УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлтэй Улс төрийн намуудын тухай хуулийн өөрчлөлтийн талаар ярилцлаа.
-УИХ-д суудалтай намууд Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөхөөр ажиллаж байгаа. Өмнөх хуулиудыг нь боловсруулан батлалцаж байсан хүний хувьд одоо ямар өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж байна?
-Анх 1990 онд Улс төрийн намуудын тухай хуулийг баталсан. Дараа нь 2005 онд томоохон өөрчлөлт оруулахад ажлын хэсгийн ахлагчаар би ажилласан. Түүнээс хойш нэлээд хугацаа өнгөрсөн учраас одоо анхаарах зүйл олон байна. Нийгэмд тавигдаад байгаа өнөөгийн шаардлагыг улс төрийн намууд хангахтай холбогдсон заалтууд нэмж орох ёстой юм. Ер нь сүүлийн үед улс төрийн намуудад иргэдийн итгэх итгэл буурах болсон нь тодорхой ажиглагдаж байна. Намууд боловсон хүчнийг томилох, сонгох замаар төрд оролцох оролцооны хувьд ихээхэн учир дутагдалтай байна. Тиймээс “Намгүйжих байдал буюу нам хэрэггүй”. “Бие даасан нэр дэвшигчид байвал яасан юм. Зөвхөн иргэний төлөөлөл байдлаар төрийг барих зүй тогтлоор УИХ-ын гишүүдийг сонговол ямар вэ” гээд шүүмжилдэг болсон. Энэ нь парламентад суудалтай намуудын үйл ажиллагааны дутагдалтай холбоотой. Бас намууд санхүүгийн хувьд мөнгөний эрхшээлд орчихсон байна. Эдгээрээс улбаатай ноцтой гажуудлууд ч бий болох нь. Үүнийг юуны өмнө засах ёстой.
-Төрөөс 100 хувь санхүүждэг болох ёстой гэдгийг хэлээд байна уу?
-Намуудын санхүүжих боломжийг хуулиар бий болгож хэмжээг нь тогтоож өгсөн. Тэр хэмжээг нэмэх шаардлага бий. Ард түмэн “Юун намд мөнгө өгөх” гэж ярьдаг л даа. Одоо олгож байгаа нь бага мөнгө. Бага зардлын цаана их хохирол нуугдаж байна. Их хохиролд хүрэхгүйн тулд бага зардлаа нэмэх нь ач холбогдолтой. Намууд парламентад суудал авч улс орны улс төрийн удирдлагыг хангах үүрэгтэй. Төрөөс зуун хувь санхүүжүүл гэхгүй.
Гишүүд дэмжигчдийн татвар, хуулийн этгээдийн хязгаартай хандив бийг бодолцох ёстой.
-Ингэснээр Монголын улс төр бизнес бүлэглэлээс бүрэн ангижирч чадах уу. Хуульд яг яаж заавал зохилтой вэ?
-Парламентад суудал авсан намуудын гишүүний татвар, хандивыг тооцон оролцуулж үйл ажиллагааны зайлшгүй санхүүжилтийг төр хариуцах нь зүйтэй. Эс тэгвээс намууд том пүүс компаниуд юм уу мөнгөтэй хүмүүсийг саах байдлаар санхүүжиж байна. Товчхондоо төр зардлыг нь хариуцаагүй тохиолдолд намууд пүүс компаниудын эрхшээлд, мөнгөтэй хүмүүсийн атганд ордог. Энэ байдлаас болж цаагуураа төрд өөрийнхөө бодлогыг тулгах, том албан тушаалуудыг авах байдалд хүргэдэг. Эцэстээ намд өгсөн мөнгөө авлига, хээл хахууль, хууль бус үйлдлээр эргүүлэн авахад түлхэнэ. Дээр миний хэлсэн ноцтой хохирол гээд байгаа нь ингэж гарч ирдэг. Тиймээс парламентад суудалтай намуудад төр санхүүгийн дэмжлэг үзүүлж, түүндээ хатуу хяналт тавихыг хуульчлах шаардлагатай. Пүүс компани, хувь хүмүүсээс өгч буй хандив, санхүүжилтэд хуулиар тавих хяналтыг чангатгах хэрэгтэй.
-Иргэд намуудын санхүүжилтийг хянах боломжийг яаж бүрдүүлж өгөх ёстой вэ?
-Жишээлбэл, төрийн санхүүгийн дэмжлэгийг жил бүр намууд санхүүгийн тайланд тусган намын гишүүд, нийтэд ил тод мэдээлэх хэрэгтэй болно. Дээд шүүхэд тайлангаа өгснөөр Сангийн яам хянах болно. Нам дүрмийн зорилгоо биелүүлэхийн тулд санхүүжилтийг зөв ашиглах ёстойг хуулиар тодруулан зааж болно. Ийм байдлаар санхүүгийн асуудлыг хуулиар бүрэн шийдэж өгөх хэрэгтэй. Шаардлага өндөржин, намууд санхүүгийн хувьд эрүүлжсэн хэмжээгээрээ энэ төрийг авч явбал эдийн засгийг бэхжүүлж, иргэдийн орлогыг нэмэгдүүлж улс орноо хөгжүүлэх боломж байна. Энэ асуудалд гар татсан ядмаг сэтгэлээр хандаад байвал намуудын цаана авлига, хээл хахууль, сонирхлын зөрчил үүсэж, нийгэмд хохирол дагуулж мэднэ. Ер нь намуудын санхүүжилтийн бие даасан хуультай болох хэрэгтэй.
-Мэргэжилтэй, чадвартай хүмүүс нь бус мөнгөтэй хүмүүс намаар дамжин төрийн эрхийг авч байгаа тухайд хэрхэх хэрэгтэй юм бол?
-Санхүүгийн асуудлаас үүдээд ч тэр, бас бус шалтгаанаас төрд намуудын илгээж буй хүмүүст ихээхэн эргэлзээ төрөх болов. Улс төрийн болон удирдах ажилд боловсон хүчнийг шилж, сонгох, томилох зарим асуудлыг хуульд нэмж тусгах шаардлага байна. Нам гэдэг байгууллага төрийн удирдлагын улс төрийн гол тулгуур учраас намын үйл хэрэг нь төрийн үйл хэрэг. Энэ үүднээс намуудын боловсон хүчний асуудалд өөрөөр хандах биз. Намуудын төрд илгээх боловсон хүчний хариуцлагыг хуулиар тодорхойлж болно. Шалгуур механизмыг нь зааж болно. Одоо бол намын дарга нарын түвшинд яригдаад асуудал шийдэгдэх хандлага зонхилж байна. Нэг үгээр хэлбэл, боловсон хүчний сонголт цөөн хүний хүрээнд хөшигний цаана хийгдээд байгааг л иргэд зөвшөөрөхгүй байна. Тэгвэл зааг тогтоох хэрэгтэй. Намуудын нэрээр халхавчлан танил тал, өөрийгөө дэмжигчид, мөнгө санхүүгээр туслагчид гэх зэргийн үзүүлэлтээр сонголт хийж төрд шургуулах нь төрийн боловсон хүчнийг улам доройтуулахад хүргэж байгаа. Улс төрийн албан хаагчдаас бусад төрийн жинхэнэ албан хаагчид намын гишүүнчлэлээс түдгэлзсэн. Хуулийн энэ заалт эс хэрэгжин намын харьяаллын мэтээр ажиллах боллоо. Энэ нь улс төрийн бүх намд хамаарна.
-Тойргийг худалдан авдаг тал бий?
-Ёс зүйн хувьд нэр цэвэр, зан суртахууны доройтолгүй, өмчийн болон ашиг сонирхлын зөрчилд автаагүй байхыг нэг гол шалгуур болгох ёстой. Өндөр боловсролтой, чадвартай, шударга, хэнээс ч хараат бусаар ажиллах, мэргэжлийн боловсон хүчнээ сонгож чадахгүй л байна. Бас УИХ-ын гишүүд сонгогдсоны дараа иргэдээс ихээхэн шүүмжлэл дагадаг боллоо. Ард түмний сонголт буруудаа биш, намууд дөрвөн жилийг даахгүй, зохисгүй нөхдийг нэр дэвшүүлж оруулсантай холбоотой. Тухайлбал, “Чи үүнийг идвэл ид, байвал бай” гэж шахах адил арга буюу нэгийг нь сонгоход хүргэхээр нэр дэвшүүлдэгтэй холбоотой. Ийм болохоор хариуцлагын асуудлыг намуудын хуульд зааж өгөх нь чухал. Асуудалтай холбоотойгоор сонгуулийн хуульд авлига, сонирхлын зөрчлийн асуудлыг тод томруун тусгасан. Авлига өгч болох бүх нүх сүвийг Сонгуулийн хуулиар хаасан гэж ойлгож байсан. Гэтэл хуулийг хэрэгжүүлэхэд мөнгө тараасан, нэр дэвшигч мөнгөөр дэвшлээ, тойргийг худалдсан, худалдан авсан яриа тархдаг. Засах л хэрэгтэй болно.
-Тэгэхээр үүнийг зохицуулсан хуульчлалыг яаж чангаруулж өгөх хэрэгтэй юм бол?
-Авлига, хээл хахуулийн асуудал тусгай хуультай. Гэхдээ улс төрийн авлигын тодорхой хэсгийг намуудын хуульд арай өөр өнцөг, хариуцлагын үүднээс тусгаж болно. Авлигын хуулийг анх 1996 онд санаачилж батлалцсан хүмүүсийн нэг нь би. Хуулийг нь гаргана гэдэг том ололт. Улс бүр Авлигын эсрэг хуулийг амархан гаргачихдаг юм биш. Яагаад гэвэл төрийн дээд удирдлагуудын сонирхлын зөрчил, авлига, танил тал, тал тохой татах, гэр бүлсэг байдал гаргах зохисгүй бүх зүйлийг хуулиар хаана гэдэг удирдлагад буй хүн бүрийн гар өргөдөг зүйл биш. Харин бид бүгдийг нь гаргаад хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн парламентаас сонирхлын зөрчлөөс сэргийлсэн хуулийг бид гаргасан. Улс төрийн өндөр албан тушаалтны Ёс зүйн дүрмийг парламент гаргачихсан л байна. Энэ бүхэн давахад амаргүй даваанууд. Одоо дараагийн шат буюу намуудын хуульд үүнийг заах хэрэгтэй. Ингэхдээ төрд сонгуулсан, томилуулсан хүн нь авлигатай холбогдвол нам нь татах саналаа УИХ-д оруулдаг үүрэгтэй болгох хэрэгтэй. Одоо ийм байдлыг нам нь бүр хамгаалдаг жишиг тогтжээ. Ер нь энэ ёс зүйгүй байдал төрийн ч, намын ч нэр хүндийг гутааж байгаа шүү дээ. Тэр нь юутай холбоотой вэ гэвэл төрийн ажлыг хийхээс илүүтэй амин хувийн ашиг сонирхлоо илүүд үздэг, ашиг сонирхлын төлөө ажилладагтай л холбоотой.
-Намын дотоод асуудал гэдгээр олон зүйл халхлагддаг?
-Намуудын хуулийг дутуу хэрэгжүүлж буй тал бий. Намын нэрийн асуудлаас болж нийгэмд томоохон маргаан үүсчихээд байж л байна. Жишээ нь, МАН-ын МАХН гэсэн нэрийг буруугаар ашиглах болсон. Намын хэрэглэж байсан нэрийг дахин өөр улс төрийн субъект өмчлөх эрхгүй гэсэн хуулийн заалт хөсөрдсөн. Бидний бодож оруулсан тэр зүйлийг Дээд шүүх хэрэгжүүлэхдээ ноцтой гажуудалд оруулснаар улс төрийн маргаан үүсгэсэн. Нам дотоод ардчилалтай байхыг зарчим болгосон одоогийн хуулийн заалтуудаа эргэн сайтар харах хэрэгтэй.
-Намын гишүүнчлэлийн тухайд?
-Намын гишүүнчлэл дотоод асуудал нь мөн. Гэхдээ үүнийг тодруулж заах шаардлага байгаа. Хатуу гишүүнчлэл гэдгийг манай орон хуулиар, намууд дүрмээрээ аль хэдийнэ зөөллөсөн. Яагаад гэвэл намд элсэх, гарах асуудал чөлөөтэй гээд 1990 оноос хойш төлөвшүүлж байгаа. Харин энгийн гишүүнчлэлтэй байх нь манай бодит байдалд илүү ойртох биз. Энд анхаарах асуудал бол гишүүнчлэлийг албан тушаалын шат болгон ашиглах болсон нь муу нөлөөтэй. Төрд ажилладаг гишүүддээ нам хатуу хяналт тавих, боловсон хүчнийг сонгох, томилох, өөрчлөхийг нам бүхэлд нь мэддэг юм шиг байдалд орсон. Төрд ажиллая гэсэн хүн нам дагаж аппаратад нь ажиллавал бүтдэг юм шигээр ажилладаг болсон буруу ажиллагаатай холбоотой зүйл ч байгааг засах хэрэгтэй байгаа.
-Фракцгүй болно гээд ярьдаг. Хуулиар яаж хаах ёстой юм?
-Сүүлийн үеийн намуудын дотор болон нам хоорондын зохисгүй үзэгдлийн нэг энэ. Уг нь аливаа фракц намын дотоодод их хортой гэж үздэг. Ардчилсан тогтолцоонд үзэл бодлоо уралдуулах нэг механизм байх л даа. Нам хоорондын бүлэглэлийн анхны муу суурийг 1998 оноос “Алтан гадас” тавьсан. МАХН-ын болон АН, Социалдемократ намын удирдлагын дундаас ч гарсан. АН-ынхан фракцаасаа болоод төрийн эрхийг авчихаад барьж чадахгүйд хүрсэн нь шинэхэн сургамж. Энэ нь намууд төрд сайн хүнээ сонгож оруулах биш фракцийн нэг нөхөр л байж байвал ёстой “бор халзан хонь” байлаа ч сонгоно гэдэгтэй адил. Нам дотор фракц байж болно. Тэр нь бодлого, үзэл бодлынхоо асуудлыг намын дотоодод ярьдаг байна биз. Төрийн албан тушаалд сонгох, томилогдох асуудлын тухайд зохистой хязгаарлалтыг хуулиар хийж болох юм.
-Намын төлөө байсангүй гээд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудал хөндөгддөг?
-Саяхан маргаан гарсан даа. АН-ынхан зарим гишүүдээ Засгийн газрын эсрэг хандсан гэнэ үү нэг юм болов оо. Хэдийгээр намын жагсаалтаар орсон ч гэлээ хуулиас нам давуу эрх эдлэхгүй. Ард түмэнд нэр дэвшигчдээ танилцуулж ард түмний саналыг намдаа авч байж квотоор орсон болохоор тэнд ард түмний сонголт хийгдчихсэн байна гэсэн үг. Тэгэхээр ард түмний сонголтыг хүндэтгээд хуульдаа захирагдаад яах ч аргагүйд хүрсэн. Мажоритар системээр бол намуудын хуульд энэ тухайд оруулах гээд байх шаардлага бага. Харин пропорционал болон түүний элемент орсонтой холбогдон тодорхой заалт хуульд нэмж оруулах нь зүйтэй.
-УИХ-д намаа солих, урвах үзэгдэл бий. Энэ тохиолдлыг?
-Үндсэн хуульд хамаатай, ноцтой асуудал. Яагаад гэвэл ойролцоо суудал аваад ялчихсан намын гишүүд урвах юм бол ард түмний өгсөн засаглалын эрхийг барих боломжийг алдагдуулах гэм үүснэ. Энэ тохиолдолд бид намуудын хуульд юм уу, сонгуулийн хуульд заавал нэмэлт тодотгол хийх учиртай. Одоо чөлөөт байдлыг далимдуулан зарим нь нам хооронд явж байна. Гэхдээ урвахгүй шүү гэх нь хаашаа юм тойргоо түүнээс авч дахин сонгууль явуулах, жагсаалтаас дараачийн хүнээ оруулах эрх намд нь хадгалагдахаар хуульчлах нь зүйтэй. Шууд хэлбэл намаа өөрчилж байгаа бол их хурлын суудлаа чөлөөл гэдэг хуулийн шаардлага тавигдана гэсэн үг.
-Намын бүлэг нь байнгын хороо, УИХ-ын чуулганаас ч дээгүүрт байх шиг. Энэ асуудлыг хэрхэн тусгах ёстой юм?
-Одоогийн намын бүлгүүдийн хэмжээнд анхаарууштай зүйл цөөнгүй гарах болсон. Анх намын бүлэг их даруу байсан юм. Би 1992-1996 онд олонхийн бүлгийн ахлагч хийж байсан. Тэгэхэд намын бүлгийн ахлагч, ахлагчийн орлогч гэдэг нэртэй удирдлага байлаа. Одоо дарга болцгоосон. Намын бүлгүүд өнөөдөр УИХ дахь байнгын хороодын дээгүүр тавигдах болов. Уг нь УИХ-ын байнгын хороод Үндсэн хуулийн байгууллага юм. Одоо намын бүлгүүд байнгын хорооны хуралдааны танхимд хуралдаж байна. Өмнө нь УИХ-ын чуулганы танхим, байнгын хороодын хуралдааны танхимд бүлэг хуралддаггүй байсан. 1990-ээд оны үйл явдлын дараа нам, түүний бүлэг их даруу, төрөө дээдлэх зарчим дээр түшиглэн ажиллаж байв. Одоо бол намыг дээдлэх зарчим руу орж явна.
-Тэгвэл энэ парламентыг намын дарга нар удирдаж байгаа явдал байж болох хувилбар уу?
-Намууд дэндүү даварч байна уу даа. Урьд нь гүйцэтгэх засаглалд намын дарга нар ажиллаж байлаа. Гүйцэтгэх засаглалаа парламент хянадаг тогтолцоо болох л хувилбар. Өнөөдрийнх шиг намын дарга нар УИХ руу давхиад ирнэ гэдэг ихээхэн зохисгүй хандлагын эхлэл. Тогтолцоог нь хараад байвал бүлгийн ахлагч нь дээшлээд байнгын хорооны дээд талд, намын дарга нар нь УИХ-ын дарга болоод байна. Удахгүй байтлаа намын дарга нь Ерөнхийлөгч болно гэх байх аа. Энэ бүхэн намуудын нэр хүндийг өсгөж буй биш унагаж байгаа нөлөөлөл. Тиймээс намын дарга гүйцэтгэх засаглалыг удирдаж болно, УИХ-ын дээр байхгүй гэдгийг аль нэг хуулиараа заах хэрэгтэй. Нам захиргаадалтын шинжтэй байдал руу, Монгол нам төвтэй төрийн хэлбэр рүү гулсаж байна. Засч залруулах ёстой.
-Өмчийн тухайд?
-Өмч байх ёсгүй гэсэн буруу хандлага үндсэн хуулийн гадуур яваад байна. Өмчийн эрх чөлөө гэж ганцхан хувийн өмчийг яриагүй шүү. Төрийн өмч, олон нийтийн, төр хувийн хэвшлийн өмч ч байна. Одоо хувийн өмч бүхнийг шийддэг гэсэн асар хүчтэй туйлшрал явагдаж бусад өмчийг дураараа булааж авах оролдлого хийгдэж байна. Энэ нь намуудын тухай хуулийн заалт тодорхой бустай холбоотой юм болов уу даа. Болохоо байгаад ирэхээрээ нэгнийхээ өмчийг дээрэмдэх гэсэн улс төр, сурталчилгаа асар их хийдэг. Тэрний цаана нэг нам нь нөгөө намынхаа өмчийг булааж авах байдлаар нэр хүндийг нь унагах гэсэн оролдлого л явж байна.
-Засгийн газрыг эрх баригч, сөрөг хүчин хамтарч байгуулж байя гэсэн хуулийн төсөл санаачлагдаж байгаа гэсэн. Энэ зөв үү?
-Үүнийг намуудын хуулиар юм уу, сонгуулийн хуулиндаа тусгах ёстой. 2008 онд сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулсан. Үүнийг би аргагүй нөхцөл байдлын дүнд бий болсон гэж үздэг. Хэрвээ сонгуулийн дүнг 2008 оны долдугаар сарын 1-нд иргэд эсэргүүцсэн байдал цаашаа үргэлжилбэл юун төрийг дөрвөн жил авч явах. Нэг бол дахин сонгууль явах, үгүй бол жилийн дараа УИХ, Засгийн газар унах нөхцөл үүсэж болох байсан гэж боддог. Ингээд хамтран засаглах нь боломжит хувилбар гэж үзсэн. Гэтэл өнөөдөр сонгуулийн явцын дунд сөрөг хүчин засагт орлоо. Цаг үеийн, түр гээд л бодчихъё. Ер нь сөрөг хүчин гэдгийг нийгэмд их муухайгаар харагдуулах боллоо. Сөрөг хүчин сөрж дайрч байдгийн нэр юм шиг, сөрөг хүчин үндэсний эв нэгдэлд харшлаад байгаа юм шиг нийгэмд ойлгуулаад байна. Үүнийг далимдуулаад үндэсний эрх ашгийн төлөө хамтарна гэх. Сүүлдээ сөрөг хүчинтэйгээ эрх баригч нь хамтраад засаглаж байя гэсэн хууль санаачлаад явж байна. Тийм зүйл байхгүй. Уг нь АН цөөнхтэйгөө нийлж засагласан хувилбар хамгийн зөв юм. Тэгэхээр сөрөг хүчин өөрийн байр сууриа дөрвөн жилдээ хадгалж байхыг хуульчилж өгөх хэрэгтэй. Сөрөг хүчин гэдэг бол дараагийн Засгийн газрыг байгуулах хамгийн боломжтой нам нь. Тухайн нөхцөлд төрд хяналтын чухал үүргээ гүйцэтгэх нь юу юунаас илүү хэрэгтэй, ард түмний нэгэнт хуваарилсан эрх мэдэл рүү дайраад байх нь нэн зохисгүй зүйл.
-УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах асуудлыг яаж тусгах шаардлагатай бол?
-Хээл хахууль, идэж уусан, гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд нам гишүүнээ эгүүлэн татах үүрэгтэй байхаар заах нь зүйд нийцнэ. Одоо бол нам үүрэг хүлээхгүй, харин ч бурууг хамгаалах байр сууринд ордог. Кноп дарсан, дараагүй, зөв, буруу гээд эргүүлэн татна гэсэн юм байхгүй. Байж таарах ч үгүй. Энэ мэтээр бүх асуудлыг намуудаас томилогдсон ажлын хэсгүүд зөвшилцөж нягт, нарийн ярилцаад хуулиа гаргах шаардлага байна.
Л.МӨНХТӨР