Categories
арын-нүүр булангууд мэдээ

“Өлсгөлөн тулаан” цувралын тухай

АНУ-ын зохиолч Сүзаань Колинзын уншигчдад илгээсэн мокинжей хүн бүрийг “Өлсгөлөн тулаанд”-д хамт тулалдуулж, “Галаар наадагсад”-ын харгис тоглоом, шоглолын нэгэн хохирогч болгосон гэхэд нэг их хол зөрөхгүй байх. Бас мэдээж уншигч бүр Мокинжей болон гэрэлтэж, Катнисын бүхнээ золиослох, бүгдийг эхлүүлэхэд хүргэсэн хамгаас хайртай дүү Примийг нулимс дуслуулан тэнгэрийн орноо залсан биз ээ. Катнис Эвердин. Тэр “Өлсгөлөн тулаан” цувралын гурван дэвтрийн турш уншигч таныг хөтөлнө. Түүний хамтрагч Пийта Мелларк харин танд цааш явах итгэлийг өгсөөр байх болно. Тэд хөгшин архичин бас амь өрссөн “Өлсгөлөн тулаан”-ы ялагч Хэймич буюу зохиолч Сүзаань Колинзын дүрмээр тоглож, Капитолынхны урт удаан тохуурхал, зугаа цэнгэл нэрээр мөлжин, тарчлаах бодлого, хүүхдүүдийг нь бие биенээр нь хөнөөлгөж буй харгислалыг эцэс болгох тэмцлийн бэлэг тэмдэг болно.

Эл уран зөгнөлт цувралын үйл явдал Капитол хотын 12 бүсэд “хуучнаар” Хойд Америкт одоогоос мянгаад жилийн дараахь цаг хугацаанд өрнөнө. Панем гэх улсын нийслэл Капитолын эрх баригчид 12 бүсээ маш хатуу чанга хяналтан дор байлгадаг бөгөөд мөнхөд захирах хүсэлтэй. Энэ хүслийн нэг нь12 бүсээс 12-18 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхдийг жил бүр сонгож “Өлсгөлөн тулаан”-д оролцуулдаг бөгөөд эсэргүүцэгчийг гэр бүл, ойр дотнынхных нь хамт хүйс тэмтрэх тушаалтай. Харин бусад 23 хүнийг алж, хатуу ширүүн сорилтыг даван туулж чадвал ялагчийг төдийгүй бүсийнх нь иргэдийг хоол, хүнсний төдийгүй эд зүйлсээр хангана. Хатуу ширүүн гэхээсээ илүүтэй тааж, төсөөлөхийн эцэсгүй аймшигт сорилтыг зөвхөн уншигч л мэдрэх боломжтой гэмээр. Тэдэнд оролцогчдын турьхан хийгээд жаахныг, биеэ ч хамгаалж дөнгөхөөргүй нь сонин биш. Тулааны үеэр ямар үзүүлбэр үзүүлж, хэнийг хэрцгийгээр хөнөөж, эсвэл өөрийг нь хэрхэн үхэхийг харах л чухал. Энэ шударга бус шүүлтүүрт сонгогдсон дүүгийнхээ оронд явахаар саналаараа гараа өргөсөн охин бол 16 настай зоригт Катнис Эвердин. Зохиолын гол дүр болох Катнис Эвердин ээж, дүүгийнхээ хамт 12 дугаар бүсэд өөрөөс хэдэн насаар ах, сэтгэлт залуу Гейлийн хамт талийгаач аавынхаа зааж өгсөн туулай, шувуу зэрэгхнийг агнан гэр бүлээ арай ядан амь залгуулдаг охин. Түүний дүү Прим аймшигт “Өлсгөлөн тулаан”-ы оролцогчоор сонгогдоход, дүүгийнхээ өмнөөс явна хэмээн сайн дураараа үхлийн сонголт хийснээсээ эхлэн панемчуудын сэтгэлийг татдаг. Улаан даашинз өмссөн Катнис өөрт нь хайртайгаа панем даяар зарласан ичгүүргүй Пийтагийн хамт “Өлсгөлөн тулаан”-ы аймшигт яргалал, өөрийн дүү шигээ санасан бяцхан Рөүгийн үхэл, өрсөлдөгчдийнхөө нэг нэгнээ хайр найргүй алах, амь тавихыг зүрх шимшрүүлэн харснаар даван туулж, панемчуудын зугаа цэнгэлийн анхны хоёр ялагч болж нэгдүгээр дэвтэр дуусна. Пийтагийн олны өмнө зарласан хайр “Өлсгөлөн тулаан”-аас амь гарахын тулд хийсэн заль мэх үү, эсвэл үнэхээр Катнисыг өлбөрч үхэхийн даваан дээр түлэгдсэн талхаа илүүчилсэн мөчөөсөө хайрласан хайр уу гэдэг асуулт болон үлдэнэ.

Хоёрдугаар ботид юу гарах вэ гэж үү? Нийтдээ 70 гаруй жил зохиогдон үеийн үед ганц л ялагчтай байдаг тулааны дүрмийг зөрчүүлэн Пийтагийн хамт ялсан Катнисийг тэднээс урьд өмнөх “Өлсгөлөн тулаан”-ы ялагчидтай дахин нэг тулаанд оролцуулахаар Капитолын удирдлагууд дуудна. Учир нь Катнис, Пийта хоёрын оролцсон өмнөх өрсөлдөөн панемын иргэдийн дундах Капитолчуудыг үзэн ядах, харгис, хэрцгий, шунаг сэтгэлийг тасчин хаях хүсэлд оч хаясан байв. Тиймээс бүсүүдийг дахин чангатгаж, өчүүхэн боол гэдгийг нь мэдрүүлэхийн тулд ингэж шийдвэрлэнэ. Харин тэмцээний турш Пийтаг халамжилж, бүр үнсэлцсэн Катнистай Гейл урьдын дотно сэтгэлээр уулзахыг хүсэхгүй.

Улмаар тэмцээнээс төрсөн хос хоёр 80 настай эмгэн, архинд толгойгоо мэдүүлсэн 50-тай хөгшин эр, хар тамхичид гээд өмнөх тэмцээнүүдийн ялагчидтай үзэлцэх хэрэг гарна. Гэхдээ тэдний олонх нь энэ удаад өөрөө амь гарахын тулд бие биеэ хөнөөж, үзэгчдэд таашаал өгөхөөс илүүтэй багаар ажиллаж, панемчуудын зөвхөн сэтгэлд нь асаж буй галыг дүрэлзүүлэх тактик барихыг оролдоно. Үүнд Пийтагийн Катнист өгсөн хайр мөн л чухал үүрэг гүйцэтгэнэ. Дээрх оролдлого биелэлээ олохтой зэрэгцэн бүс нутгуудыг Капитолчууд бөмбөгдөн, зуу зуун гэмгүй иргэн амиа алдаж буй энэхүү тоглоомыг хөгшин архичин Хэймич бусадтай хамтран анхнаас нь найруулан тавьсныг Катнис мэдэх мөчид өөрийгөө золиод амьд үлдээхийг үнэн сэтгэлээсээ хүссэн Пийтаг нь Капитолын удирдлагууд нэгэнт хулгайлсан байв.

Харин сүүлчийн бүлэгт панемчууд мокенжейн тусламжтайгаар хувьсгал хийж, хувьсгалын гол удирдагчийг Катнис харван унагааж, уншигчдын хайрыг үргэлж татдаг жаахан охин дүү Прим нь нас барж, өөрийг нь халамжилдаг байсан Пийта түүнийг алахаар дайрах гээд сэтгэл хөдөлгөм, хааяа бүр үзэн ядам үйл явдлууд ээлж дараалан солигдоно… Уг роман нь уншигчийн оюун бодлыг соронзон мэт татах адал явдалт бүтээл гэдгийг дэлхийн олон зуун уншигч баталж буй. Эцэст нь, таныг зоригжуулах, итгэл найдвар төрүүлэх, секундээр хэмжигдэх адал явдал дутагдаж байвал “Өлсгөлөн тулаан” гурамсан романыг уншихыг зөвлөж байна. Мэдээж Катнис Пийта хоёрын хайр дурлал хэрхсэн бол гэж та бодож байна уу. Энэ асуултын хариуг танд үлдээе.

Э.ХҮРЭЛБААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *