Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох уралдаант шалгаруулалтын зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр болов.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2014 оны 135 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан дээрх Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд М.Энхсайхан, бүрэлдэхүүнд нь Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Уул уурхайн сайд Р.Жигжид, БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, ХЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, нарийн бичгийн даргаар Эрдэнэс Таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь нар ажиллаж байна. Түүнчлэн дээрх захирамжаар Дэд ажлын хэсгийг байгуулсан бөгөөд уг ажлын хэсэгт холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, төрийн өмчит компаниудын төлөөлөл багтан ажиллаж байна. Дээрх ажлын хэсгүүд нь 2010 онд УИХ болон Засгийн газрын холбогдох тогтоолын хүрээнд зарлан явуулсан “Таван толгой нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох уралдаант шалгаруулалт”-ыг Засийн газрын 2014 оны 268 дугаар захирамжийн дагуу үргэлжлүүлэн явуулах юм.
Ажлын хэсэг уралдаант шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу нэр бүхий 6 компанид саналаа ирүүлэх урилга илгээсэн бөгөөд нийт 5 компани саналаа энэ оны 12 дугаар сарын 1-ний өдөр ирүүлсэн байна. Ажлын хэсэг оролцогчдын техникийн болон санхүүгийн саналыг үнэлж хамгийн өндөр оноо авсан оролцогчтой Таван толгойн ордод “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ” байгуулах хэлэлцээг эхлүүлэх юм. Санал өгөх эрх бүхий оролцогч компаниудын техникийн саналыг үнэлэхэд Чайна Шэнхуа Энержи, Сумитомо корпораци болон Энержи Ресурс ХХК-ийн түншлэл, Пибоди Энержи корпораци техникийн саналдаа авбал зохих босго оноог авсан байна. Ажлын хэсгийн хуралдаанаар техникийн саналдаа авбал зохих босго оноог авсан оролцогчдын санхүүгийн саналыг нээж, үнэлэх чиглэлийг Дэд ажлын хэсэгт өгөв.
Хуралдааны үеэр ажлын хэсгийн ахлагч Монгол Улсын сайд М.Энхсайхан уралдаант шалгаруулалтыг зохион байгуулахдаа нээлттэй, ил тод байх зарчим баримтлахыг онцолсон байна.