Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эм, эмнэлгийн хэрэгсэлд хяналт тавих эвсэл байгуулахаар боллоо

Эмийн чанар, үнийн асуудал хөндүүр сэдэв. Эм хангамжийн салбар дахь ил тод байдлыг бэхжүүлэх, сайн засаглалыг хөгжүүлэх, төр ба төрийн бус байгууллага, компаниуд хамтран ажиллах санаачилгыг гаргаж ЭМЯ, ДЭМБ болон холбогдох бусад мэргэжлийн байгууллагуудын хурал ЭМЯ-наа боллоо. Манай улс нийт эмийн хэрэглээнийхээ 75-80 орчим хувийг гаднаас импортолдог бол нийт эмийн 30 орчим хувь нь улсын бүртгэлтэй байдаг тухай албаныхан хэлэв.

Эм хангамжийн салбар дахь ил тод байдлыг бэхжүүлэхэд төр ба төрийн бус байгууллага, компаниуд хамтран ажиллах санаачилгыг гаргасан уг хуралд ЭМЯ, ДЭМБ, Трансперенси, Интернешнл Монгол болон холбогдох бусад байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Манайд өнөөдөр үндэсний 30 гаруй эмийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Тэд давхардсан тоогоор 1000 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Харин эдгээр бүтээгдэхүүний ердөө наймхан хувь нь улсын бүртгэлд бүртгэгджээ.

ЭМЯ, МХЕГ-аас үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ улсын бүртгэлд хамруулах албан шаардлагыг удаа дараа хүргүүлсний дүнд одоогоор нийт эмийн 30 орчим хувь бүртгэлд хамрагдаад байгаа ажээ.

Харин Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон бүтээгдэхүүнийг эрүүл мэндийн даатгалаар 80 хүртэлх хувийн хөнгөлөлтөөр авах боломжтой бол бусад төрлийн эмэнд оруулж ирсэн эм ханган нийлүүлэх байгууллага өөрсдийн үнийг тогтоодог байна. Валютын ханшийн өсөлтөөс хамаарч, өнгөрсөн жилтэй харьцуулахад илүү үнэтэй байгаа аж. Иргэд мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл гэхээсээ илүүтэйгээр хэн нэгнээс сонссон дам сургаар худалдан авах эсвэл брэнд эмэнд илүү итгэх хандлагатай байдаг нь эм өндөр үнэтэй байхад нөлөөлдөг байна. Иргэдийн түгээмэл хэрэглэдэг эмийн өртгийг багасгах, чанартай буюу үйлчилгээ сайн, сөрөг нөлөө багатай эмийг худалдан борлуулахад олон төрлийн зохицуулалт шаардлагатай байгааг хуралд оролцогчид онцолж байлаа.

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Су Нюунт У хэлсэн үгэндээ, “ДЭМБ нь эмийн салбарын ил тод байдлыг байнга дэмжсээр ирсэн. Эмийг ил тод байлгах үйл ажиллагаанд манай байгууллага хамтран ажилладаг гол түнш нь юм. Мөн төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага зэрэг олон салбарууд үүн дээр хамтран ажиллаж байгаа. Цаашид ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна. Тиймээс эмийн ил тод байдал, чанарыг дээшлүүлэхийн тулд ард иргэд болон мэргэжлийн олон талт төлөөллүүдийг оролцуулсан эвсэл үүсгэн хамтран ажиллахаар боллоо” гэсэн юм.

Зайлшгүй шаардлагатай эм хэт өндөр үнэтэй арван орны тоонд Монгол улс багтдаг аж. Тиймээс эмийн салбарт ил тод байдал нэвтэрснээр эмийн үнэ буух боломжтой гэнэ. Эмийн ил тод байдлыг бий болгох эвслийг байгуулахаар энэ удаагийн хурлаар шийдвэрлэлээ. Ингэснээр,

Ард иргэдэд хүрч буй эмийн хүртээмжийг сайжруулах,

Чанартай эм, эмэн бүтээгдэхүүнийг хүргэх,

Хамгийн боломжит бага өртгөөр иргэдийн гарт хүргэхийг зорьж байгаа аж.

Дэлхий нийтэд 2 тэрбум гаруй хүн өөрт шаардлагатай, бага өртөгтэй эмийг худалдаж авч чадахгүйгээс болж эрүүл мэндээрээ хохирч байгаа гэсэн судалгаа байдаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *