Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Монголын түүхийн нэвтэрхий толь Д.ӨЛЗИЙБААТАРЫНХ

“Дүүрэн шахуу зорчигчтой автобус нам жимхэн байв. Тэнд дуугарах ганцхан хүний яриаг сонсоод бүгд ийн дэгтэй яваа ажээ. Нийгмийн янз бүрийн давхаргынхан үйлчлүүлдэг нийтийн тээврийн зорчигчид ер нь тэр чигээрээ ховсдуулчихсан юм шиг журамтай байхыг анх удаа харлаа. Арын суудалд суусан нэг залуугийн утасны хонх дуугарахад бондгосхийн цочив. Түүний ойролцоо зогсох 40 гаруй насны эр “Ямар чанга юм бэ. Аяар ярь л даа. Би юм сонсч байна шүү дээ” гэж шаардлага тавих юм. Олны анхаарал төвлөрсөн тэр яриа бол радиогоор өгүүлэх Чингэс хааны байлдан дагууллын тухай түүх. Энэ нь монголчууд өөрсдийн түүхээ танин мэдэх хүсэл эрмэлзэлтэй байгааг харуулж байна” гэж Д.Өлзийбаатар гуайд нэгэн танил нь хуучилж, түүний хийж буй ажлыг дэмжин урам өгчээ. Үнэхээр чиг залуусыг монгол үндэстэн гэдгээрээ бахархан огшиж, түүхийн боловсролд нь мэдлэг олгох шинэ шийдлийг тэр санаачлан хэрэгжүүлж чадсан. Өнөөдөр ширээний ард ном ширтээд суугаад байх цаг завгүй ажилладаг хүмүүс түүний өгүүлэхийг сонсдог болжээ. Автомашиндаа, ажил дээрээ, автобусанд гээд хаана хөгжим, интернэт байна тэнд Монголынхоо түүхийг “унших” боломж бидэнд байна. Нууц товчоонд гардаг оньсого мэт үг хэллэгийг тайлбарлаж, Монголын түүхийг маш сонирхолтой, ойлгомжтой болгон системчилсэн Д.Өлзийбаатар гуайн яриаг ямар ч насныхан сонсоход эргэлзэх зүйлгүй. Бүх цаг үеийн түүхийг гаргаахгүй энэ эрхмийнд өнжиж, түүний амьдралын хүрдтэй танилцсан тэмдэглэлээ сийрүүлье.

“Өдрийн сонин” ард түмэндээ илүү хүрдэг болохоор очсон айлууд маань “Танайд өнжье” булангийн агуулга, зорилгыг андахгүй шүү. Нийгэмд хийсэн бүтээсэн үйлсээрээ нэр төртэй эрхмүүдийн хойморт зочилдог гэдгийг. Энэ уламжлалаар түүхийн ухааныг судалж, өнгөрсөн он жилүүдийг салбартаа зориулж ирсэн Д.Өлзийбаатарынд очлоо. Тэднийх улсын циркийн хажууханд байдаг юм билээ. Тэрбээр гэргийнхээ хамт биднийг найрсагаар угтав. Гэрийн эзэгтэйг Т.Цэрэндэжид гэдэг. Арван жилд байхдаа учирсан хосууд амьдралаа холбоод 30 гаруй жил болжээ. Эднийх Ө.Эгшиглэн, Ө.Цэцэглэн гэдэг хоёр охинтой. Эгч дүүс одоо АНУ-д сурч, ажиллаж байгааг тэд дуулгав.

Д.Өлзийбаатар гуайн зочны өрөөнд тухаллаа. Ханын шүүгээнийхээ дээд талын тавиурт бурхан шүтээнээ залжээ. Өнгийн утас сүлсэн гоёмсог хийцтэй бурхан багшийн хөргийг хоймортоо байрлуулсан байв. “Далай лам Монголд ирэхдээ энэхүү бурхан багшийн хөргийг надад бэлэглэсэн юм. Ялаа суудаггүй юм даа” гэж гэрийн эзэн бидэнд сонирхуулав. Мөн нүдэнд шууд туссан өөр нэг хөрөг бол Чингэс хааны бүтээл. Энэхүү хөргийг Жак Уэтерфорд сангаас Д.Өлзийбаатар гуайн “Монголчууд” сонсдог номыг 2014 оны онцлох бүтээлээр шалгаруулахдаа шагналд нь дагалдуулжээ. Үүнээс гадна ганган, донжтой хүрээ бүхий хуучны гэрэл зургуудаа тавилга дээрээ өрсөн байв. Гэрэл зураг түүх өгүүлнэ гэдэг дээ. Тэгвэл эдний зургийн цомгийг өрвөл номын тавиур дүүргэх хэмжээний арвин юм гээч. Гэр бүлийн, найз нөхдийн, ажил албаны гээд он цагуудаар нь ангилан тун эмх цэгцтэй хадгалдаг юм билээ. Д.Өлзийбаатар түүхчийн Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Н.Энхбаяр нараас төрийн дээд одон медаль авч байгаа гэрэл зураг харагдав. Түүхчийн ажил албатай нь холбоотой гэвэл хайгуул, малтлага хийж явсан үе, гадна, дотнын томоохон нэр хүндтэй эрдэмтэн нөхөдтэйгээ гээд тэртээх цаг хугацааг өгүүлэх нандин дурсамжууд ийнхүү хальснаас үлдсэн нь энэ. Түүхч маань “За, энэ Оросын Архивын газрын дарга В.П.Козлов гэж хүнтэй авахуулсан зураг байна. Тэрбээр Монголын түүхийг судлахад нэлээд хувь нэмэр оруулсан, Монголд тун элэгтэй хүн дээ” гэж ирээд л нүдэнд нь бахдал тодрон ярив. “Энэ манай охид, хэнтэй адилхан байна” гэж гэрийн эзэгтэй биднээс лавлалаа. “Том охин нь ээжтэй, бага нь аавтайгаа тун адилхан юм байна” гэхэд “Тийм шүү, хүмүүс тэгж хэлдэг юм” гээд охидоо санасан ээжийн харцнаас мишээл тодрох нь тэр. Бас нэг сонин дурсамж өгүүлэх зураг нь тэдний хурим. Цагаан даашинзтай залуухан эмэгтэй гартаа төмсний улаан цэцэг барьжээ. Тухайн үед цэцэг ховор байсан болохоор найзууд нь Богд уулнаас очиж төмсний улаан цэцэг түүгээд авчирч өгсөн гэж хөгжилтэй дурсамжаа бидэнтэй хуваалцлаа.

Д.Өлзийбаатар гуай ийн хуучлан суунгаа байн байн зурагт руугаа харж, нэг зүйл хүлээх нь анзаарагдлаа. Тэрбээр мэдээний хөтөлбөр эхлэхийг хүлээж байгаа гэнэ. “Өнөөдөр чинь хэвлэлийнхнээр хүрээлүүлсэн өдөр бололтой. Надаас хоёр ч телевизийн сэтгүүлч ирж ярилцлага авсан” гэж хэлж дуусаагүй байтал мань эр зурагтаар гарав. Өнөөгийн улс төрийн тогтолцоог түүхэн цаг үеийн сургамжтай нь харьцуулан жишиж ярьж байна аа. Хэрэв төрийн эрх баригчид хоорондоо хагарч бутарвал тусгаар улс мөхөхийн цондон гэсэн агуулгыг хөндөн ярьсан нь засаг төр солигдож байгаа энэ үед улстөрчдөд цагаа олсон зөвлөгөө болох биз ээ. Түүнийг ийн ярьж байхад эхнэр нь цаад өрөөнөөсөө орж ирэн нөхрийнхөө хажууд зогсч телевиз рүү хараад инээмсэглэв.

Гэрийн эзэн биднийг номынхоо өрөө рүү хамт орохыг урилаа. “За тэгээд энд тамхиа татаад, цай, кофе уугаад л төвлөрөөд суучихна шүү дээ” гэж түүхч маань өгүүлэв. Хана нь тэр чигээрээ номоор бүрхжээ. Эрдэмтэн судлаач хүний номын өрөө ийм байхгүй гээд ч яах билээ. Тэнд түүхтэй холбоотой бүхий л цаг үеийн ховор нандин ном зохиолууд хэдэн зуугаараа байгаа гэнэ. Зуслангийн байшинд нь арвин ном байгааг эхнэр нь тодотгов. Цонхон талын хананы чөлөөнд Сайн ноён ханы хөрөг зургийг томоор угаалган өлгөжээ. Д.Өлзийбаатар гуайн өвөө нь түүний албат байжээ. Тэрбээр “Манай ээжийн аав Сайн ноён ханы адууных нь даамал хүн байсан юм. Энэ хөргөөс хүмүүс загвар авсан. Бүр орон нутагт хөшөөг нь хүртэл босгосон шүү” гэлээ. Д.Өлзийбаатар гуайн аав Дэмбэрэл Хөвсгөл аймгийн Ар булаг сумын харьяат бөгөөд Автобаазад ажиллаж байсан гэнэ. Харин ижий нь Өвөрхангайн Хайрхандулааны харьяат. Яамны эмнэлэгт насаараа ажиллаж байжээ.

ӨВГӨДИЙН ХУУЧ ЯРИАНД ХӨТЛӨГДСӨӨР ТҮҮХЧ БОЛСОН ТҮҮХ

Д.Өлзийбаатар гэдэг хүнийг түүхч болоход өвөө нь их нөлөөлсөн бололтой юм. Тэрбээр энэ тухай дурсан ярихдаа “Манай өвөөгийнх Яармагт байлаа. Тэднийхээр Өвөрхангайн том том өвгөцүүл их ирнэ. “Аянга” романыг бичсэн Жамбын Пүрэв гуай, “Үер” кинонд дүрээ мөнхөлсөн жүжигчин Гэндэн гуай гээд байна. Тэд сонин хачин жигтэйхэн юм ярина аа. Би хүүхэд байсан болохоор тэдний яриаг сонсоод л хэвтдэг байлаа. Мөн тэд өвөөгийнд ирэхдээ түүхийн ном авчирна. Шинжлэх ухааны академиас хэвлэгддэг байсан тэдгээр түүхийн том том бүтээлүүдийг уншина гээч. Би сургуульд ороод түүхийн хичээлдээ сайн байсан. Миний багш Туваанжав гэж хүн байлаа.Тэрээр Лоохууз, Нямбуу нарын хэрэгт холбогдоод өндөр албан тушаалаасаа бууж багшаар томилогдоод ирсэн юм. Тэр багш түүх нийгмийн ухааны хичээлийг тун сонирхолтой заана. Намайг түүхч болоход бас нөлөөлсөн л дөө.

Манай өвөө 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үед Өвөрхангай аймгийн эвлэлийн хорооны дарга байлаа. Мань эрийн найз Цэдэнбал гэж прокурор хүн байсан гэдэг. Тэр найз нь өвөөд “Чамайг хэд хоногийн дараа барих гэж байна шүү” гэж хэл дуулгасан гэнэ. Өвөө ч хөдөө гэртээ байж. Ингээд хэлмэгдүүлэлтээс амь гарахын тулд бензин уусан байгаа юм. Айхавтар хордож, хамаг биеэр нь юм туурч, бөөлжөөд л сүйд болно доо. Яг тийм байхад нь өвөөг барихаар хүмүүс иржээ. Эмээ тэдэнд “Хүү маань өнөө, маргаашгүй болчихоод байна даа, яадаг билээ” гэхэд нөгөөдүүл нь “Яаж ийм хүн авч явах вэ” гээд үхсэнд тооцож, бүртгэлдээ бичээд хөдөлсөн гэдэг. Тэднийг яваад дөнгөж онги давангуут өвөөд сүү уулгаж, хордлогыг нь тайлсан байгаа юм. Өвөө маань нас сүүдэр 80 шахсан шүү. Харин ходоодны өвчнөөр өвдөж, бурхан болсон доо” гэлээ. Д.Өлзийбаатар гуай эхээс гурвуулаа. Ах нь залуудаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гэж тэрбээр дурслаа. Дүү нь мэргэжлийнхээ дагуу хувиараа бизнес хийдэг нэгэн гэнэ.

УТАСНЫ НАЙЗУУД УЧИРСАН НЬ…

Эрдэмтдийн ар гэрийг яах аргагүй эхнэр нь авч явдаг гэлцдэг. Цаг наргүй, судалгаа, шинжилгээндээ бүхнийг зориулдаг учраас хань ижил нь түүний ажлыг ойлгодог, зохицуулагч байх ёстой биз. Тэр ч утгаар эмэгтэй эрдэмтэд ховор гэдгийг Д.Өлзийбаатар гуай ярилаа. Эр хүн хэзээ ч эмэгтэй хүнийг орлож чадахгүй гэдгийг тэр хэлсэн юм. Түүний нөр их хөдөлмөр шингээсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд, ном бүтээлүүдээ туурвихад эхнэрийн үүрэг оролцоо өндөр гэдгийг энд онцлох нь зүйн хэрэг биз ээ. Тэд ёстой л хувь тавилангаар учирсан гэмээр. Анх танилцсан дурсамжийг нь сонсоход хэн хүнд ийм бодол зурайна. Энэ тухай Д.Өлзийбаатар гуайг ярих гэтэл эхнэр нь ичингүйрч, “Яах юм бэ” гэж инээв. Мань эр ч шуудхан яриад эхэллээ. “Бид хоёр хар багаасаа танилцсан. Долдугаар ангид байхдаа утсаар ярьдаг байлаа. Бидний үед ингэж хоорондоо ярьдаг моод байв. Утас үнэгүй болохоор хэдэн цаг ч хамаагүй ярина даа. 1970-аад оны үед юм уу даа. Нэг нэгнээ танихгүй хэрнээ гэрийн даалгавар, хичээлээ асууж ярьдаг байлаа. Би чиний дугаарыг мэддэг болсон уу, чи миний дугаарыг мэддэг болсон уу” гэж хошигноход гэргий нь инээмсэглэв. Тэгэхэд Д.Өлзийбаатар гуай үргэлжлүүлж, “Ер нь чи л миний утасны дугаарыг мэддэг болсон байх. Би долоон томьёо их асууна. Ингэж утсаар ярьсаар байгаад сургуулиа төгсөөд оюутан болсон доо. Тэгээд яалаа, бид хоёр айлд таарсан юм” гэхэд Т.Цэрэндэжид “Чи манай ангийн хүүхэдтэй оюутан байхдаа танилцсан байсан шүү дээ” гэж нөхөртөө сануулав. “Аан тийм. Ангиараа амралтад явлаа. Тухайн үед тэр найз маань арван жилийнхээ хүүхдүүдтэй хамт амралтад ирсэн нь Цэрэнгийн найзтай хамт хүрээд ирсэн юм байна л даа. Би түүнтэй танилцаад тэднийд очиж шатар билүү даам тоглож байсан” гэж Д.Өлзийбаатар гуайг тэртээх 30 гаруй жилийн өмнөх үйл явдлыг санан ядан хэлэхэд эхнэр нь “Биш ээ, хөзөр тоглож байсан гээч” гэж ирээд заслаа. Д.Өлзийбаатар “Тэгээд би Цэрэнг дуугаар нь танихгүй юу” гэхэд Т.Цэрэндэжид “Би инээсэн чинь таньсан шүү дээ” гэв. Эгч ч их содон инээдэг байжээ. Гурван жил царайгаа харалцаагүй утасны найзууд ингэж нэг учирчээ. Бас болоогүй ээ, Т.Цэрэндэжид эгч нэрээ худлаа танилцуулсан байж. Тэрбээр “Би бас нэг удаа шууданд явж байтал ангийнхаа залуутай таарсан. Өндөр, буржгар үстэй залуутай хамт явж байсан нь манай хүн байсан. Би юм ярьсан чинь над руу хараад л гайхаад зогсоод байсан юм. Бид биенээ яаж таних вэ дээ, салаад явцгаасан” гэв. Д.Өлзийбаатар “Би найзаасаа асуухгүй юу. Энийг хэн гэдэг билээ гэхэд Цэрэндэжид гэж байна. Тэгэхээр нь хүүхэд юм болохоор нэр нь биш байна гээд анзаараагүй. Дуугаар нь таниад байдаг. Гэтэл надтай утсаар танилцахдаа Пагма гэсэн нь л бодогдоод байхгүй юу” гээд инээлээ. Ингээд тэд бие биенээ олоод жилийн дараа гэрлэжээ. Тэдний авсан анхны тавилга нь хөргөгч. Олдохгүй ховор барааны тоонд орж байсан хөргөгчийг оочирлож байж авсан гэдэг. Энэ хогшилдоо тэд тун ч хайртай. Бас румын ор, модон ширээ гээд анх авсан тавилгууд нь бүгд өөр өөрийн түүхтэй болохоор хаяж чаддаггүй гэж тэд ярив.

Тэдгээр үнэ цэнтэй хогшлоо Баянхошуунд байдаг зусландаа нандигнан хадгалжээ. Д.Өлзийбаатар гуайн хувьд түүхчээс гадна сайн зураач. Тэртээх арван жилийн өмнө зуслангийнхаа байшингийн шугам зургийг гаргаад барьж эхэлсэн аж. Тухайн үед хоосон газарт ерөнхий төлөвлөлт хийж байжээ. Одоо түүний загварыг орон нутагт хэрэгжүүлээд эхэлсэнд тун ч олзуурхаж байлаа. Гэвч айлууд замбараагүй буугаад тэр төлөвлөлт алдагдсан байна. Гэрийн эзэгтэй “Манай байшин баригдаж дуусаагүй болохоор бид нар очдоггүй юм аа” гэж хэлэхэд “Цалингаа буухаар тэгж байгаад нэг хөрөнгө оруулдаг болохоор аргагүй шүү дээ. Одоо 95 хувьтай яваа. Энэ хавар дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа” гэж арван жил барьж байгаа байшингийнхаа тухай ярилаа.

ӨВӨӨ, ЭМЭЭ БОЛГООД ӨГӨӨЧ…

Энэ айлыг өдий зэрэгтэй авч яваа сайн эзэгтэй Т.Цэрэндэжидийн тухайд Ховд аймгийн Дарви сумын харьяат ажээ. Есөн хүүхэдтэй айлын зургаа дахь нь гэсэн. “Дээрээ таван ахтай, хоёр эмэгтэй дүүтэй байлаа. Одоо ч дөрвүүлээ үлдэж дээ” гэж тэрбээр ярьж байв. “Манай хүн олон ахтай, эрэгтэй хүнтэй харьцаж сурсан болохоор бид хоёр анхнаасаа ойлголцоход амар байсан л даа” гэж Д.Өлзийбаатар гуай ярив. Түүний гэргий “Талх чихэр” компанид 1983-2000 он хүртэл ажиллажээ. Тус компанийг хувьчлагдсаны дараа Захирагчийн ажлын албанд Хүний нөөц, Үйлдвэр үйлчилгээний хэлтэст мэргэжилтэн хийж байжээ. Одоо Нийслэлийн үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын үйлдвэрлэлийн хэлтэст ажиллаж байгаа. Тэдний хэн нь түрүүлж гэртээ ирсэн нь хоолоо хийдэг дүрэмтэй. Гэрийн эзний хувьд хоол хийх тун дуртай гэсэн. Гэм нь “Гал тогоо буулгачихлаа” гэж зэмлүүлдэг аж. “Нээрээ хоол хийхээр хонь төхөөрчихсөн юм шиг болгочихдог шүү” гэж эзэгтэй нэмлээ.

Тэдний охид хоёр насны зөрүүтэй. Том охин Ө.Эгшиглэн МУИС-ийг төгсөөд 2010 онд Америкт магистрт сурахаар явжээ. Тэндээ сургуулиа дүүргээд мэргэжлээрээ ажиллаж байгаа гэнэ. Бага охин Б.Цэцэглэн 17 настайдаа Хятадын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад анагаахын чиглэлээр сурч боловсрол эзэмшжээ. Багаасаа гадаад хэл сурах авьяастай байсан охин нь одоогоор англи, хятад, япон хэлтэй гэнэ. Аав нь охидоо “Сайн хэл сураад, тухайн улсын технологийг нь эзэмшээд Монголдоо ирж ажиллах хэрэгтэй” гэж захидаг байна. Харин ээж нь “Эмэгтэй хүн заавал эрдмийг оройд нь хүртэл сурах гээд яахав. Зохих хэмжээний мэдлэгтэй байх ёстой. Миний охид тэр боловсролоо эзэмшчихлээ. Хамгийн гол нь сайн ээж, сайн хань, сайхан эмэгтэй байх ёстой” гэж сургадаг байна. Тэд охидоо санагалзахын хажуугаар “Охинтой бол хүүтэй гэдэг дээ. Миний хоёр хүү ч охидод маань сайн хань болох залуус” гэж магтав. Бас болоогүй ээ, тэднийгээ хүүхэд төрүүлж, өвөө, эмээ болгоод өгөхийг хүсдэг гэдгээ нуусангүй.

АНХНЫ СУДАЛГААГААРАА ЛАМ НАРЫН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙГ ХӨНДӨВ

Д.Өлзийбаатар гэдэг энэ эрхэм 1982 онд МУИС-ийн түүхийн ангийг төгсөөд Аюулаас хамгаалахын дээд сургуульд Монголын түүхийн багшаар ажиллаж байв. Дараа нь 1988 онд Аюулаас хамгаалахын тусгай архивт өөрийн саналаараа очиж ажиллаж байсан гэдэг. 1985 онд ЗХУ-д өөрчлөн байгуулалт хийсэн нь Монголын түүхийг судлахад ихээхэн нөлөөлсөн гэж тэр ярив. “Учир нь оросууд эргээд Сталины үеийн харгислалыг бүгдийг ил гаргаж шүүмжилсэн. Аливаа ард түмэн ямар нэгэн юм эрж хайж, сайжруулахын төлөө сэтгэхдээ заавал түүхийн хуудсыг эргүүлдэг. Бид хаанаас ямар шатаар явж байгаад өнөөгийн байдалд хүрэв гэж хардаг. Миний дотор “Яагаад лам нарыг 1920-1930 онд бөөнөөр нь барьж аваад буудаад хөнөөчихсөн юм бол” гэсэн бодол байдаг байв. Бид түүхэнд хувьсгалын эсэргүү лам нарыг дарсан мэтээр ярьдаг байлаа. 1957, 1967 онд цагаатгал явагдаад Чойбалсангийн үед хэлмэгдүүлэлт явсан байна гэж тогтоосон. Хэдий тийм боловч Ж.Лхүмбэ нарын хэрэгт оролцсон хүмүүсийг тойрч шалгаад лам нарыг орхичихсон байсан. Лам нар ерөөсөө буруутай гэдгээр түүхэнд үлдчихсэн. Үүнийг судалъя гэж би Аюулаас хамгаалахын тусгай архивт очихоор өргөдөл өгчихсөн байлаа. Тэр үед яг цагаатгалын ажил эхэлсэн юм. Би лам нарын талаар судалж явсаар 1989 онд өгүүлэл бичсэн юм” гэж түүхч ярилаа. Нэлээд томоохон эрдэмтэд бичдэг “Түүхийн судлал” сэтгүүлийн 25 дугаар ботид мань эр 29-хөн настай байхдаа “Сүм хийд лам нарын асуудлыг шийдвэрлэсэн тухай” асуудлаар өгүүлэл бичиж байжээ. Уг өгүүлэлд “Лам нарынхаа асуудлыг эргэж харвал яасан юм бэ. Тэд Ардын нам болоод засгийн эрхийн эсрэг тэмцсэн. Энэ нь баттай байна. Гэхдээ 1921-1939 онд ийм олон бүлэг хэрэг үүсгэж шийтгэсэн байсан. Лам нарыг бөөнөөр нь устгахад Коминтерний үйл ажиллагаа их орж, тэдний амь насыг хүчирхийллийн аргаар хороосон байна” гээд л нэлээд олон хуудастай эрдэм шинжилгээний бүтээл бичсэн байна. Улмаар лам хуврагын иргэний эрх, нэр төрийг сэргээхэд судалгаагаа чиглүүлэх нь зүйтэй” гэжээ. Аюулаас хамгаалахын архивт ажиллаж байсан нь болохоор ийм судалгаа хийхэд тус болсон гэнэ. Тиймдээ ч Д.Өлзийбаатар түүхч докторын цол хамгаалахдаа “Монголын улс төрийн 1930-аад оны үйл явцад гадаад хүчин зүйлийн нөлөө” сэдвээр бичсэн аж. Дараа нь нийтэд зориулсан “Яагаад 37 он…” ном туурвисан байна. Монголд өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт бол Коминтерн ЗХУ-ын удирдлагын шахалт хавчилтын үр дүнд ийм ажил хийгджээ гэж судалгааныхаа дүгнэлтэд дурджээ. Энэ мэтчилэн түүний ном бүтээлийг тоочоод байвал олон.

Тэрбээр түүхийн салбарт орхигдож ирсэн шавь тогтолцоог хөгжүүлэхэд нэлээд ханцуй шамлан зүтгэж байгаа нэгэн. “Надад дөрөв, таван шавь бий. Одоо би судалгааны ажил руу орсон болохоор хэд хэдэн шавь бэлтгэх санаатай байгаа. Түүхийн шинжлэх ухаанд багш шавийн тогтолцоо алдагдчихсан. Би бол азтай, хоёр гурван мундаг багштай байлаа. Рэнцэн гуай, их сургуулийн Чимэдцэрэн багш байна. Тэд бидэнтэй тулж ажилладаг байлаа л даа. Тэрнээс яг гарын шавь бэлдээд гэртээ суулгаад юм бичдэг тогтолцоо түүхэнд ховор. Том, том эрдэмтэд ч тийм шавь бэлдээгүй. Тэгэхээр түүхчид энэ алдааг давтахгүй, нэг түүхч дор хаяж 2-3 шавь бэлдэж, өөрийнхөө сурч мэдсэнээ өвлүүлэх бодолтой. Бидний үеийнхэн шавь тогтолцоог хөгжүүлэх хэрэгтэй гэж үздэг” хэмээн гэрийн эзэн ярьсан юм.

АРХИВЫГ “АВАРСАН” АЖЛУУД

Монголын түүхийн хуудсыг нэмсэн олон судалгаа шинжилгээний бүтээл туурвисан Д.Өлзийбаатар архивын салбарт өөрчлөлт шинэчлэлтийг авчирсан гавьяатан гэдгийг мэргэжилт нэгт нөхөд нь онцолдог юм билээ. Тэрбээр 2000-2013 онд Архивын газрын даргаар ажиллаж байв. Энэ хугацаанд Монголын архив шинэ байртай болох үндсийг тавьсан юм. “Монгол Улсын түүхийн архив маш баян. Гадны судлаачид мэргэжлийн хүмүүс ирчихээд нүүдэлчин улс ийм архив байгуулсан байна гэдэгт гайхдаг. Энэ бол манай ахмад үеийн асар том гавьяа” гэж түүхч маань бахархан өгүүлнэ лээ. Архив бол дандаа нэмэгдэж байдаг. Ингээд түүний бодож төлөвлөсөн гол ажил бол 2005 оноос архивыг шинэ байртай болгох асуудлыг Засгийн газарт тавьсаар иржээ. Монголын асар том өвийг байртай болгох хэрэгтэй гэж төр засгийн удирдлагууд ч дэмжсэн. Ингээд 2007 онд архивын шинэ байрны зураг төслийг хийж, газрын асуудлыг шийдсэн юм. Спортын шинэ ордны орчимд гурван га газарт баригдаж буй тус барилга хэрэв ашиглалтад орвол 100 жилдээ архивын хадгалалт багтаамжид санаа зовохгүй гэсэн. Мөн архивын чухал фондуудаа тоон системд оруулах ажлыг мань эр санаачлан хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Архивын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийг батлуулсан юм. Түүнчлэн уг салбарт хийсэн өөр нэг ололт бол архивын ажилчдын үнэлгээ тун муу байсныг сайжруулсан үйл хэрэг. Түүнийг ажил хийхэд тухайн үеийн төр засгийн удирдлагуудын дэмжлэг оролцоо сайн байсныг онцолно лээ.

МОНГОЛЫН ТҮҮХИЙГ ЯАЖ ХҮМҮҮСТ ХҮРГЭХ ВЭ?

Д.Өлзийбаатар гэдэг хүн түүхийг сурталчлахад олон ажил сэдэж, хэрэгжүүлсэн гавьяатай. Тэрбээр хэлэхдээ “Монголын түүхийн таван ботиос гадна түүхийн холбоотой ном, эрдэм шинжилгээний бүтээл гэхэд 20 мянга гаруй бүтээл бий. Гэвч иргэд тэр болгон түүхээ мэддэггүй. Иймд ард түмнийхээ түүхийн боловсролыг дээшлүүлэхэд Үндэсний телевизийн уран бүтээлийн “Гал” нэгдэл Түүхийн хүрээлэн, Архивын газартай хамтраад 1991 онд цуврал нэвтрүүлэг хийж байсан нь үр дүнгээ өгсөн. Мөн Баабарын “Гарз, олз” ном түүхийн боловсролд ойртуулсан нэлээд ач холбогдолтой ном болсон. Тун ойлгомжтой, энгийн үг хэллэгтэй болохоор ард түмэнд хүрсэн шүү. Ер нь бүх нийтэд түүхийг сурталчлах хэрэгтэй гэсэн бодол толгойд байнга явсан. Учир нь бид хичнээн телевизээр түүхээ сурталчлаад хүмүүс нэг үзээд л мартчихна. Өдөр болгон зурагтаар байнга гаргаад байхгүй шүү дээ. Тиймээс түүхийн тухай сонсдог ном гаргахаар шийдэв. Эхлээд 28 цагийн сонсдог ном гаргалаа. Дараагаар нь 40 цагийн CD гаргасан. Удахгүй нээлтээ хийнэ” гэлээ. Энэхүү сонсдог ном бүтээх мэргэн санааг түүний эхнэр Т.Цэрэндэжид олсон байна. Тэд хамаатан садангуудаараа Ховд аймаг руу явж байжээ. Д.Өлзийбаатар гуайг түүх яриад өгөхийг дүү нар нь хүсч л дээ. Мань эр радионы үүрэг гүйцэтгээд холын замд тун ч зугаатай явцгааж байв. Машинаас буухдаа яриагаа “паузалж”, суунгуутаа үргэлжлүүлсээр аян замдаа алжаалгүй явцгаажээ. Энэ үед эхнэр нь “Чи хүүхдүүдэд ингээд ярьж өгч байхаар CD дээр хураагаад өгчихөөч. Наадуул чинь машиндаа сонсоод яваг” гэжээ. Ингээд эхнэрийнхээ саналыг жилийн дараагаас хэрэгжүүлэхээр сонсдог ном бүтээх ажилдаа шуурхайлжээ. Түүнийг дүү Бүүвэйбаатар гэдэг залуу дэмжиж, студи дээр хоолойгоо бичүүлжээ. Монгол нутагт хүн анх суурьшсан цагаас 1990 он хүртэлх түүхийг CD-д буулгаж олны хүртээл болголоо. Мэргэжлийн түүхч болохоор яавал хүмүүст эмх цэгцтэй мэдлэг өгөхөө мэднэ. Энэ тухай ярихдаа “Монголын түүх асар баян. Ерөнхийдөө хүн төрөлхтний түүхийг эртний, дунд, ойрхи гээд гурван үед хуваадаг. Монголчууд дэлхийг эзэлж, Ази Европын соёлыг солилцуулж, дэвшлийн эхийг тавьсан. Дэлхийн эзэнт гүрэн болсон юм. Үүнийг базаад яаж хүүхдүүдэд ойлгомжтой сонирхолтой байдлаар хүргэх талаар зориглож, хоёр сар гаруй сууж уншлаа. Өдөрт хүн 2-3 цагаас илүү ярьж чадахгүй юм билээ” гэв.

Жак Уэтерфордын сангаас Монголын түүхийн талаар гарсан бүтээлүүдийг хүмүүсийн санал асуулгаар тодруулж, шилдгийг нь шалгаруулдаг уламжлалтай. Тэгвэл Д.Өлзийбаатарын “Монголчууд” нэртэй түүхийн сонсдог ном нь 2014 оны онцлох бүтээлээр шалгарч, эрдэмтэн Жак Уэтерфордын шагнал хүртсэн юм. Яах аргагүй нууц санал асуулгаар “Монголчууд” сонсдог номыг дийлэнх нь дэмжиж, шилдэг бүтээлийн тоонд зүй ёсоор үнэлсэн юм.

“МОНГОЛ ДЭЛХИЙН ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН”

“Монголчууд” CD-г амралттайгаар сонсоход дөрөв хоног зарцуулдаг болохыг түүхчийн найз Төрмөнх тодорхойлжээ. Мань эр “Монголчууд” сонсдог номоо англи хэл дээр хийх санаатай гэнэ. Гадаадад байгаа залуучуудад зориулж англи хүнээр уншуулах юм байна. Гадаадад төрж өсч төрөлх хэл, соёлоо мэдэхгүй олон залууст хүргэхийг төлөвлөжээ. Мөн Монголын түүхийг гуйвуулах нь өрнөдийн оронд бий. Тэрэнд няцаалт өгөх үүднээс энэхүү бүтээлээ дэлхийн хэл дээр гаргах нь ээ. Тэрбээр энэ тухайгаа өгүүлэхдээ “Тухайлбал, оросууд монголчууд биднийг эзлээгүй гэж ярьж байна. Ерөнхий утгаар нь дэлхийн түүхэнд аваад үзэхээр дэвшил байгаа юм Чингэс хаан дэлхийн мянганы суут хүн болсон. Энэ хүний байлдан дагуулалт, Монголын эзэнт гүрэн оршин тогтнож байсан үйл явц бол өнөөгийн ертөнц үүсэх үндэс байжээ. Энэ дүгнэлтийг ганц монголчууд ч биш бусад орны эрдэмтэд бүгд хийсэн. Дэлхийн түүх бол монголчуудын түүх. 1206 онд Чингэс хаан их Монгол Улсыг байгуулсан явдал бол өнөөгийн дэлхийн түүх мэндэлсэн хэрэг явдал байлаа гэж Японы алдарт түүхч бичсэн байгаа юм. Монголын байлдан дагуулалтын үр дүнд Европын дахин сэргэлт бий болсон. Газар зүйн их аялал, таван тивийг нээлээ шүү дээ. Дорно, Өрнөдийг холбосон соёл нэгдээд хөгжлийн тэсрэлт болсон. Үүний үр дүн нь английн аж үйлдвэрийн хувьсгал гарч, тэд машин бүтээчихсэн. Уурын хөдөлгүүр бүтээгээд энэ нь өнөөгийн ойрхи үеийн түүхийг бий болгосонд Монгол нөлөөлсөн. “Нууц товчоо”-г дэлхийн бүх орны сурах бичигт оруулж, үздэг болчихвол манай улсын нэр хүнд өснө” гэлээ.

“МОНГОЛЧУУД ОЛУУЛАА БОЛЖ ХҮЧИРХЭГЖИН МАНДАХ ҮЕ УДАХГҮЙ ИРНЭ”

Жижигхэн ард түмний хамгийн эрхэмлэж явах зүйл бол түүх юм гэж тэрбээр хэлсэн. “Японы алдарт түүхч “Орос, Хятад хоёр Монголоос газар нутаг нэхээд байх хэрэггүй. Харин Монгол Улс хоёр хөршөөсөө газар нутгаа нэхэх бүрэн эрхтэй шүү” гэж бичсэн байдаг. Тэгэхээр түүх судлах, түүхээрээ хүмүүжих эрх ашиг нь үүнд оршоод байгаа юм. Энэ бол монголчуудын хувьд амин чухал эрх ашиг нь. Тэгээд ч монголчууд түүхээ тулж өндийдөг, түхээ түшиж бахархдаг ард түмэн юм. Бидний бахархал бол Монголын түүх. Ийм бахархалтай орон дэлхийд гарын аравхан хуруунд багтахаар цөөн. Америкчуудыг хар л даа. 300 орчим жилийн түүхтэй үндэстнүүдийн нэгдэл хэрнээ өөрсдөө түүхээ бүтээж байна. Оросууд ч түүхдээ их анхаарч, хялбар аргаар бичиж байна. 24-хөн жилийн түүхтэй Казахстан гэх мэт улс өөрсдөө түүх бүтээх гэж оролдож байна. Тус улс Чингэс хааныг өөрсдийнхөө хаан гээд байгаа нь дэлхийн нэртэй түүхчдийн инээдийг хүргэдэг. Монгол Уулсыг бий болгосон үндэсний эцэг Чингэс хаан гэдэг шиг Казахууд Назарбаевийг үндэсний эцэг гэж хэлэх ёстой. Тэд өөрсдийнхөө түүхэн дотроос түүхийн баатар олохгүй. Тиймээс өөрсдийн гэсэн бахархалтай, түүхтэй болж харагдах гээд манай аавын дагавар хүүхэд болох гээд байна. Ер нь бол агуу байсан үндэстнүүдийн түүхийг мартуулах гэсэн бодлого явдаг шиг байгаа. Энэ бол миний хардлага л даа. Яагаад гэвэл бид дэлхийн түүхийг бүтээсэн улс. Өчүүхэн ард түмнээр бүх зүйлээ заалгасан гэхээр тэр том гүрнүүд ичиж, түүхийг баллуурдах бодлого явуулж байна. Мөн эзлэгдсэн орнууд эзэлсэн орнуудын түүхийг дандаа сөргөөр бичиж, муугаар дүрсэлдэг. Монголчуудыг 19 дүгээр зууны хоёрдугаар хагас хүртэл дандаа дайсны талын баатар шиг харагдуулж байсан. Харин бид агуу түүхтэй үндэстэн. Түүхээ сайн мэддэг байх ёстой” гэлээ.

Түүхч хүний хувьд тэрбээр улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд санаа зовниж, улс төрийн тогтолцоог шинэчлэн, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж өөрийн бодлоо хуваалцлаа. Түүхэнд монголчууд эрх ашгаас болж задарч байсан. Монгол шиг гурав хуваагдаж байгаа улс дэлхийд байхгүй. Бид хэрэлдэж байгаад бутарч, ашиглуулчихсан. Тэрнээс сул дорой, мунхагаасаа болоогүй. Хэрэв Монгол Манжид эзлэгдэхээс өмнөх үед феодлууд том төрийн зүтгэлтнүүд толгой даах гэж оролдоогүй бол, нэгдсэн Монголын эрх ашиг гэдгийг урьтал болгосон бол халх, ойрд гэж хоёр хуваагдаагүй бол бид Манжид эзлэгдэхгүй байх бүрэн боломж байсан. Тэгээд ар, өвөр, буриад монгол гэж задрах ч үгүй байсан юм. Түүхээс ингэж харагдаад байдаг. Эвлэрч чадахгүй, хагарлын эхлэлийг тавьчихвал улс мөхөхийн цондон. Монголд амьдрал сайхан болсон цагт дэлхийгээр тарсан монголчууд ирнэ. Тэдний зүрх эх орныхоо төлөө цохилж, зальбирдаг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголчууд олуулаа болъё” гэж уриалж байгаа. Бидний хүчирхэгжин мандах үе удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна. Үүний тулд эв нэгдэл чухал гэдгийг бүх он цагийн түүх харуулсан. Хүчирхэг орны баян иргэн байвал сайхан шүү” гэж хэлсэн түүхч хүний холч ухаанаар ерөөл тавин төгсгөе.

М.МӨНХЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг

Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *