“Монгол тусгал-Залуусын нэгдэл” төрийн бус байгууллагаас санаачилан 90 настай С.Хорлоо эмээд туслах аяныг өрнүүлж байгаа билээ. Тэгвэл тус залуусын сайн үйлсийн талаар “Өдрийн сонин”-ы хамт олон анх удаа сурвалжилж олон нийтэд хүргэсэн юм. Ийнхүү “Монгол тусгал-Залуусын нэгдэл” ТББ-ын сайн үйлсийн аянг дэмжиж олон нийтэд сурталчилах үүднээс “Өдрийн сонин”-оос хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн бага хурлыг нээж “Өдрийн сонин”-ы Хариуцлагатай нарийн бичгийн дарга Н.Гантулга “Манай “Өдрийн сонин” нийгэмд өрнөж буй сайн сайхан зүйлийг ямагт дэмжиж ирсэн. Дээрх залуусын Хорлоо эмээд туслах ажил яах аргагүй сайн үйлс юм. Тиймээс бид эдгээр залуусыг дэмжих хэрэгтэй. Монголын мянга мянган залуу Хорлоо эмээд тусалж байгаа энэ залуусаас үлгэр дуурайлал авч байгаа гэдэгт итгэж байна” хэмээн онцолсон юм.
Хэвлэлийн бага хурлын үеэр төрийн бус байгууллагын залуус болон Хорлоо эмээд туслахыг хүссэн иргэдийн төлөөлөл ирлээ. Энэ үеэр “Монгол тусгал-Залуусын нэгдэл” ТББ-ын тэргүүн Б.ням-Эрдэнэ “С.Хорлоо эмээтэй анх бид цайны газарт таарсан. Тухайн үед ийм өндөр настай хүн цай зараад амьдралаа залгуулдаг гэж болохоор их хүнд санагдсан. Тиймээс ер нь гэрт нь очиж амьдарч буй орчинтой нь танилцъя гэж шийдсэн. Энэхүү сайн үйлсийн аянд нэгдэж байгаа бүх хүмүүст баярлалаа гэж чин сэтгэлээ хэлье” гэв. Харин төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Сувд-Эрдэнэ “Бид анх эмээгийн амбаарыг хөөсөнцөрөөр ядаж доторлож тус болъё гэж ярилцсан. Дараа нь гэртэй болгосон нь дээр гэж бодсон. Харин сүүлдээ ер нь сайн үйлсийн аянд нэгдсэн санаа нэгт нөхөдтэйгөө нийлээд байшин барьж өгөх нь зүйтэй гэж ярилцсан. Биднийг дэмжиж ажиллаж байгаа хувь хүн болон албан байгууллага их байгаа. Өнөөдөр энд амжиж ирж чадсангүй. Ямартай ч Хорлоо эмээгийн маань байшин баригдаж дуусч байна. Лхагва гаригт хүлээлгэн өгнө” гэлээ. Одоогоор эмээ “Энх наран” сувилалд амарч байгаа юм байна.
Д.Сүрэн