Categories
мэдээ цаг-үе

Б.Сугаржаргал: Жүдогоор жил барилдаагүй. Гэхдээ холбооноос хассан гэж надад л лав юм хэлээгүй

Монгол Улсын начин Б.Сугаржаргалыг жүдо бөхийн шигшээ багаас хассан гэх мэдээлэл гарах болсон. Учир нь тэрээр улсын баяр наадмаар гурвын даваанд аймгийн арслан Г.Баасандоржтой барилдаж уначихаад хөлийн цэцээр ажиллаж байсан улсын харцага Д.Сэрээтэрийг буруушааж хэл амаар доромжилсон явдал гарсан. Тухайн үед хөлийн цэцээр ажилласан Д.Сэрээтэр ч энэ тухай Монголын үндэсний бөхийн холбоонд гомдол гаргаж байсан удаатай. Тэгвэл түүнийг ёс зүйгүй загнасан хэмээн Монголын жүдо бөхийн холбоо үзэж шигшээ багаасаа хассан гэх. Б.Сугаржаргалын хувьд жүдогийн +100 кг-ын жинд барилддаг тамирчин билээ. Ямартай ч ёс жудаггүй аашилсан түүний үйлдэлд зохих шийтгэл гэж үзэх нэгэн ч байна. Харин Монголын үндэсний бөхийн холбооноос хоёр бөх хоорондоо гомдолгүй гээд учраа олсон гээд орхисон бололтой. Энэ талаар улсын харцага Д.Сэрээтэрээс тодруулахад “Наадмаар Б.Сугаржаргал начин үнэхээр муухай аашилсан. Намайг шанаадаж олны дунд эвгүй байдалд оруулсан. Ах нь гэлүү нэг залуу “Чамайг ална. Чиний амь миний гарт байгаа шүү” гэж хүртэл сүрдүүлж байсан. Гэхдээ би залуу хүн омголон зангаа барьж чадаагүй юм байлгүй гээд гомдолгүй болохоо мэдэгдсэн. Бид хоёрыг тухайн үед цагдаагийн газраас дуудаж нүүрэлдүүлсэн. Сүүлд Сугаржаргал нэг найран дээр таараад надаас “Дүүгээ муухай зан гаргасан бол уучлаарай” гээд уучлал гуйсан. Би тэгэхэд нь залуу хүн буруугаа ухаарч, уучлал гуйж сурах нь зүйтэй хэрэг гэж түүнд хэлсэн. Ядахдаа миний цолыг хүндэлдэггүй юм аа гэхэд насыг минь энэ залуу бөхчүүд хүндлэх хэрэгтэй шүү дээ” гэсэн тайлбар өглөө. Ингээд жүдогийн шигшээ багаас хөөгдсөн гэх улсын начин Б.Сугаржаргалтай ярилцсанаа хүргэе.

-Таныг жүдогийн шигшээ багаас хөөгдсөн гэх яриа байна?

-Би энэ тухай сонсоогүй юм байна.

-Ер нь сүүлийн үед татамид зодоглож харагдсангүй. Тэгэхээр үнэн юм биш үү?

-Одоохондоо надад холбооноос тэгсэн, ингэсэн гэсэн юм хэлээгүй л байна. Би “Женко” дэвжээндээ байгаа ш дээ. Томоохон тэмцээн уралдаанд л оролцохгүй байгаа болохоос биш. Миний хувьд сүүлийн нэг жил жүдогоор барилдсангүй. Тиймээс иймэрхүү хэл ам гарах болсон юм байлгүй.

-Яагаад жил гаруй хугацаанд барилдаагүй юм бэ. Бэлтгэлээ хийж байгаа юм уу?

-Жүдогийнхонтойгоо байнга бэлтгэл хийж байна. Шигшээ баг жил болгон шинээр байгуулагдаж багаа бүрдүүлдэг. Би 2012 онд шинээр байгуулагдсанаас нь хойш шигшээ багт ороогүй. Яагаад гэхээр жүдо бөхийн УАШТ-д 2011, 2012 онд амжилттай барилдаагүй. Шигшээ багт тухайн жилийн аварга орж, тэмцээн уралдаанд улсаа төлөөлөн оролцдог шүү дээ. Гэхдээ шигшээ багийн тамирчин гэсэн батламж байгаа. Энэ хугацаанд ганц, нэг барилдаанд бол оролцсон юм байна. Олон биш. Тэгээд л хүмүүс тэгж ярьж байгаа байх.

-Өнгөрсөн наадмаар таныг хөлийн цэц Д.Сэрээтэрийг цохиж, доромжилсон гэсэн учраас шигшээгээс хассан гэх юм?

-Энэ болоод өнгөрсөн асуудал. Тухайн үед Сэрээтэр гуай бид хоёр учраа ололцсон шүү дээ.

-Та уучлал гуйсан юм уу?

-Гуйсан. Сэрээтэр гуай ч хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа надад гомдолгүй гэдгээ хэлсэн байгаа ш дээ.

-Тухайн үед түүнийг цохисон юм уу. Яагаад хөлийн цэц рүүгээ уурлах болов оо?

-Цохисон юм байхгүй. Үл ойлголцож маргалдсан нь үнэн. Хүмүүс мэдэж байгаа байлгүй дээ. Аймгийн арслан Баасандорж бид хоёр барилдах үеэр барьц сонгох болж эхлээд би барьц сонгосон боловч алдсан. Ингээд өрсөлдөгч бөх барьц сонгох болсон. Барьц сонгоход тухайн бөх надтай цээжээ зөрүүлээд барьцаа аваад барилдах ёстой шүү дээ. Ингэсний дараа би барьцаа авах ёстой. Гэтэл Баасандорж миний суган доогуур орчихоод барьц авч ч болохгүй байхад хөлийн цэц буруу хараад алхчихсан. Тэгэхээр барьцаа зөв аваагүй хэрнээ намайг барилдаагүй байхад гэнэт хаячихаар надад гомдолтой биз дээ.

-Ер нь сүүлийн үеийн залуу бөхчүүд барилдахаасаа таахалзах нь их боллоо гэж шүүмжлэх хүмүүс ч байна…

-Бөхчүүд бүтэн жил наадмын барилдааны төлөө бэлтгэл хийдэг. Тийм хариуцлагатай барилдаанд хөлийн цэц хариуцлагагүй хандаж болохгүй шүү дээ. Бөхчүүд ч гэсэн нэгнийгээ луйвардах шахан байж давж болохгүй. Ийм явдлаас л болж бөхчүүд хэл аманд орж, бидний буруу болж үлддэг. Тухайн үед ямар ч бөх байсан ийм нөхцөл байдалд бухимдах байсан гэж би бодож байна. Уураа бариагүй нь миний буруу л да а. Гэхдээ би зүгээр зогсч байсан хөлийн цэцтэй очоод муудалцаад байсан юм биш. Хөлийн цэцээс өөр тэнд маргалдах хүн байхгүй л дээ. Үнэн мөнийг тогтоох хүн. Гэтэл Сэрээтэр гуай тухайн үед шударга биш байдлыг хэлэхэд “Чи унасан, чамтай юу ч ярихгүй. Монгол бөх чамаар дутахгүй” гэсэн утгатай юм хэлсэн. Тэгээд л би цэнгэлдэхээс гараад явсан. Яг барилдааныг харсан хүмүүс бол хэнийх нь зөв, хэнийх нь буруу болохыг мэдэж байгаа.

-Та чинь аймгийн заанаас шууд улсын цолонд хүрсэн бөх. Начин болохдоо сэргээш хэрэглэсэн гэж бас нэлээдгүй баалуулсан. Цаашдаа үндэсний бөхөөр барилдах уу?

-Нэгэнт өнгөрсөн явдлыг энд сөхмөөргүй байна. Үндэсний бөхөөр ч тэр, жүдогоор ч тэр барилдана. Он дөнгөж гаргаад жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

-Таны жинд саяхан залуучуудын дэлхийн аварга болсон Ө.Дүүрэнбаяраас эхлээд олон хүчтэй жүдочид гарч ирж байна шүү?

-Тийм ээ. Ө.Дүүрэнбаяраас гадна Тэмүүлэн гээд сайн бөх байна. Өрсөлдөгч бол их бий. Тиймээс бэлтгэл, сургуулилтаа сайн хангах нь чухал.

-Өөрийг тань хүмүүс үндэсний бөхөөс илүүтэйгээр жүдогийн тамирчин гэдгээр илүү мэдэх байх. Ер нь их спортод анх хөл тавьсан үеэсээ дурсахгүй юу?

-Би анх 2005 онд Улаанбаатар хотод орж ирсэн. Ахтайгаа хамт. Тэр цагаас эхэлж жүдогоор хичээллэсэн дээ. Жүдогоор анхны “Чингис хаан” цомын тэмцээнээс эхлээд олон тэмцээн уралдаанд оролцож чамлахааргүй амжилт гаргасан. Харин үндэсний бөхөөр 2008 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм. Тэрэндээ урамшаад л 2009 оноос үндэсний бөхөөр хичээллэсэн.

-Аавыг тань сайн бөх байсан гэж нутгийнхан нь ярьдаг юм билээ. Ах дүү хоёрт ааваас өвлөж үлдсэн сайхан дурсамжууд олон биз?

-Тэгэлгүй яахав. Миний аав Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат аймгийн арслан Болдпүрэв гэж сайхан хүн байсан. Ах бид хоёрыг битүүхэндээ удам залгасан бөх болоосой гэж боддог байсан байх. Бага байхад хүч тамир сууна гээд түлээ хагалахаас эхлээд гэрийн хар бор ажил их хийлгэдэг байсан санагддаг. Намайг ухаан орох үед аав 40 гаруй настай дэвжээнд зодоглохоо больсон болохоор тэр болгон барилдааныг нь мэддэггүй. Хааяа аавын үеийн бөхчүүдээс барилдааных нь талаар сонсдог. Аавын дархан мэх нь даацтай сайн хавирах гэж нутгийн бөхчүүд ярьдаг. 1988 онд манай аавтай Өвөрхангай аймгийн баяр наадмаар үзүүр түрүүнд үлдэж аавыг давж аймгийн арслан болсон Мөнхнасан ахтай нэг барилдаан үзэж байсан чинь “Танай аав яг энэ барьцнаас даацтай хавирдаг бөхдөө. Хавираанд нь орвол гарч чадахгүй бүтэн эргэж унадаг” гэж хэлж билээ.

-Ээжийн тань удамд бас бөх байдаг гэж сонссон?

-Яг бөх хүн бол байхгүй. Манай ээжийг Нарангэрэл гэдэг. Ээжийн аав Гимнайсүрэн гээд том биетэй хүн бий. Залуудаа тээврийн жолооч байсан гэсэн. Ер нь ээжийн талынхан биерхүү. Харин аавын талд Даншигийн заан хүн байсан гэдэг. Нэрийг нь сайн санахгүй байна. Аав маань байсан бол тэр хүний тухай сайн юм ярих байх. Өлзийт, Хужирт сумын хавиар байсан хүрээний лам бөх байсан гэж ярьдаг.

-Ах чинь бас бөх байх аа?

-Тийм ээ. Аймгийн харцага Б.Өнөржаргал. Аймгийн 80 жилийн ойн наадмаар ах харцага, би заан цол хүртэж байсан. Ах маань надаас нэг ах. Бид хоёрын барилдаан төстэй ч өөрсдийн гэсэн онцлогтой. Ах баруун талдаа хашиж мордох мэхэндээ сайн. Би тэр мэхийг нь хийж чаддаггүй. Намайг дөрөв, ахыг тавдугаар ангид байхад манай аав бид хоёрыг дагуулаад Энхболд гэдэг ах дээр очиж адилхан зодог шуудаг урлуулж өгсөн. Ааваас минь үлдсэн хамгийн үнэтэй цэнэтэй бэлэг дээ. Аав найзууддаа “Миний хөвгүүд улсын цол хүртэж, аварга болно” гэж ярьж бахархдаг байсан. Тиймээс ах бид хоёр аавынхаа хүслийг биелүүлж, түмэн олондоо хүндлэгдсэн сайхан бөх болохын төлөө хичээх болно. Тэр жил улсын начин болчихоод есөн хөлт цагаан тугаа тойроод алхаж байхад битүүхэн гуниг төрж аавыгаа үгүйлсэн.

-Олимпийн аварга Н.Түвшинбаярыг танай хүргэн гэдэг. Та эхээс хэдүүлээ юм бэ?

-Би нэг ах, нэг эмэгтэй дүүтэй. Энэ талаар би тэр бүр ярьж байгаагүй юм байна. Түвшинбаяр аваргын эхнэр манай аавын өмнөх эхнэрийн охин. Бид нэг эцгийн хүүхдүүд. Эцэг маань бага байхад нэг нэгэндээ хань болж яваг гээд их ойр дотно өсгөсөн. Бараг л нэг гэрт өссөн. Сайхан эгч дүүс. Анх “Аварга” дээд сургуулийн дотуур байранд ахтай хамт амьдардаг байсан юм. Тэгэхэд манай байранд Түвшинбаяр ах, улсын начин Энхбат гээд ах нар байлаа. Хамт бэлтгэл хийнэ. Тухайн үед манай эгч бид хоёрыг байнга эргэж тойрдог байсан юм. Тэр үед л аваргатай танилцсан байхгүй юу.

-Хүргэн ах бэлтгэлд чинь их санаа тавина биз?

-Бэлтгэл байнга шахаастай шүү дээ. Их анхаарч бэлтгэлийг маань шахна гэдэг илүү санаа тавьж байна гэсэн үг биз дээ (инээв).

Д.ДАВААСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *