Categories
мэдээ улс-төр

Согтууруулах ундааны борлуулалтыг хязгаарлана

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг УИХ-ын дарга З.Энхболдод Согтууруулах ундааны хуулийн төслийг өргөн барилаа. Уг хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг хэдэн удаа зохион байгуулсан бөгөөд стандартын шаардлага хангасан согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, үйлчлэх, импортлох, экспортлох үйл ажиллагааг согтууруулах ундааны эрэлт, нийлүүлэлт, хэрэглээг хязгаарлах агуулгаар төслийг санаачилсан аж.

Уг төсөлд буй онцлох заалтууд гэвэл, “Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундааг ням гарагт 10-18 цагт, бусад өдрүүдэд 10-21 цагийн хооронд худалдана. Спиртийн сул агууламжтай согтууруулах ундааг 10-24 цагийн хооронд худалдана” “..согтууруулах ундаа үйлдвэрлэгч, импортлогчийн үйл ажиллагаанд урамшуулал, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхгүй, татварын өршөөлд хамруулахгүй, бусад давуу тал олгохгүй, татварын хэмжээг бууруулахгүй байх”

“Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүнсний зориулалтын бус түүхий эдээр согтууруулах ундаа үйлдвэрлэх, согтууруулах ундаанаас өөр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хориглох”

“Тусгай зөвшөөрлийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах, түрээслэх, шилжүүлэх болон Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэл явуулж буй байршлаа өөрчлөхийг хориглох”

“Сум, дүүргийн Засаг дарга согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг тухайн сум дүүргийн татвар, цагдаа, аймаг нийслэлийн онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагын санал, тэдгээрийн эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн олгоно.Эдгээр байгууллагын аль нэг нь татгалзсан санал өгсөн бол тусгай зөвшөөрлийг олгохгүй, сунгахгүй. Тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаагаар тухайн сум дүүргийн Засаг дарга олгоно”

“Согтууруулах ундаа худалдах дагнасан цэгийн тоо, байршлыг тухайн орон нутгийн хүн амын тоо, үйлчилгээний хүрээ, эрүүл мэнд, соёлын байгууллага, орон сууцны хороолол, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байрны байршлыг харгалзан 2000 мянган хүн ам тутамд нэгээс ихгүй, 2000-аас доош хүн амтай суманд 2-оос дээшгүй байхаар тооцож сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал тогтооно” зэрэг заалтууд байгаа бөгөөд агуулгын хувьд нэлээд чангарсан заалтууд орж буй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *