Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цогтбаатар: Гадаадын хөрөнгө оруулалтыг татна

Барилга, хот бай­гуу­лал­тын сайд Д.Цогт­баатартай ярилцлаа.

Та тамгаа гардан авахдаа “Өмнөх сайдын эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлж, илүү сайжруулан ажиллах болно” гэж хэлж байсан. Барилга, хот байгуулалтын сайд болсноор энэ салбарт ямар өөрчлөлт шинэчлэлтийг хийх вэ. Ажлаа юунаас эхлүүлэх гэж байна?

-Тэр байр сууриа би одоо ч хадгалж байгаа. Энэ яамны, энэ салбарын хамт олны хийсэн эерэг, сайн зүйлсийг бодлогоор дэмжинэ. Ер нь барилгын бизнесүүдийн үйл ажиллагааг бодитоор хөнгөвчилж, шаардлагагүй хүнд суртлыг арилгана. Тусгай зөвшөөрлийн тоог цөөлөх, тэдгээрийг олгох хугацааг богиносгох талаар эхэлсэн зүйлс байгаа юм байна. Гэхдээ хэрэгжилт нь бас гүйцэд жигдрээгүй л байгаа юм билээ. Тэгэхээр гарсан шийдвэрүүдийн чанд хэрэгжилт дээр анхаарч ажиллах болно. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед бизнесүүдийг шаардлагагүй хүнд суртлаар чирэгдүүлж ачааллыг нь нэмээд байвал үндсэн бизнестээ анхаарал тавих боломж нь хумигдана. Энэ нь эргээд бизнест сөргөөр нөлөөлнө. Үүн дээр нэмээд ил, далд “төлбөр, гувчуур” байвал бизнесүүдэд бүр л хүндрэлтэй болно. Тэгэхээр энэ салбарын бүх шатанд, ялангуяа, дунд шатанд шийдвэр гаргах үйл явцыг ил тод болгох арга хэмжээнүүдийг авна. Дээрх арга хэмжээний зэрэгцээ ажлаа аваад хэд хэдэн шинэ зүйлсийг салбарын бодлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Засгийн газрын хуралдаанаар яам агентлагийн орон тоог 15 хувиар бууруулах шийдвэр гарсан байна лээ. Энэ тал дээр ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Хамгийн түрүүнд яамныхаа бүтцийг шинэчиллээ. Үүнд өөрийн явуулах шинэ бодлогын үндэс суурийг шингээсэн. Яаманд зайлшгүй байх газар хэлтсийг хадгалахын зэрэгцээ дөрвөн шинэ чиглэлийн үйл ажиллагааг зохион байгуулах нэгжүүдийг байгуулахаар болсон байгаа. Тодруулбал, Барилгын чанар, аюулгүй ажиллагааны, Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын хэлтэс, Норм, нормативын хэлтэс, Ногоон бодлогын асуудлыг бүтэцдээ оруулсан.

Салбарынхнаасаа ха­риуцлага нэхэж ажиллана гэж та хэлж байсан. Барилгын осол их гарч байна. Аливаа осол гэмтэл гарахад Мэргэжлийн хяналт хариуцна гэж өмнөх сайд нар өөрөөсөө бултуулдаг байсан. Ер нь танай яам мэргэжлийн хяналттай уялдаа холбоогоо сайжруулж ажиллах ёстой юм биш үү. Энэ салбарт хүний амь эрсдэхгүй, осол гарахгүй ажиллах боломж нөхцөлийг хэрхэн хангах вэ?

-Юуны өмнө Барилгын чанар, аюулгүй ажиллагааны бодлогын газрыг бий бол­госон нь үүнтэй холбоотой. Ингэснээрээ энэ яамны бодлого үйл ажиллагаанд хэрэглэгчийн дуу хоолойг шууд утгаар нь анх оруулж ирж байна. Урьд нь энэ яам барилгын салбарынхны асуудлыг л түлхүү хариуцдаг байж. Ёстой л барилгынхны л яам гэсэн үг. Гэтэл барилгын салбарыг өргөн утгаар нь зах зээлийн өнцгөөс харвал нийлүүлэгч бөгөөд барилгачид, эрэлтийг бүрдүүлэгч худалдан авагч буюу хэрэглэгчид гэсэн хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсгээс тогтоно. Энэ хоёр талыг зөвхөн тоон утгаар нь харьцуулахад хэрэглэгчид нь барилгачдаа хэдэн мянга дахин давна биз. Гэтэл өргөн ухагдахууны ийм чухал хэсэг орхигдсон эсвэл шууд биш, дутуу төлөөлөлтэй байж. Үүнийг өөрчилж, асуудалд шинэ өнцгөөс хандахыг зорьж байна. Тэгэхээр барилгын чанарын асуудал эн тэргүүнд гарч ирж байгаа юм. Иргэд өөрийн насны хуримтлалаа байранд хийдэг. Гэтэл эхлээд харахад гял цал байсан байр сууц жилийн дараа л сантехник, будаг, шохой, СӨХ талаасаа доройтсон байх тохиолдол цөөнгүй.

Тэгэхээр иргэдийн урт хугацааны хөрөнгө оруулалт үнээ алдаж, хэрэглэгчийн сэтгэл ханамж буурдаг. Уг нь үл хөдлөх хөрөнгө бол эдийн засаг доройтоогүй л бол үнээ алдахгүй байх ёстой. Тэгэхээр иргэдийн нэгдүгээр зэргийн асуудал бол үнэ, чанарын зохицол. Байрны чанар сайн байвал иргэдийн хөрөнгө оруулалт найдвартай байх болно.

Энэ газар чинь аюулгүй ажиллагааны бодлогыг хариуцна гэсэн үү?

-Тийм. Барилга дээр ажиллаж амьдралаа залгуулах гэж яваад амиа алдах тохиолдол гараад буй нь утгагүй. Эцсийн үр дүн нь зорилгоо үгүйсгээд байгаа биз. Энэ байдалд яам анхаарч ажиллана. Уг нь хөдөлмөрийн аюулгүй байдал Хөдөлмөрийн яаманд л байдаг юм билээ. Гэхдээ иргэдийн амь настай холбоотой асуудлыг өөрөөсөө холдуулах гэмээргүй байна. Хөдөлмөрийн яамны хажуугаар давхардаад ч болтугай эл асуудлыг хариуцсан салбарын яамны хувьд шийдвэрлэх гэж ажиллана. Хайхрамжгүй, мөнгө хэмнэж, хэдэн төгрөгийн ашгаа бодон хүний амь нас, эрүүл мэндийг эрсдүүлдэг хандлагыг халмаар байна. Ингэхийн тулд хариуцлагын тогтолцоог тун ойлгомжтой, чанд болгоно. Мөнгө авах болохоор булаацалдаж авчихаад, хариуцах болохоор доод ажилтнууд руугаа бухаад бултдаг боломжийг хаана. Хөдөлмөрийн аюулгүй байдлын хариуцлагыг холбогдох бүх л шатандаа хүлээдэг байх ёстой. Би амаргүй зорилгыг урдаа тавьж буйг мэдэж байгаа. Гэхдээ зүтгээд л үзнэ. Бас барьж буй барилгын хажуугаар явж байгаад амь насаа алдах, эд хөрөнгөө сүйтгүүлээд байх нь тун зохисгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журам зохицуулалтын биелэлтийг чанд шаардаж ажиллах болно. Мөн чангатгах шаардлагатай тохиолдолд чангатгана. Ер нь миний барьж ажиллах зарчим бол нэгдүгээрт аюулгүй ажиллагаа, дараа нь барилга гэдэгт оршино. Хүний амь нас, эрүүл мэндэд аюулгүй ажиллах орчинг бүрдүүлж чадаагүй бол барилга битгий барь гэдэг л шаардлагыг тавьж ажиллана. Ямар ч өндөр барилга хүний амьтай харьцуулшгүй хямдхан. Тиймээс хүний амь насны үнээр байшин барьж, ашиг эрэлхийлэхийг зөвшөөрөхгүй.

Оны эцэст Улаанбаатарт 30 мянга, орон нутагт 2000 айлын орон сууц ашиглалтанд орно. Эдийн засаг хүнд байгаа үед бэлэн мөнгөтэй хүн ховордсон. Тэгэхээр орон сууцны илүүдэл их байна. Салбарын сайдын хувьд ямар бодлого баримтлах ёстой гэж үзэж байна вэ. Шинээр байгуулсан Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын хэлтсийн үйл ажиллагаа чинь юунд чиглэгдэх юм бэ?

-Дээр дурдагдсан барилга талаа түлхүү барьсан хандлага нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг яамны бодлого, үйл ажиллагаанд дутуу тусгахад хүргэсэн байж. Зах зээлгүй бол барилгын салбар зүгээр хөрөнгийн түгжээс шүү дээ. Манайд бол барилгын компаниуд байна. Тэдгээр нь өөрийн тус тусын барилгыг зарах үүднээс “пропертийс” буюу үл хөдлөх хөрөнгийн гэсэн тодотголтой “хэлтэстэй” ихэнхдээ байдаг. Гэтэл барилга, үл хөдлөх хөрөнгийн бизнес хоёр тус тусдаа маш их хөрөнгө шаардсан бизнес. Ийм их хөрөнгө зардлыг барилгын компаниуд даахгүй. Тэгэхээр нэг л салбартаа буюу барилгадаа түлхүү анхаараад үл хөдлөх хөрөнгийн салбартаа дутуу анхаардаг юм байна. Аливаа нэг үл хөдлөх хөрөнгийн эдлэгдэх хугацааг 100 жил гэж үзвэл барилга барих буюу барилгын бизнесийн хугацаа нь хоёрхон жил. Тэгэхээр барилга гэдэг бизнес чинь үл хөдлөх хөрөнгийн нийт орших хугацааны хоёрхон хувийг л эзлэж байгаа юм. Аливаа барилгаас олох нийт орлогын бас багахаан хувьтай л түүнийг барих зардал тэнцдэг юм билээ. Гэтэл манай тогтолцооны бүхий л жин барилга талдаа төвлөрсөн байдаг. Харин ихэнх барилгын “амьдралын” дийлэнх хугацааг эзэмдэх үл хөдлөх хөрөнгийн бизнесүүд нь гүйцэд торниж амжаагүй байна. Энэ гажуудал нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг эрсдэлтэй болгож байгаа юм. Иймд энэ салбарын хөгжилд илүү анхаарал тавина. Энэ салбар хөгжвөл барилгын бизнесийнхний эрэлттэй холбогдсон эрсдэл буурна.

Энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татахад яаж ажиллах юм бол?

-Салбартайгаа танилцаж байгаад нэг гайхширсан юм бол үл хөдлөх хөрөнгийн салбарт орсон гадаадын хөрөнгө оруулалт харьцангүй бага юм билээ. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь чухал. Иймд гадаадын хөрөнгийг татах бодлогыг баримтална. Энэ асуудал дээр би уг нь шинэ хүн биш. Үүнд саад болох эрсдэл бол эдийн засаг хямралтай байдал. Энэ салбарынхныг эх оронч хүмүүс гэж би боддог. Учир нь бидний оролцоогүйгээр бурхнаас заяасан газар доорх ордыг өөрсдийн гараар монгол хүний ухаанаар газар дээрх үл хөдлөх орд болгон хувиргасан байдаг. Тэгэхээр энэ баялаг бол бүдүүн нарийн царигаар Монголоос гарч явахгүй, найдвартай Монголдоо л байна. Тиймээс энэ салбарт гадны хөрөнгө оруулалтыг татахад манай иргэд эмзэглэхгүй, дэмжинэ гэж итгэж байгаа. Дубай, Лондон, Хонгконг зэрэг хотуудын хөгжилд гадны хөрөнгө оруулалт маш их тустай байдаг бөгөөд тэд бүгд л ийм хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжиж байдаг. Манайхан ч тийм байдлаарсалбартаа хандана гэж найдаж байгаа.

Барилга хоорондын зай мөрдөгдөхгүй байна. Хот төлөвлөлтийн асуудал дээр ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Монголын барилгын салбарт удаан яригдаж буй стандарт, нормын асуудлыг евростандартын дагуу хөгжүүлэхсэн гэж хүсч байна. Энэ бол их урт хугацааны ажил. Гэхдээ үүнийг одоо эхлэхгүй бол манай төрөөс баримталж буй стандартууд бизнесийнхний хурдыг гүйцэхгүй хоцроод байна. Тэгээд тэдэндээ саад болоод байгаа. Тиймээс энэ гацааг гаргах эхлэлийг тавина гэж зорьж байна. Тиймээс Норм, нормативын хэлтэс байгуулсан.

Та урьд нь Байгаль орчны сайд хийж байсан хүн. Одоо барилгын салбарыг удирдаж байна. Дээр дурдсан ногоон бодлогын асуудлыг яамныхаа бүтцэд оруулсан нь үүнтэй холбоотой гэж харагдаж байна?

-Тийм ээ. Ногоон бодлогын асуудлыг бүтэцдээ оруулснаар эко технологи, шинэ матеиралыг нэвтрүүлэх үүд хаалгыг улам өргөн нээнэ.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Дэд сайд нарыг томиллоо. Салбарын сайд өөрчлөгдөхөд Дэд сайдаас өгсүүлээд, газар, хэлтсийн дарга нар бүгд өөрчлөгддөг. Таны хувьд хариуцсан яамныхаа томилгоог яаж хийх вэ?

-Манай яамны хувьд дэд сайд солигдоогүй. Хоёр намын зөвшилцлийн хүрээнд угаасаа АН талаасаа тавигдах байсан. Харин Төрийн нарийн бичгийн даргыг хүч түрэн томилсонтой эвлэрэхгүй байгаа. Ерөнхий сайд нь салбарын сайдтайгаа зөвшилцөхгүй, асуухгүй шууд томилж буйг сайн ойлгохгүй байна. Засгийн газрын хуралдаан дээр Шадар сайд бид хоёр зөвшилцөл дуусаагүй байхад яагаад ингэж буйг асуухад хэрэгсэлгүй шууд л алх цохиход бүгд гайхсан байх. Би яам нь солигдоогүй хуулийн дагуу ажил дээрээ байгаа Төрийн нарийн бичгийн даргын тухай яриагүй байна шүү дээ. Манай яам бол шинээр байгуулагдаад эрх зүйн хувьд Төрийн нарийн бичгийн даргагүй байсан яам. Үүн дээр зөвшилцөл явагдана л гэж ойлгож байгаа.

Тэгэхээр шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн даргадаа сэтгэл дундуур байгаа хэрэг үү?

-Ер нь хүч түрэх ямар шаардлага байсныг нь ойлгохгүй юм. Уг нь Ерөнхий сайдын хамгийн чухал нөөц хөрөнгө бол хоёр талын харилцан итгэлцэл юм. Гэтэл энэ баялгаа гээчихвэл засаг тогтох суурь нь л алдагдчих эрсдэл дагуулж байгаа юм даа. Тиймээс ийм үнэт хөрөнгийг юунд тийнхүү гамгүй үрж буйг ухаарахгүй л байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *