Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Амарсайхан агсны өмгөөлөгч Р.Пүрэвлхам: Амьд байсан бол өөрийгөө буруугүй гэдгийг хангалттай нотлох байсан

Түрүүч нь ¹307(4947) дугаарт

Д.АМАРСАЙХАН АГСАН ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ ДАРГААР АЖИЛЛААГҮЙ

-Д.Амарсайхан агсанд холбогдох хэргийг Дээд шүүх шийдвэрлэсэн. Ингэхдээ хэргийн оролцогч Х.Анхбаярыг талийгаачид авлига өгсөн гэж үзсэн. Харин Д.Амарсайхан агсныг нас барсан учраас хэргийг хэлэлцэх ёсгүй байж гэж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг юу гэж үзэж байна вэ?

-Хоёр шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, нас барсан хүнийг гэм буруутайд тооцсон асуудлыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэрэгсэхгүй болгосон. Хяналтын шатны шүүх хууль хэрэглээний асуудлыг нь шийдвэрлэдэг. Миний үйлчлүүлэгчийн хувьд хууль хэрэглээний асуудлаар зөв дүгнэлт хийсэн. Тэр хүн нэгэнт нас барсан учраас анхан шатны шүүх ямар ч тохиолдолд тэр хүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх ёсгүй байсан. Шууд хэрэгсэхгүй болгоод үлдэх хүмүүсийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх байсан. Гэтэл анхан шатны шүүх яг амьд хүнийг шүүж байгаа юм шиг нэр ус, нас хаягаар нь дуудаад амьд мэтээр яллаж, гэм буруутайд тооцсон. Бүр тэдэн жилийн ял өгье гэдэг асуудал хүртэл яригдсан. Дээд шүүх талийгаачийн гэм бурууг хэлэлцэх ёсгүй гэдэг үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосонд талархаж байгаа.

-Авлига өгсөн, авсан гэгдээд байгаа Х.Анхбаяр, талийгаач хоёр ямар холбоотой байсан юм бэ?

-Гэр бүлийн найзууд гэж сонссон.

-Шарга-3, Нэмэгт-6 талбайнуудад газрын тосны бүтээгдэхүүн хуваах чиглэлээр зарласан олон улсын нээлттэй тендэрт Х.Анхбаярын “Тэнгри холдинг” компанийг шалгаруулсынхаа хариуд талийгаачийг авлига авсан гэм буруутайд тооцсон. Тэр нь ямар учиртай юм бэ?

-Миний үйлчлүүлэгч ийм хэрэг үйлдээгүй, энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар баталгааждаг гэж гурван шатны шүүх хуралдааны туршид ярьсан. ТалийгаачийгШарга-3, Нэмэгт-6 талбайнуудын сонгон шалгаруулалтын хорооны даргаар ажилласан. Ингэж ажиллахдаа үнэлгээний хороонд бас даргаар ажиллаж Х.Анхбаяр гэдэг хүний компанийг шалгаруулсан гэж буруутгасан. Гэтэл Д.Амарсайхан агсан ерөөсөө үнэлгээний хороонд ажиллаагүй. Үнэлгээний хороонд ажилласан гэдэг нэг ч нотлох баримт байдаггүй. Хороонд ажилласан хүмүүсийн нэг нь ч Д.Амарсайхан агсныг Үнэлгээний хорооны даргаар ажилласан гэж хэлээгүй, батлаагүй.

-Сонгон шалгаруулалтын хороо, Үнэлгээний хорооны даргаар давхар ажиллаж давуу эрх олгосон гэж үзсэн юм уу?

-Тэгж ажиллах ямар ч боломж байхгүй. Сонгон шалгаруулах журмын дагуу бол Үнэлгээний хорооны даргаар ажилласан хүн Сонгон шалгаруулалтын хорооны даргаар ажиллах хориотой. Хэрвээ Үнэлгээний хорооны даргаар ажилласан хүн Сонгон шалгаруулах хорооны даргаар ажилласан бол гишүүд нь уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх бүрэн эрхтэй. Ямар ч тэнэг хүн Үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан хүнийг Сонгон шалгаруулалтын хорооны даргаар ажиллуулахгүй. Үнэлгээний хороо, Сонгон шалгаруулах хорооны ажлын хэсэгт ажилласан хүмүүсээс “Үнэлгээний хорооны даргаар Д.Амарсайхан агсан ажилласан уу. Ажилласан бол Сонгон шалгаруулах хорооны даргаар ажиллахад та нар яагаад эсэргүүцээгүй вэ” гэж асуугаагүй байдаг. “Д.Амарсайхан та нарт энэ компанийг захьсан уу” л гэж асуудаг. Хариуд нь “Үгүй. Энэ ямар компани вэ гэж асуусан л гэдэг” гэж хариулдаг.

-Хэдхэн жилийн өмнөх сонгон шалгаруулалт шүү дээ. Архивт баримт нь байдаггүй юм уу?

-2008 оны явдал. Гэтэл Ашигт малтмалын газрын болон бусад архивт ерөөсөө байдаггүй. Сонгон шалгаруулалтын хороо, Үнэлгээний хорооны баримтуудыг тухайн үед даргаар ажиллаж байсан болон өөр хэн нэгэн үзэх эрхгүй юм билээ. Зөвхөн нарийн бичгийн даргын гараас архивт орно. Архиваас зөвхөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажилладаг хүмүүс үзэх эрхтэй.

-Тэгээд нарийн бичгийн дарга нь архивтаа хийгээгүй болж таарч байгаа юм уу. Тэр хүн гэрчийн мэдүүлэг өгсөн биз дээ?

-Нарийн бичгийн дарга “Задгай бичиг баримт байдаг юм. Түүнийгээ барьж очоод л архивласан юм” гэдэг. Төрийн ажил ийм л байдаг юм байна. Үүний улмаас л талийгаач буруутсан. Муу л бол хойт талын хар овоохой гэдэг шиг л талийгаачид нааж, буруутгасан юм шүү дээ. Нөгөө талаас Үнэлгээний хорооны гишүүдийн хамтын шийдвэрээр “Тэнгри холдинг” шалгарсан. Тиймээс хамтын шийдвэр гаргасан бүх хүмүүсийг яагаад шалгаагүй вэ гэдэг асуудал бас гарна.

-Гэрчийн мэдүүлэг авсан биз дээ?

-Авсан. Тэр хүмүүс “Хамгийн өндөр оноо авсан компанид л өгсөн” гэж хариулдаг.

-Хавтаст хэрэгт Д.Амарсайхан агсан өөрөө юу гэж мэдүүлсэн байдагюм бэ?

-Байшин сав аваагүй гэдгээ баталж мэдүүлдэг. Чандмань 50 мянган ам.доллараа бэлнээр өгч байж байраа өөрийнхөө нэр дээр авсан, дараа нь үлдэгдэл 50 мянган долларыг цувуулж төлсөн гэж мэдүүлсэн. Тэр мөнгийг өгснийг “Тэнгри холдинг” компанийн менежер Отгонболд гэрчилдэг. Шилжүүлсэн баримт нь ч хавтаст хэрэгт байдаг. “Тэнгри холдинг” компанид Чандманийг ажиллуулахын тулд Х.Анхбаяр орон сууцаа хөнгөлөлттэй үнээр зарахаар тохирсон нь энэ. Чандмань тэр үед Хас банкинд ажиллаж байсан шүү дээ.Үлдсэн 100 мянган ам.доллараа цувуулж өгөх, дээр нь машин авах тохиролцооны үндсэн дээр Хас банкнаас гарч “Тэнгри холдинг”-д ажилд орсон байдаг.

-Д.Амарсайхан агсных хэдийд нь тэр байранд орсон юм бэ?

-2009 онд байх. Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчээ ийм хэрэг үйлдээгүй гэдгийг нотлохын тулд дээрх баримтуудыг шүүх дээр гаргаж тавьсан. Хэрвээ Д.Амарсайхан агсан амьд байгаад болсон явдлыг хангалттай тайлбарлаж өгсөн бол шүүх гэм буруугүй гэж үзэх байсан гэж боддог. Талийгаач өөрийгөө буруугүй гэдгийг хангалттай нотлох байсан. Тийм учраас асуудал огт өөрөөр шийдэгдэх боломж байсан юм шүү.

-Та анхан шатны шүүх бүрэлдэхүүн, Эрүүгийн хэргийн II шүүхээс татгалзаж байсан. Ингэхдээ талийгаачийг цагдан хорих шийдвэр гаргасан шүүх өөрөө гэм буруугийн асуудлыг хэлэлцэх нь ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг үндэслэл гаргасан.

-Ийм үндэслэл гаргасан ч шүүх хүлээж аваагүй.

АТГ-ЫНХАН ТАЛИЙГААЧИЙН ТАЛААР БААХАН МЭДЭЭЛЭЛ ЦАЦЧИХААД ТҮҮНДЭЭ ХҮРЭХ ГЭЖ УЛАЙРСАН

-Талийгаачийг бас “Петрочайна Дачин тамсаг”-ийн гэх хэргээр шалгаж байсан. 50 орчим тэрбум төгрөгийг Хонконг дахь дансаараа дамжуулан хувьдаа завшсан, энэ хэргээр интерполоор эрэн сурвалжилж байгаа гэдэг мэдээлэл гарсан. Тэр хэрэг нь юу болсон юм бэ?

-Намайг өмгөөлөгчөөр орох үед тийм зүйл огт яригдаж байгаагүй. Өмгөөлөгчөөр ажиллаж эхлэхдээ “Петрочайна Дачин тамсаг”-ийн гэх хэрэг байгааг огт мэдээгүй. АТГ-ын мөрдөн байцаагч Анхбаяр гэдэг хүн тэр хэргийг шалгаж, талийгаачийг сэжигтнээр тогтоосон байсан юм билээ. Гэхдээ тэр хэргээр цагдан хориогүй юм шүү.Талийгаачийг хамгийн сүүлд цагдан хорих үед энэ тухай мэдэж хэргийг нэгтгэн шалгаач гэдэг хүсэлтийг АТГ болон прокурорт өгч байсан. Үнэндээ талийгаачийн биеийн байдлаас шалтгаалаад тэр хэрэгт анхаарах завдал гараагүй. Эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргаж өгөөч гэж хөөцөлдөж байтал нас барсан. Нас барсных нь дараа тэр хэргийг нь прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон тогтоол ирсэн.

Тодруулбал, Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас 2014 оны долдугаар сарын 28-ны өдрийн 2150 тоот тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-ээр “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” талийгаачийн эхнэр Д.Нарантуяад танилцуулаад “Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.Амарсайхан нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Монгол Улсын Засгийн газартай байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу Дорнод аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Тосон уул 19”, “Тамсаг 21” талбайгаас олборлосон газрын тосны борлуулалтаас болон Монгол Улсын Засгийн газарт ноогдох орлогоос хувьдаа завшсаны улмаас Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, эрүүгийн хэргийг “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг танд мэдэгдэж байна” гэсэн мэдэгдэх хуудсыг дүүргийн хоёрдугаар прокурорын газраас 2014 оны наймдугаар сарын 8-нд өгсөн байдаг

-Талийгаачийн аав, ээж өндөр настай хүмүүс байдаг. Сэтгэл санаа нь хүнд байгаа нь ойлгомжтой.

-Үнэхээр хүнд байдаг. Эцэг эхээ харж хандаж явдаг хүү нь байсан юм билээ. Эхнэр нь ч хүнд байдалтай байгаа. Миний хувьд шүүхийг буруутгахаас илүүтэй АТГ-ын мөрдөн байцаагч, хяналтын прокурор ажилдаа хэтэрхий хайнга ханддагийн улмаас ийм байдал үүссэн гэж хэлмээр байна. Талийгаачийг яллагдагчаар татсан тогтоолгүйгээр хэргийг шийдсэн шүү дээ. Улсын яллагч давж заалдах шатны шүүх хуралдаан дээр “Яллагдагчаар татсан тогтоол байсан юм. Тэгж байгаад алга болчихсон” гээд сууж байгаа нь хэтэрхий хайнга, муу ажиллаж байгаагийн илрэл шүү. Эрүүгийн хуулиар шүүхээр гэм бурууг шийдээгүй нөхцөлд хүнийг гэм буруутай гэж тооцохгүй гэж заасан байдаг. АТГ талийгаачийн талаар үнэн, худал нь мэдэгдэхгүй баахан мэдээлэл цацчихаад тэрэндээ хүрэх гэж дараагийн үйл ажиллагаагаа явуулж, ямар нэгэн байдлаар гэм буруутай гэж тооцох гэж улайрсан.

Тийм л байсан бол “Петрочайна Дачин тамсаг”-ийн гэх хэргээ мухарлачихаад нийтэд зарлахгүй яасан юм бэ. Бодлогоор ял өгч байгаа, дээрээс өгсөн заавар гэх мэт зүйл яриад байдгийг би хувьдаа ойлгодоггүй. Хуулийн байгууллага хуулийн дагуу л ажиллах ёстой. Урьдчилан хорих 461 дүгээр ангийн эмч нарт АТГ-ынхан эрүү үүсгэж шалгасан юм гэнэ лээ. Түүнээс болоод 461 дүгээр ангийн эмч нар өндөр албан тушаал хашиж байгаа хэн нэгнийг эмчлэхээс айдаг, өргөсөн тангаргаасаа няцахад хүрдэг болсон гэнэ лээ. Тэд “АТГ-ынхан битгий үз гэсэн” л гэж яриад байдаг шүү дээ. АТГ нь ч ямар аймаар газар байдаг юм, мэдэхгүй.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *