толгой тоологдоно. Малын анхны тооллого 1923 онд болоход 22 сая байсан. Үүнээс таван жилийн өмнө Оросын тагнуул Майский 9 сая гэсэн нэг тоо хэлсэн нь 70-80 жилийн турш МАХН-ын урдаа барьж бахархдаг статистик байлаа. Өнгөрсөн зун хүртэл Нямдорж “Танай муу 9 сая малыг чинь манай нам олон дахин өсгөж өгсөн” гээд л захын панзчин шиг хээхэлзээд л байсан. Яаж ч бодоод 1918 онд 9 сая малтай байгаагүй. Монголч эрдэмтэн Поппегийн хэлснээр Майский Хүрээнд ирээд монгол түшмэдэд хахууль өгч байгаад баахан статистик худалдаж авчээ. Цаадуул нь хахуулийг нь авах мөртөө худлаа тоо өгч хулхидсан байгаа юм.

Тооллого явагдах болсноос хойш 1944 онд нэг удаа 27 сая хүрсэн. Анхдугаар таван жилийн төлөвлөгөөгөөр 31 сая хүргэнэ гэхэд нь боломжгүй тоо гэж хоорондоо ярилцсан хэдэн оюутан матагдан шоронд суусан байдаг. Монголын малыг 200 сая хүргэх хэрэгтэй гэсэн Сталины даалгавраас болж бүр ч олон хүн шорон явсан. Ийм тоонд хүргэхийн тулд нам засаг малчдад геометрийн прогресс хатуу даалгавар өгчээ. Ухаан нь 100 эм малтай өрх хойтон нь малаа 200, тэрний хойтон 400 болгох улсын даалгавартай ба тэр тоогоороо тооцон улсад ноос ноолуур тушаах ёстой. Тушааж чадахгүй бол эхлээд өрөнд, дараа нь шоронд. Тэр үед “ялтай мал” гэсэн үг гарсан ба баячууд нь ядуучуудад малаа зүгээр өгье гэж гуйхад цаадуул нь авдаггүй байж. Зүгээр авсан 10 хонь нь 20, 40, 80 хэмээн өссөнд тооцогдон баян өглөгчийн араас шоронд ачигдана шүү дээ.

Ардын малыг хуу дээрэмдээд социализм байгуулж гарсан 30 жилд малын тоог 25 саяд хүргэх төлөвлөгөө нь нэг ч удаа биелээгүй. “Энэ жил 9 сая төл авахын төлөө” гэсэн бичиг зурагтай шүдэнз ил захидал гардаг байлаа. Чадаагүй дээ. 1992 онд Хэнтийн Дархан сумын нэгдлийн дарга Ч.Тэрбиш сумын 100 мянган малыг малчин эзэд нь буцааж өгснөөр Монголын мал өсөх хандлага руугаа орлоо. Тэр жилдээ социализмын олон жилийн мөрөөдөл 25 саяыг давсан. Энэ хооронд малын толгой дор хаяхад хоёр дахин өссөн боловч ДНБ-д эзлэх хувь нь гурав дахин буурчээ. 1950 он хүртэл хүн амын 80 хувь нь нүүдлийн мал ахуй эрхэлж байсан бол одоо дөнгөж 15 хувь нь. 1944 оны мичин жилийн зуднаар Монгол 4,5 сая малаа алдаж эгээтэй цөм үсэрчихээгүй. Байгаа нь мал л байсан юм чинь. 2003 онд зөвхөн Өвөрхангай 8 саяыг алдсан боловч хотойх ч үгүй найр наадмаа хийсээр л байсан. Монголчууд голлон малын бус орлогоор амьдардаг болжээ.

Төв Азийн элэг болох өнөөгийн Монголын нутаг нь нэн эртнээс хатуу ширүүн уур амьсгалтай, богино зун урь өвөлтэй, их өндөрт байршилтай, маш хуурай газар учир амьдран суугсад нь билчээрийн нүүдлийн мал аж ахуйнаас өөр зүйл хөгжүүлэх бололцоо байсангүй. Байгал нуураас Цагаан хэрэм, Хянганы нуруунаас Алтайн нурууны хоорон дахь энэ уудам нутагт нэг саяас дээш хүн нутаглаж байсангүй. Учир нь хүмүүс нь багтдаггүй байж. Нийт билчээр нь 20-40 сая малын даацтай. Ийм тооны малыг өөр аж ахуй эрхэлдэггүй саяас цөөн нүүдэлчид л адгуулна. Байгалийн эрхшээлд байдаг билчээрийн мал өсөх хорогдох нь амар учир өрх болгон хэдэн зуун малтай байж л хэрэгцээгээ хангадаг. Баян хүн нэг шуурганд гэж үг бий. Мал нь хатуу ширүүн уур амьсгалдаа зохицсон учир хагас зэрлэг маягтай. Бараг л өөрөө өөрийгөө аваад явчихна. Таваарлаг чанар бараг үгүй боловч хариулга маллагааны өртөг маш хямд. Өөрөөр хэлбэл, хариулга маллагаа нь хямд байгаа нь монгол малын таваарлаг чанар юм. Далаад оны сүүлчээр Социологийн хүрээлэнгээс монгол нүүдэлчин малчны хөдөлмөрийн зураг гаргажээ. Ажлын ачаалал улирлаас хамаардаг боловч жилийн нийлбэрийг дундажлахад мал­чин эр өдөрт хоёр цаг, эмэгтэй нь дөрвөн цаг ажилладаг болохыг тогтоосон.

Социализмын үед монгол малыг үүлдэр угсаа, ашиг шимийн хувьд сайжруулах гэж асар их хөрөнгө үрсэн. Мэдээж ашиг шим нь дээшилсэн, гэвч дагаад маллагааны зардал өссөн. Мал эзэндээ очсоны дараа эдгээр буй болгосон үүлдэр, угсаа, хэвшлийн малууд бараг тэр чигээрээ алга болсон доо. Билчээрийн мал бага зардал шаарддаг, энэ нь мянга мянган жилийн шалгарал. Түүнээс хорлон сүйтгэл биш байх аа. Монгол улс 1971-1990 оны хооронд ЗХУ-аас 9,8 тэрбум шилжих рубль зээлж авчээ. Үүний долоон хувь нь Эрдэнэт, Монросцветметал, геологийн хайгуул гэх мэтийн том бүтээн байгуулалтад зарцуулагджээ. Харин 63 хувийг нь билчээрийн мал аж ахуйг дэмжихэд зарцуулсан. Хадлан, бордоо, тэжээлийн үйлдвэр, хашаа саравч, өвс тэжээл, худаг, мал эмнэлэг, үржил селекци, эм хангамж гээд явж өгнө дөө. Швейцариас валютааравсан хуурай сүү хотын хар цай уугчдад олддоггүй атал хурга тугал угж гээд уут уутаар нь малчдад тараадаг байлаа гэхэд өнөөдөр үнэмшимгүй сонсогдож байгаа биз. Гэтэл билчээрийн малыг, тэр дундаа өөрийн биш малыг хуурай сүү найруулаад угжаад суудаг хүн ховор байсан биз ээ. Голдуу л бууцан дээрээ үлдээчихдэг байлаа. Өдгөө тэндээс үлдсэн юм тун бага. Гол дагуулан ухсан хэдэн зуун худаг, үй олон хашаа саравчийг булаад түлээд дууссан. Тэгсэн мөртөө уриалаад шаардаад хүчлээд захиргаадаад малаа 25 сая хүргэж байгаагүй. Монгол билчээрийн мал илүү зардалд дургүй.

Өнөөдөр Улаанбаатарт хүн амын бараг тал нь, нийт хот суурин газар ная гаруй хувь нь амьдран сууж байна. Ийм төвлөрсөн газрыг мах сүүгээр хангана гэдэг өөр мэнэжмэнт. Улаанбаатарын сүү, сүүн бүтээгдэхүүний ная гаруй хувь нь импортынх. Дархан Сэлэнгийн засмал замыг “маруужингийн зам” гэдэг нь оносон нэр. Энэ өргөн уудам нутагт тарсан малын сүүг бөөгнүүлж Улаанбаатарын сүүн заводод авчирна гэдэг бүтэшгүй өндөр өртөг. Хуучин чаддаг байсан, гэхдээ тэр чинь эдийн засаг тооцдоггүй байсан үе шүү дээ. Хот хүрээ тойрсон эрчимжсэн мал аж ахуйг эхнээсээ хувийнхан хийгээд эхэллээ. Төр дөвчигнөж оролцохгүй бол жамаараа явсаар удахгүй ийм мэнэжмэнт тогтон хотоо хангадаг болно.

Ингэхээр Монголын энэ их олон сая мал юунд хэрэгтэй юм бэ? Ерээд оны эхээр дэлхий дээр дөч гаруй улс захиргааны эдийн засгаас чөлөөт эдийн засагт шилжсэн. Энэ маш хүнд шилжилт байлаа. Тэр зурвас үед бүгдээрээ их бага өлсгөлөн туулсан. Төв Европын Польш улсад сүмээс хооллох үнэгүй шөлөнд хэдэн зуун метр оочир үүсдэг байлаа. Орост бүр ч хүнд байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *