Categories
мэдээ нийгэм

Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа

Шүүхийн тамгын газруудын 2014 оны ажлын үнэлгээг танилцуулах, 2015 оны үр дүнгийн гэрээ байгуулах ажиллагаа өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.

Арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд болон ажлын албаны удирдлагууд, 79 шүүхийн 41 Тамгын газрын дарга оролцсон юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Тамгын газрын дарга нартай уулзах үеэрээ “2015 оныг төсвийн сахилгын жил болгоно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Шилэн дансны тухай хууль” 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ. Энэхүү хуулийг хэрэгжүүлэх ажлыг шүүхүүд манлайлах ёстой. 2015 онд нийт шүүхүүд хэмнэлтийн горимоор ажиллана” хэмээн хэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан “2014 онд шүүхийг ил тод, нээлттэй болгоход томоохон ахиц гаргасан байна. “Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр нэлээд ажил хийлээ, 2015 онд ч үргэлжлүүлэн хийх болно” гэлээ. Шилдэг тамгын газрыг шалгаруулахад иргэдэд хамгийн ойр, ил тод, нээлттэй ажилласан үзүүлэлтийг чухалчилжээ. Шүүхийн шилдэг тамгын газраар Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн Тамгын газар,дэд байрт Сум дундын 5 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн Тамгын газар,гуравдугаар байранд Сум дундын 19 дүгээр шүүх, Захиргааны хэргийн 14 дүгээр шүүхийн тамгын газар тус тус шалгарч өргөмжлөл гардан авлаа. Шүүхийн тамгын газрын ажлыг үнэлэхдээ тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, бодлогын зорилт, түүний хэрэгжилт, үр дүн, 2014 оны үйл ажиллагааны тайлан, шүүхийн тамгын газрын даргын үр дүнгийн гэрээний биелэлтийн илтгэх хуудас, шүүн таслах ажлын болон хэргийн хөдөлгөөний мэдээ, тайлан, санхүүгийн тайлан тэнцэл, аудитын үнэлгээ, дүгнэлт, шүүхийн цахим хуудас, хэвлэл, мэдээлэл,олон нийтэд хандсан үйл ажиллагаа, мониторингийн үр дүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр, зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын биелэлт, тухайн жилийн ажлын тайланд шүүгч, ажилтны өгсөн үнэлгээ зэргийг тус тус харгалзсанаас гадна Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, ажлын албаны ажилтнууд орон нутгийн болон нийслэлийн шүүхүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан үнэлгээнд тулгуурласан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *