Нийслэлийн угсармал орон сууцнуудад дулаан, техникийн шинэчлэл хийснээр III, IV хорооллыг дулааны эрчим хүчээр хангахуйц эх үүсвэр бүхий нөөц бий болох боломжтой юм байна. Одоогоор нийслэлийн хэмжээнд 1965-2000 онд баригдсан 1077 угсармал орон сууц байдаг аж. Эдгээр орон сууцанд 45.4 мянган өрх амьдарч байна. Хуучны гэх тодотголтой тус барилга нь дулаан алдагдал өндөртэй тул гадна талыг нь дулаалах замаар дулааны алдагдлыг арилгах боломжтой гэж хөтөлбөрт тусгажээ. Ингэснээр эрчим хүчний хэмнэлт 30 хувьд хүрэхээс гадна халаалтын системийг шинэчилж тоолууржуулснаар хэмнэлт 50 хувьд хүрэх боломжтой гэж тооцоолсон байна. Хөтөлбөрийн санхүүжилтийн хувьд үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай гэж “Хас” банкны зүгээс үзэж байгаа аж. Мөн санхүүжилтийг шийдвэрлэх боломжит хувилбаруудыг гаргасан байна. Тиймээс угсармал орон сууцанд дулаан, техникийн шинэчлэл хийх дэд хөтөлбөрийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ.