“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад хууль зөрчин багагүй мөнгө завшсан хэрэгт сэжигтнээр шалгагдаж байгаа Л.Гансүхээс Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс тайлбар мэдүүлэг авч байна. Гэхдээ энэ удаад түүнийг сэжиглэж байгаа хэрэгтэй холбоотой бус түүнд өлсгөлөн зарлаж, батлан даалтад гаргахыг хэн нэгэн даалгасан эсэхийг тодруулж байгаа аж. Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж “Миний гар бичмэлтэй холбоотойгоор АТГ-аас намайг шалгуулах гомдлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өгсөн юм билээ. Би өчигдөр очиж мэдүүлэг өгсөн. АТГ-ынхан цаасан дээр бичсэн миний бичгийг тэгтлээ сонирхож шалгуулах гомдол илгээж байгаа нь тун өрөөсгөл ойлголт юм. Би ч АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр, тус газрын Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат нарыг шалгуулах хүсэлтээ Иргэний хэргийн шүүхэд гаргасан. Тэднийг өмгөөлөгчийн нэр хүндэд халдсан, захидал харилцааны нууц задруулсан гэж үзэж байгаа юм” гэлээ.
АТГ-ын мэдээлсэн Ц.Баасандоржийн гэх гар бичмэлд “Е.Сайд өлсгөлөн зарла. Тэгээд батлан даалтад гаргаж эмнэлэгт хэвтүүлэхээр ярилцсан” гэж дурдсан байгаа юм.