Categories
мэдээ цаг-үе

Манай жудочид Токиогийн “Их дуулга”-ын шалыг арчиж байгаад ирлээ

Олон улсын жудо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” тэмцээн Японы нийслэл Токио хотод боллоо. Энэ жилийн хамгийн сүүлийн тэмцээнд 65 орны 470 гаруй жудоч өрсөлдсөн юм. Харин манайхаас үндэсний шигшээ багийн эрэгтэй арван хоёр, эмэгтэй найман тамирчин дасгалжуулагч Д.Баттулга, Х.Эрдэнэт-Одын хамтаар оролцов. Манай улс тив, дэлхийн жудочдыг дийлж барилддаг “дархан аваргууд”-аа уг тэмцээнд явуулсан. Тэднийг татами дээр гарч ирэхэд өрсөлдөгч бөхийн зүрхэнд шар ус хурж байгаа даа гэж аархан бодож байлаа. Учир нь манайд олимпийн аварга, дэлхийн аварга, тивийн аварга гээд спортын төрөлд авч болох бүх дээд амжилтын эзэд бий. Бас дэлхийн чансааг манай бөхчүүд итгэл төгс тэргүүлж байгаа. Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар, Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Д.Амартүвшин, Д.Сумъяа нарын барилдааныг хүлээн, тэдний ялалтыг харж бахархах гэж амралтынхаа хоёр өдөр зурагтынхаа өмнөөс босоогүй хүн олон. Гэвч манайхан шигшээд тунаж медалийн тавцан дээр зогсох бүү хэл тойргоосоо ч гарч дийлсэнгүй. Эхний тойрогтоо ичгэвэртэйгээр ялагдаж “шалны алчуур” болов.

Эхний өдрийн тэмцээн эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг жингийн барилдаанаар эхэлсэн. 60 кг-д манайхаас дэлхийн аварга, дэлхийн чансааг тэргүүлж байгаа Г.Болдбаатар, дэлхийн мөнгөн медальт Д.Амартүвшингийн хамтаар зодоглов. Гэвч хоёулаа гуравдугаар тойрогтоо ялагдсанаар тэмцээнээ дуусгасан юм. Бүр хоёулаа торгуулиар ялагдсан. Уг нь Г.Болдбаатарыг медалийн салхийг хагална гэж олон хүн итгэл төгс хүлээсэн дээ. Жудо сонирхогчид “Болдоо медалийн тавцанд зогсох нь гарцаагүй. Алт уу, мөнгө үү” л гэж ярьж байлаа. Тэгсэн хагас шигшээд ч шалгарч чадсангүй. Д.Амартүвшин ч бас барсангүй. Монголчуудыг тэргүүлж барилдсан хоёр бөхийн араас 66 кг-д Д.Төмөрхүлэг зодоглосон. Азийн наадам, Азийн элсний спортын наадам, Самбо бөхийн дэлхийн аваргын тэмцээнд дараалан аваргалчихсан болохоор түүнээс уран гоё барилдаан, ялалт хүлээх нь зүй ёсны хэрэг байлаа. Гэвч бүр эхний тойрогтоо л өвдөг шороодож зурагтынхаа өмнө суугаа монгол түмний итгэлийг алдав. Ингэж ялагдахдаа өмнө гаргасан алдаагаа яг тэр чигт нь давтлаа. Тэрээр өнгөрөгч наймдугаар сард ОХУ-ын Челябинскт болсон дэлхийн аваргын тэмцээнд яалаа даа. Хятадын бөхтэй учраа таарч, оноогоор ялж явсан. Барилдааны минут дуусах болоогүй байхад хэзээ язааны ялсан аятай бааварлаж байгаад ялагдсаныг нь мартаагүй байгаа. Токиогийн тэмцээнд ч яг ингэж барилдав. Өрсөлдөгчөө хэт их бассаны улмаас оноогоор илүү явж байснаа эцсийн мөчид яаж ч чадалгүй дийлдлээ. Үнэнхүү гутмаар ялагдал тэр л байсан байх. Ингээд тэмцээний эхний өдөр зодоглосон эрчүүд медалийн тавцанд зогсох бүү хэл хагас шигшээд ч шалгарч чадалгүй тэмцээнээ дуусгав. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Г.Отгонцэцэг барилдсан. Тус жинд манай улсын нүүрийг тахалдаг дэлхийн аварга М.Уранцэцэг гэмтлийн улмаас зодоглоогүй. Бас гавьяат тамирчин М.Бундмаа дэвжээнд гарсангүй. Мөн л бэртэлтэй гэсэн. Дэлхийн аваргын оронд эх орноо төлөөлсөн Г.Отгонцэцэг өрсөлдөгчдөө хөнгөхөн “зууш” болоод өнгөрлөө. 52, 57 кг-д зодоглосон А.Цолмон, Д.Сумъяа нар ч бас дараалан ялагдав. Манай эмэгтэйчүүд өрсөлдөгч бөхийнхөө эсрэг юу ч хийж чадалгүй яах ийхийн зуургүй ялагдсан нь тун харамсалтай. Илүүрхэж чаддаггүй юмаа гэхэд эн тэнцүүхэн, ана мана үзэлцэж яагаад чадсангүй вэ. Дээрх жинд барилдсан манай гурван эмэгтэй Японы жудочдод ялагдсан. Бүр гурвуулаа шүү. Г.ОтгонцэцэгХарүна Асамид, А.Цолмон Шишимид, Д.Сумъяа Тукаса Ёшидад ялагдав. Тэдний ялагдал спорт сонирхогчдын аманд байдаг “Манай бөхчүүд Япон, Францын жудочдоос айдаг” гэх яриаг баталсан мэт. Япон, Францыг л ялахгүй юм бол дэлхийн хэмжээний гэж яриад яах билээ. Тэднийг л ялж байж олимп, дэлхийн аваргын шагналын тавцанг мөрөөдөх бус уу. Гэтэл манайхан энэ удаагийн тэмцээнд нутгийнх нь нэрнээс сүрдээд ялагдчих шиг боллоо.

Тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан эрэгтэйчүүдийн 73 кг жингийнхээр эхлэв. “За одоо л үзүүлээд өгнө дөө” гэсээр тун чиг итгэлтэйгээр харж байв. Энэ жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар зодоглосон болохоор итгэл төгс байхаас ч аргагүй. Гэтэл бас л хоёрдугаар тойрогтоо ялагдал хүлээж монгол түмний нүүр рүү нулимсан гэж хэлж болно. Хамгийн өндөр амжилт үзүүлэх хоёр тамирчны нэгд зүй ёсоор тооцогдож байсан Х.Цагаанбаатарын ялагдлыг гавьяат тамирчин С.Ням-Очир нөхөх байсан ч тэрээр дэвжээнд гараагүй. Учир нь Токиод очсон хойноо бэлтгэлийн үеэр бэртэл авчээ. Ингээд зоолттой медаль авах байсан 73 кг-ын жингийн барилдаан баяртай болов. 81 кг-д О.Ууганбаатар, Н.Даваасүрэн нар зодоглоод бас л тойргийн барилдаанаасаа гарч чадсангүй. 62, 70 кг-д барилдсан эмэгтэйчүүд ч бас өвдөг шороодон үзэгчдийн суудалд шилжсэн. Сүүлийн өдрийн ганц гялтайх бөх нь олимпийн аварга Н.Түвшинбаяр байлаа. Токиогийн “Их дуулга”-ын ганц найдвар болсон тэрээр Чежүгээс мөнгөн медаль хүртээд байсан. Бас бэлтгэл сайтай байгаа гэж явахаасаа өмнө ярьж байлаа. Тиймээс түүнийг барилдахын өмнө “За даа, олимпийн аварга маань л монголчуудынхаа нүүрийг тахлах нь дээ. Арай ч ганзага хоосон буцахгүй биз ээ” гэж байлаа. Гэтэл эхний тойргоосоо ч гарч чадалгүй Монголын жудочдын нэр хүндийг шалан дээр унагаав. Ингэснээр “Их дуулга”-д хорийн хориулаа явсан хэрнээ энгэртээ гялтайх юу ч үгүй ирлээ. Медаль зүүдэггүй юмаа гэхэд шигшээ барилдаанд ч шалгарч чадаагүй мөртлөө цахим ертөнцөөр янз бүрийн шалтаг тоочиж байна. Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар өөрийн фэйсбүүк хуудаснаа “…Тамирчдаа ялагдахаар битгий муулж бай, сэтгэл санааны дарамт их ирдэг юм. Мэдээж алдаагаа багш дасгалжуулагч нартайгаа ярилцаж түүн дээрээ дүгнэлт хийж ажиллаж л байгаа. Амжилтын төлөө тэмүүлж л яваа хүмүүс шүү дээ. Намайг одоо боль гэсэн хүмүүс их байх шиг байна лээ. Би больчихоор залуучууд хүсэл мөрөөдөлгүй, тэмүүлэлгүй болчихдог юм Гэхдээ хэзээ нэгэн цагт болих л байх. Тэр нь одоо биш. Хэн ялж байгаа нь, хэн дэлхийд өрсөлдөж байгаа нь тэмцээнд оролцдог спортын хууль байна шүү. Зайгаа тавьж өг гэдэг буруу ойлголт. Тэр орон зайг өөрөө эзэлж чадахгүй бол дэлхийд өрсөлдөхгүй шүү дээ. Тэгээд ч би 60, 66 кг гээд барилдаж байсан жингүүдээ залуучууддаа суллаад өгчихсөн байгаа биз дээ” гэж бичжээ. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг. Монгол Улсын хөдөлмөрийн баатар болчихсон хүн ингэж гоншигнох хэрэг байсан юм уу. Бас олон хүн намайг зайгаа тавьж өг гээд байгаа, би харин болоогүй гээд биччихэж. Залууст үлгэр дуурайл болж байгаа гэнэ. Дэлхийн чансааг жинхэнэ утгаар нь тэргүүлдэг, өндөр зэрэглэлийн хамгийн гол тэмцээнд тойргоосоо ч гарч чадалгүй барилдчихаад ингэж хэлж болох уу даа. Токиогийн татами дээр шал арчиж залуусын дуурайл болж байгаа гэх нь хэр ёс зүйтэй юм бэ. Амжилт гаргаагүй л бол буруугаа бусдад биш өөртөө тохож гэмээнэ залуу тамирчдад үлгэрлэх бус уу. Бас “Бид хувийн зардлаараа ирцгээсэн болохоор мэдээж аль болох хямд буудал олж орцгоосон. Жингээ үзүүлэх гэж, бас тэмцээний заал руу тус бүрт нь нэг цаг зарцуулж цүнхээ чирээд метрогоор явж байна. Энэ нь мэдээж тамирчин хүнд сэтгэл санаа болон биеийн ядралт өгч л байгаа байх. Хэрвээ бид хангалттай мөнгөтэй бол бусад орны тамирчид шиг албан ёсны буудалд нь буугаад автобус унаагаар явах л байсан” гэж бичжээ. Гэтэл үнэндээ хамгийн их мөнгө зарж байгаа төрөл жудо байж мэднэ. Монголын жудо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга олсон хэдэн төгрөгөө жудочдодоо л барьж гүйдэг. Харин сүүлийн хэдэн тэмцээнд тамирчид өөрсдийнхөө зардлаар явсан юм байж. Энэ удаагийн “Их дуулга”-д оролцсон тамирчид хувийнхаа мөнгөөр явжээ. Тийм болохоор л медаль авчраагүй юм байна. Улсаас, жудо бөхийн холбооноос хэдэн төгрөг өгөөд үнэтэй зочид буудалд байрлуулсан бол алт, мөнгө, хүрэл медаль хэдийг л бол хэдийг аваад ирэх байсан бололтой юм. Бас улсын мөнгөөр явчихсан бол тэгж бааварлаад, томроод байлгүй бүх анхаарлаа барилдаандаа хандуулан ялах байжээ. Өөрсдөөсөө мөнгө гаргачихсан болохоор ялна уу, ялагдана уу гэдэг ард түмэнд ямар ч хамаагүй гэж байгаа бололтой. Тэдний ярьж буйгаар ялагдалд Х.Баттулга буруутай юм шиг байна. Х.Баттулга жудо бөхөд оруулах хөрөнгө оруулалтаа багасгаснаас болоод манай жудочдын амжилт эрс буурсан гэж ойлгууллаа. Харин спорт мэдэх хүмүүс “Чансаанд үл хамаарах жижигхэн тэмцээнд орж байна. Тэр тэмцээнд нь дэлхийн томчуул оролцдоггүй. Гэтэл манайхан очиж түрүүлээд түүнийгээ том амжилт мэтээр ойлгуулдаг. Ингэж жижигхэн тэмцээнд оролцож өөрсдийгөө хэтэрхий их судлуулснаар өндөр зэрэглэлийн тэмцээнд ялагдаад байна. Бас шоу нь ихдээд байгааг саяын тэмцээн харууллаа. Бүгд л биеэ тоон бааварлаж байгаад ялагдлаа шүү дээ” гэж ярьж байна. Хэрэв цаашид энэ янзаараа барилдаад байвал амжилтдаа ханаж, өөрсдөдөө эрдсэн хөгшин “бурхинуудыг” залуу тамирчдаар цус сэлбэх зайлшгүй шаардлагатай болжээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *