Эрдмийн театрын уран бүтээлчид ирэх сарын 10-ны өдөр “Бид мартахгүй” дурсамж хүндэтгэлийн үйл ажиллагаагаа зохион байгуулах гэж байна.
Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон театрынхаа алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдарыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлан үлдээх зорилгоор СУИС-тай хамтран “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Энэхүү арга хэмжээний хүрээнд жил бүр театрын мэргэжлийн судлаач, эрдэмтэн, ахмад уран бүтээлчдийн “Ахмад үеийнхний арга туршлага” эрдэм шинжилгээний бага хурал, дурсамж ярилцлага, “Гэрэл зургийн үзэсгэлэн”, хүндэтгэлийн тоглолтын арга хэмжээг зохион байгуулдаг юм.
Мөн Ардын жүжигчин А.Очирбатын зохиол СТА Э.Ёндоншаравын найруулга “Буруугүй буруутан” уянгын драмын жүжиг нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж нээлтийн гурван удаагийн тоглолт үзэгчдийн халуун алга ташилт, уухайн дуугаар дүүрэн болж өндөрлөсөн билээ. Энэхүү жүжиг нь Улсын Драмын Эрдмийн Театрын ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатарын санаачлагаар дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж эхлэсэн бэсрэг долоон жүжгийн зургаа дахь жүжиг бөгөөд “Буруугүй буруутан” жүжгийн найруулагч Э.Ёндоншарав жүжгийнхээ нээлтээр Монгол Улсын СТА цолоор шагнуулж театрт урлагт хайртай үзэгчиддээ давхар давхар бэлэг барьсан билээ. Тэгвэл энэхүү жүжиг маань ирэх 05, 06-нд тоглогдох гэж байна.