Олон улс, дэлхийн хэмжээнд судалгаа явуулж, сонирхолтой дүгнэлт гаргадаг хүмүүс байх юм. Саяхны нэгэн жишээг дурдахад дэлхий дээрх амьд организмуудын хөгжлийг авч үзжээ. Дэлхийн сээр нуруутан хийгээд хөхтөн, өвсөн тэжээлтэн болоод махан идэштэн амьтад байгалийнхаа хуулиар шинэ үеэ төрүүлж хувьсч байдаг гэсэн судалгаа гарч. Товчхондоо эдгээр амьтад дэлхийн уур амьсгалын өөрчлөлт явагдах бүрт дасан зохицсон шинэ үеэ байнга төрүүлдэг гэжээ.
Мөн нян бактериудыг устгахын тулд хүн төрөлхтөн жил, хагас жилд нэг нээлт хийдэг бол нян бактер нь 20 минут тутамд шинэ үеэ төрүүлэн гаргадаг байна. Энэ нь хүний биеийг идэгч, эд эрхтэнг устгагч бактертай тэмцэхээр бид хагас жилийн турш ажиллаж нэг эм гарган авлаа гэхэд 20 минутын дараа үр дүнгүй болж тэр эмэнд дасалтай бактерийн шинэ үе төрдөг гэсэн үг юм.
Харин улс орны буюу угсаатны шинэ үе, хөгжлийг судлахад харьцангуй өөр өөр хугацаа гарсан байна. Сонгуулиас сонгуулийн хооронд хөгжин өөрчлөгдөж байдаг улс орон энэ цагт бий болсон бол мянган жилийн турш өөрчлөгдөөгүй угсаатан ч байгаа гэнэ. Бас нэг зуун, нэг жаран гээд өөр өөр хугацаанд шинэчлэгдэн өөрчлөгддөг тухай ч сонстож байна. Манай улсын хувьд “хувьсан өөрчлөгдөх, шинэ үе төрж хөгжлийн дараагийн шатанд гарах үйл явц хэт удаан өрнөдөг” орнуудын жагсаалтад орсон бололтой. Гвинейн хүний махан идэштэн, төв Азийн малын махан идэштэн гээд урагшилж өөдөлдөггүй орнууд нэг мянганд шинэ үеэ төрүүлдэг гэж тодотгосон бололтой.
Л.МӨНХТӨР