Categories
мэдээ улс-төр

“Монгол контент” хөтөлбөрийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 54.4 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 140 орчим телевиз үйл ажиллагаа эрхэлдэг байна. Гэвч цацагдаж байгаа нэвтрүүлгийн дийлэнх хувь гадаад контент эзлэх болсон аж. Иймээс телевиз, радио болон кабелийн сувгаар дамжуулагдаж буй уран сайхны нэвтрүүлэг тэр дундаа хүүхдэд зориулсан бүтээлийн дийлэнх хувь Монгол Улсад бүтээгдсэн мөн монгол агуулгатай байх шаардлага тулгарч байна гэж үзэн, дээрх хуульд өөрчлөлт оруулахаар болсон.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хуульд оруулж байгаа өөрчлөлтийг харахад түүхийг гуйвуулсан, бүдгэрүүлсэн, улстөржсөн агуулгатай нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэсэн байвал түүнийг хэрхэх вэ гэдэг шалгуур хангагдаагүй байна” гэж хэлсэн бол УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Арилжааны телевизүүд өөрсдийгөө аваад явж байна. Энэ үед таван тэрбум төгрөгийн авлигын уралдаан зарлах ямар хэрэг байна. Дэлхийн сонгодог урлаг, кино гэж бий. Ийм зүйлүүдийг заавал оруулна гэж яривал дэмжинэ. Түүнээс төр нь “Ресторануудын хоолны цэсний 60 хувь нь монгол хоол байя гэж ярих нь утгагүй. Энэнийхээ оронд Буриадаас орж ирж байгаа жуулчдыг татах ямар арга хэмжээг Соёлын яамнаас хэрэгжүүлэх вэ, дэлхийд монголын соёлыг сурталчлаад алтан медаль, гранпри хүртсэн урлагийнхнаа яаж дэмжээд байгаа юм. Дээр нь казиногийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар бодлогоо оруулж ир. Ийм хууль оруулж ирэхийг дэмжихгүй” гэж шүүмжиллээ.

Мөн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Монголд 142 телевиз үйл ажиллагаа явуулж байна, үндэсний хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг нь 50. Тэдэнд реклам өгдөг компаниуд нь хэд билээ. Эдгээр телевизүүд 1990 оноос өмнө хийсэн монгол киногоо сар эргүүлээд дуусаж байна. Хуульд өөрчлөлт оруулах шаардлага байлаа ч зохицуулалт нь буруу яваад байна. Соёлын яаман дээр лобби явна, 5 тэрбумыг хуваахаар 140 телевизийн аманд ч үгүй, хамарт ч үгүй дуусна. Үүнийхээ оронд салбарын зохицуулалтад нь оруул, салбар нь өөрийн бодлогоо гарга. Төр кино, нэвтрүүлэг хийх гээд хэрэггүй. Төрийн хийж байгаа кино, нэвтрүүлэг нохой шиншлэх аргагүй юм болдог. Ийм байдлаар асуудалд хандвал эргээд социализм руугаа буцаж орно” гэсэн юм.

Гэвч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийг дэмжсэн учраас анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Мөн хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаад УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа.

Завсарлагааны хугацаанд УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг хуралдах юм байна. Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хороог хуралдуулах чиглэлийг УИХ-ын дарга өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *