Categories
мэдээ цаг-үе

Нөхдөөрөө бахархдаг НЭГ ТӨГСӨЛТИЙНХӨН

1982 оны нийт төгсөгчид 30 жилийн дараа

Архангай аймгийн Цэцэрлэг хотын Нэгдүгээр 10-н жилийн сургуулийн 1982 оны төгсөгчид энэ өдөр уулзацгааж байгаа юм байна. Тухайн үед тус сургуулийг арвын долоон бүлгийн 270 орчим хүүхэд төгсч байжээ. Сурагчийн ширээнээс тал тал тийш салаалцгаасан тэд 32 жилийн дараа цуглаж байгаа нь энэ. Нэг төгсөлтийнхөн ер нь ингэж анги хамт олон шиг бөөгнөрөөд сүйд болоод байх нь тун цөөхөн дөө. Ангийн ойн уулзалтад гэхэд хуруу дарам хүн л ирдэг шүү дээ. Тэгвэл эдний төгсөлтийнхөн жилдээ 1-2 удаа уулзаж, байнга холбоотой байдгаараа онцлог ажээ. Уулзалтыг ангиуд ээлжлэн жил болгон зохион байгуулдаг гэнэ. Өнөө жилийн хувьд төгсөгчдийг цуглуулах үүрэг 10в бүлэгт оногджээ. Ер нь уулзалтад ирэх хүний тоо жилээс жилд нэмэгдэж байгаа гэсэн.

Цэцэрлэг хотын Нэгдүгээр сургуулийн хувьд түүхэн онцлогтой. Монголын ууган сургуулиудын нэг бөгөөд 1923 онд байгуулагдаж байжээ. Математик, физикийн сургалтаар улсдаа толгой цохидог Нэгдүгээр арван жилээс үе үеийн олон эрдэмтэн төрөн гарсан байна. Тус сургуульд хүүхдүүд элсч орох гэж нэлээд ширүүн өрсөлдөөн явагддаг байж. Мөн багш нарыг ч сонгон шалгаруулалтаар авдаг байсан гэнэ. Бүр буриад, орос багш нар ирж хичээл заана гээч. 1982 оны төгсөлтийнхний хувьд дийлэнх нь гадаадын хуваарь авч, бүр барууны орнуудын сургуулийн хуваарь авсан ажээ. Ардын багш Банзрагч, Монгол Улсын гавьяат багш Нямрэнцэн нарын бэлтгэгдсэн шавь гэдгээрээ тэд тун бахархах юм билээ. Сургуулийн захирал Монгол Улсын гавьяат багш Р.Нямдорж агсан байжээ. Өндөр нуруутай, цэмцгэр энэ эрхмээс сурагчид үлгэр дуурайлал авдаг байсан ажээ.

Сурагчид Архангай аймгийн Захиргааны байрны суурийг тавилцав. 1981 он

Анги болгон л онцчуудтай. Орос хэл, математик, физикийн аварга шалгаруулах аймгийн олимпиадад 10а,10д ангиуд ямагт тэргүүлнэ. Нийгмийн идэвх санаачилга сайтай, хөдөлмөрч, эв нэгдэлтэй хамт олон байсан тухайгаа дурсав. Тухайн үед хөвгүүдэд цэрэгжилтийн сургалтыг хичээлийн программаар ордог байжээ. Энэ хүрээнд хээрийн сургууль хийнэ. Алдарт Цагаан давааны ард хөвгүүд хоёр тал болж байгаад дайны цагийн байдлаар сургалт явуулдаг байсан гэнэ. Анги бүрээс хоёр хүүхэд шөнийн харуулд гарна аа. Гэтэл нэг удаа харуулууд нам унтаж орхижээ. Үүнээс болж бүгд шийтгүүлж байжээ.

Мөн хүүхдүүд аж ахуйн ажилд нэлээд дайчлагдана. Булган сум руу явсан хүүхдүүд тав хоног хоол, хүнсгүй зутарч хөгөө чирчээ. Хүүхдүүдийг аваачсан хүмүүс мартаж орхисон байна. Харин тэдэнд нэг шуудай гурил, жаахан тос, элсэн чихэр л үлдсэн байж.

“Ингээд өлсөхийн эрхэнд гурилаа усаар зуурч байгаад л хайрч идсэн нь тун амттай байсан шүү” гэж ирээд л санаанд үлдсэн тод дурсамжаасаа хуваалцсан юм.

Л.Даариймаа багштай 10д-гийнхний хувьд тэд Монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдлыг хуваалцсан хэмээн олзуурхав. 1981 оны гуравдугаар сарын 22-нд Ж.Гүррагчаа сансарт ниссэн гэхээр тэд есдүгээр ангийн сурагчид байлаа. Тухайн үед Цэцэрлэг хотын Нэгдүгээр арван жилийг төгссөн М.Ганзориг сансарт нисэхээр бэлтгэгдэж байсан гэнэ. Ингээд тус сургуулийн сурагчид бүгд л түүнийг сансарт нисээсэй гэж хүсч байжээ. Гуравдугаар сарын 21-ний шөнө Л.Даариймаа багшийн ангийнхан сургууль дээрээ жижүүрлэж хоносон гэдэг. Тэд хоёр янзын зурагт хуудсыг наахаар бэлтгэсэн байжээ. Тэр нь Ж.Гүррагчаа, М.Ганзориг нарын зурагтай палкат байв. Аль сансарт ниссэн хүнийх нь зургийг энд тэндгүй алдаршуулан наах үүрэгтэй сурагчид тэрхүү торгон агшныг их л догдлон хүлээж байжээ. Ингээд малчин ардын хүү Ж.Гүррагчаа сансарт нисэхээр болсон тухай мэдээ иржээ. Хэдийгээр сурагчдын найдлага тавьж байсан хүн нь пуужингаар огторгуйд хөөрөөгүй ч монгол хүн анх удаа сансарт ниссэнд маш их омогшиж байцгаасан гэнэ лээ. Сурагчид Ж.Гүррагчаагийн зурагт хуудсыг энд тэндгүй нааж түүхэн үйл явдалд оролцсон хэмээн баярлаж байснаа санан ярилаа.

Тэд наймдугаар ангид байхдаа Ю.А.Гагарины нэрэмжит болохоор сансрын нисгэгчтэй холбоотой зурагт альбом гаргах төлөвлөгөө биелүүлэх учиртай. Ангийн дарга Ш.Гантөмөр тэргүүтэй нөхдүүд аймгийн төв номын сангийн сонингуудыг бүтэн үлдээгээгүй гэдэг. Энэ тухай тэрбээр дурсахдаа “Тухайн үед одоогийнх шиг техник хөгжөөгүй байсан шүү дээ. Хэвлэл гэвэл ганцхан “Үнэн” сонин л байлаа. Ж.Гүррагчаа сансарт ниссэн болохоор дугаар болгон дээр нь л энэ тухай зурагтай нийтлэл гарна. Шүлсээрээ норгосон хуруугаа сонины зураг тойруулж байгаад л урж авна даа. Тэр үеийн бүх сонины сансрын нисгэгчтэй хуудсууд нь цоорхой байгаа” гээд инээв. Түүний хийсэн зурагтай альбом хэд хэдээрээ байжээ. Нөр их хөдөлмөр зарцуулж хийсэн уг бүтээлийг ээж нь шатаачихсанд тун их гомдож уйлж байсан гэнэ. Ээж нь “Шалгалт дөхөөд байхад зурагт хуудас гээд дэмий зүйлд цаг заваа зарцуулаад байх юм. Яадаг моньд вэ” гэж ирээд л галд хийгээд шатааж орхижээ.

10д-гийн Ш.Гантөмөр, С.Отгонбаатар, Б.Отгонбаатар, Ж.Гансүх нар сурлагаараа аймагтаа толгой цохино оо. Ямар сайндаа багшийн самбарт бичсэнийг хүүхдүүд дэвтэртээ хуулж дуусаагүй байхад мань дөрөв хариуг нь шууд хэлдэг байжээ. Бас аймгийн олимпиадад байнга л эхний дөрвөн байрыг авна гээч. Ангийн дарга өгүүлэхдээ “Би их залхуу хүүхэд байсан юм. Олимпиадад нэгдсэн журмаар бэлдэж, давтлага өгч байхад огт очдоггүй байв. Тэгээд ангийн багшийг тэр хүүхдээ олж ир гээд загнаад явуулдаг байсан гэсэн. Нэг удаа багш маань математик, физикийн ном сугавчлаад гэрт уйлчихсан ирж билээ” гэв. Ангийн багш Л.Даариймаа нь их сургуулиа төгсч ирээд анхны дааж авсан бүлэг нь 10д ажээ. Эднийх 40 хүүхэдтэй байснаас 23 нь хөвгүүд гэнэ. Нийгмийн идэвхтэй хүүхдүүд байсан болохоор ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулах ажилд хөвгүүд тун ч санаачилгатай оролцдог байсан байна. Ангийн багш тэдэнтэй голдуу тулж ажиллана. Тэгэхээр охидууд “Багш биднийг тоохгүй юм” гэж гомдоллодог байжээ.

Нутгийн олны шүтээн хайрхан Булган баруун зүүн суганаас булаг рашаан ундарна. Урссаар урд Тамирын голтой нийлэлдэх бөгөөд аймгийнхан үүнийг “Бааст гол” гэж нэрлэнэ. Нов ногоон зүлгэн дээр шар цэцэгс налайж, энэ хоёр өнгө тун зохицолтой харагддаг сан. Шалгалт, шүүлгэндээ бэлдэхдээ сурагчид Бааст голынхоо хөвөөн дээр очиж, номоо уншиж, хоорондоо ярилцдаг байлаа гэж тэртээх он цагуудыг дурсан ярилаа. Тухайн цаг үеийн хүүхдүүд багшаасаа л үлгэр дуурайлал авна. Тэдний хэлсэн үг, заасан номыг хууль мэт мөрддөг байжээ. “Бид социализмыг байгуулж байна. 2000-аад онд коммунизмд орно. Тэр үед хүссэн зүйлээ авч болно. Дэлгүүрт ороод дуртайгаа авч болох цаг ирнэ” гэж багш нар нь сургадаг байжээ. Энэ үзэл суртал хүүхдүүдийн мөрөөдлийг оргилуулж, ирээдүй рүү тэмүүлэх хүслийг нь улам бадраадаг байж.

10д-гийнхнээс цэргийн хүн арав төржээ. Мөн инженер, эмч, багш, эдийн засагч гээд нийгмийн бүхий л салбарт ажиллаж байгаа хүмүүс олон. Тухайлбал, ЗХЖШ-ын хурандаа Б.Батбаатар, Багануурын нүүрсний уурхайн Засварын хэлтсийн дарга Ш.Гантөмөр, Монголын Үйлдвэрчний эвлэлийн Төв зөвлөлийн Санхүүгийн хэлтсийн дарга Г.Батдорж, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга Д.Пүрэвсүрэн, тус аймгийн Өгий нуур сумын Эмнэлгийн дарга Д.Галбадрах, түүний нөхөр буюу ангийн хөвгүүн Ц.Ариунболд гээд олон хүнийг дурдаж болно.

Тэгвэл тус сургуулийн Н.Балжинням багштай 10в ангийн хамт олон 37-уулаа төгссөн бөгөөд ихэнх нь их дээд сургуульд элсчээ. Мөн саналаараа долоон хүүхэд цэргийн албанд мордож ажил амьдралынхаа гарааг эхэлж байсан гэнэ. Ангийн дарга Ж.Батсайхан, Эвлэлийн үүрийн дарга Ю.Алтанцэцэг нар анги хамт олноо удирдан зохион байгуулах, тэдний эв нэгдлийг хангахаас өгсүүлээд нийгмийн ажилд тун идэвхтэй оролцдог сурагчид байж. Сургуулиас зохион байгуулагдсан урлаг, спорт, намрын ажилд манлайлан оролцож сургуулийн тэргүүний хамт олон болдог байсан юм байна. Эдний анги хөвгүүд олонтой. Тиймээс дүрсгүйтэж үймүүлэх нь илүү. Өөр ангийн үе тэнгийн охидыг коридороор явуулахгүй бие биерүүгээ түлхэн дэггүйтэж, завсарлагаа бүрийг хөгжилтэй өнгөрөөдөг байж л дээ. “Одоо манай ангийн хамт олон Төрийн болон бизнесийн байгууллагуудад олон жил идэвх зүтгэлтэй ажиллаж Төрийн одон медалиудаар шагнагдаж нэр төртэй улс эх орныхоо төлөө ажиллаж хөдөлмөрлөж байгаа гэж” ангийн дарга ярилаа.

Харин орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Б.Шуурай багштай 10А ангийн Ц.Нарантунгалаг УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, Р.Алтантуяа ХУД-ийн Шүүхийн ахлах шүүгч, Ч.Гантулга МХЕГ-ын улсын ахлах байцаагч, Ж.Ариунаа Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар тус тус ажиллаж байна.

Тэгвэл 10 б-гийнхэн нийгмийн идэвхтэй байсан шигээ нэлээд сайн явцгааж байгаа ажээ. Эдний ангид алдартнууд олон. Сайд нарын II эмнэлгийн Тусгай тасгийн эрхлэгч Анагаах ухааны магистр Д.Долгормаа байна. Тэрбээр багын сурлага сайтай, Эвлэлийн үүрийн дарга хийдэг идэвхтэй сурагч байжээ. “Алтан чагнуур” цолын анхны эзэн юм. Мөн ХААИС-ийн Инженерийн сургуулийн багш, техникийн ухааны доктор, боловсрол, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан Б.Лхагвадорж байна. Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Ойн мэдээллийн сангийн инженер, Байгаль орчны тэргүүний ажилтан Х.Нарангэрэл байна. Нийслэлийн ХУД-ийн Цагдаагийн хэлтсийн хариуцлагатай зохицуулагч, цагдаагийн хошууч Д.Цэрэннадмид, Улсын харцага Б.Жавхлантөгс, Б.Лхагвадорж нарыг ангийнхан нь онцолж байсан шүү.

Тэгвэл 10ё ангийнхан сэтгүүлч Н.Дуламсүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Засвар угсралтын цехийн дарга Б.Баасансүрэн нараараа бахархдаг юм лээ. Түүнчлэн “Монкор” компанийн эзэн 10г-ийн Л.Гэрэлт, шилдэг санхүүч 10е-гийн Б.Удвал, “Мандал” интернэйшнлийн захирал С.Намсрайжав, ЗХЖШ-ын хурандаа Р.Болдбаатар 10г ангиас төржээ.

Нэг төгсөлтийнхөн ойн баяраа өнгөрсөн жил нижгэр тэмдэглэжээ. Зохион байгуулсан бүлэг 24 номинациар анги тус бүрээс онцлохыг нь тодотгосон байна. Тухайлбал, шилдэг төрийн ажилтан, эмч, фермерчин, сэтгүүлч, дасгалжуулагч, санхүү гээд мэргэжил болоод, салбартаа амжилт гаргасан нөхдийгөө шалгаруулж, гэнэтийн бэлэг барьжээ. Хамгийн олон хүүхэдтэй ааваар найман хүүхдийн эцэг болсон 10б-гийн Н.Түмэнжаргал тодорсон байна. Олон хүүхэдтэй ээжээр 10е-гийн Р.Эрдэнэтуяа шалгарчээ. Сурагчийн ширээнд тохой нийлүүлэн суух үеэсээ тоонот гэрт толгой холбосон хосууд ч эдний үеийнхнээс олон төрсөн байна.

Бага насны хөгжилтэй дурсамжуудаа хуваалцах энэ үдшийн уулзалтаа хөөр баяраар дүүрэн өнгөрүүлэхийг хэсэг нөхдөөс нь хүслээ. Мөн тэд уулзалтад ирж амжаагүй, хилийн чанадад болон орон нутагт байгаа төгсөгчдөдөө ойн баярын мэнд хүргэхийн сацуу амьдралд нь аж жаргал сайн сайхан бүхнийг дайж байсан шүү.

М.МӨНХЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *