Categories
мэдээ нийгэм

“Салхи” хамтлагийн Золоо олон хүний амь аварч байжээ

2006 он. Бид найзуудтайгаа Завханаас Улаанбаатар руу буцаж байв. Хот руу нилээд ойртож ирэх үед замын дэргэд автомашинтай хүмүүс осолд орсон байв. Бид яаран бууцгааж осолд орсон хүмүүст туслахаар очлоо. Машин дээшээ харсан, бүх хүмүүс нь талаар нэг тарсан аймшигтай дүр зураг харагдаж байсан. Замаар цөөнгүй машин явж байсан ч харамсалтай нь тэдний нэг нь ч зогсож тусалсангүй. Бидний дунд Салхи хамтлагийн залуус хамт явж байв, тэдний бас бидний найз Золоо маань эмч хүн байсан тул анхны тусламж үзүүллээ. Манай машинд явсан аптект тус болчихоор олигтой юм бараг байсангүй. Нэг эмэгтэй нуруундаа хүнд гэмтэл авсан, нөгөө зорчигчийн чих нь тасарч нил цус болсон гээд нэгээс бусад нь хүнд гэмтэл авсан байв. Азаар утасны сүлжээтэй газар таарч, бид Улаанбаатар руу түргэн дуудаж, тэр хооронд машины багажийг нээж хөнжил бусад зүйлээр осолд орсон хүмүүсийг хучиж дулаалав. Эдгээр хүмүүс осолд орсон ч ёстой ус уух хувьтай хүмүүс байсан. Учир нь яг энэ үед нэг том автобус бидний дэргэд ирж зогссон нь Монголд ирсэн Солонгосын сайн дурынхны унаа байв. Бурханы авралаар тэд дандаа эмнэлэгийн ажилтнууд байж таарсан, эм эмнэлгийн хэрэгсэл ч тэдэнд хангалттай байв. Тэд манай Золоотой хамт хүмүүст боолт хийж, бусад тусламжийг үзүүллээ. Дараа нь түргэн тусламжийн машин ирж эдгээр хүмүүсийг Улаанбаатар руу авч явлаа. Хэд хоногийн дараа осолд орсон хүмүүсийн ар гэрийнхэн миний утас руу залгаж, баярласан сэтгэлээ илэрхийлсэн. Хүмүүс бүгд амьд мэнд үлдсэн байлаа. Төгсгөлд нь хэлэхэд манай залуус ч, Салхи хамтлагийн залуус ч энэ тухай олонд ярьсангүй өнөөг хүрчээ. Үнэхээр даруухан, сайхан залуус шүү. 7 жилийн дараа найзуудаараа бахархаад энэ түүхийг орууллаа, онгирсон болохгүй байхаа. Эцэст нь хэлэхэд аян замд анхаарал болгоомжтой явж байгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *